Б.Баярсайхан: ХҮҮХЭД ХАМГААЛНА гэж талбайд гарч үг хэлэхээс илүү ХҮЧИРХИЙЛЛИЙН ҮНДЭС  СУУРИЙГ ТАСЛАХ нь чухал!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-05-06

УЛСТӨРЧ.МН сайтын ярилцлагын зочноороо УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг онцоллоо. Эрхэм гишүүний хувьд тойрогтоо ажиллах үедээ “Хүчирхийлэлгүй Завхан” аяныг өрнүүлсэн. Энэ нь орон нутагт анх удаагаа хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох агуулгатай бүх нийтийн нөлөөллийн аян юм. Түүнчлэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд хамгааллын үндэсний форум”-ыг зохион байгуулахаар болоод байгаа юм. Монгол улсад хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд төрөөс ямар бодлого баримтлах болон өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа тантай хуваалцаж байна.  

УИХ-ын гишүүний хувиар сонгогдсон тойрог Завхан аймагтаа ажиллаад иржээ. Хаваржаа дэлгэр сайхан, хүн зоны сэтгэл санаа тайван, сайхан зун болох нь ээ?

Завхан аймагт минь сайхан хавар болж байна.Ерөнхийдөө малчид маань Засгийн газрын 117 дугаар тогтоолын үр дүнд маань нилээн сэтгэл хангалуун ноолуурын үнэ энэ тогтоол гарсны үр дүнгээр бид нар бэлтгэн нийлүүлэгч нарт 3 хувийн хүүтэй зээлийг Засгийн газар олгож бараг энэ зээлийн 80 хувийг Засгийн газар өөрсдөө төлж байгаагийн энэ үр дүнд өнөөдөр яг малчнаас авах 1кг ноолуурын үнэ Завхан аймагт маань 160-163 мянган төгрөгт хүрч байна. Энэ бол 20 онд дөнгөж 50 мянган төгрөг байсан Засгийн газар тухайн үед бодлогоор 20 мянган төгрөг гаргаж 70 мянган төгрөгөнд 1кг ноолуурын үнийг тогтоож байсан. Тэгэхлээр 160 мянган төгрөг гарцан байгаад малчид нилээн сэтгэл хангалуун яг ид ямаа самнаж байгаа мал төллөж байгаа ийм үе байна. Өнөтэй өвөл болсон одоо бол нилээн сайхан цас орсон чийгтэй, чийг өгсөн тийм сайхан хавар болж байна гэж харлаа.

Аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажлаа мэдээж тайлагнасан байх. Шинээр сэдэж санаачилж, эхлүүлэх зүйл юу байна вэ?

Хөдөө орон нутагт бага насны хүүхэд хүчирхийлж, жирэмслүүлсэн тохиолдол их байна. Энэ эмзэг үзэгдлийг бид уг үндсээр нь таслан зогсоох ёстой. Бид нар яавч өнөөдөр цэцэг цэврүү шиг, хүсэл мөрөөдөлтэй энэ үнэт эрдэнэ болсон энэ хөөрхөн үр хүүхдүүдээ тэр гаж донтны гар хөлийн шүүс болгож болохгүй!  Тийм учраас “Хүчирхийлэлгүй Завхан” зорилт тавьж, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох бүх нийтийн нөлөөллийн аяныг эхлүүллээ. Завхан аймаг маань өнөөдөр зам нь хамгийн сүүлд орсон, 21 аймаг дотроо хөгжлөөрөө өнөөдөр сүүл мушгиж болно.   Аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлөөс нь шууд дүгнэж болдог.  Завханчууд тэгвэл хүүхэд хамгааллаараа яагаад бусдаасаа онцгойр ч болохгүй гэж. Бидний хамгийн том хөгжил бол 10 давхар байшин барихаас илүү малчин аав, ээжийн хандлагыг, тэр хамтарсан багийг дэмжих дэмжлэгийг сургуулийн багш нарын хандлагыг хүүхдүүдийн хандлагыг өөрчилж, үр хүүхдээ хамгаалдаг, анхаардаг сэтгэл зүйг нийгэмд бий болгох явдал.  Завхан аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдаад шийдвэрээ гаргамагц, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн ахлах ангийн сурагчид шууд над руу утасдсан за гишүүнээ сая бид нар уриалгыг сонслоо манай аймаг хүчирхийлэлгүй аймаг болохоор зорьж байна тэгвэл хүүхдүүд бид нар нэгдмээр байна, та бид нартай ирж уулзна уу” гэсэн хүсэлт ирүүлсэн. Очоод уулзсан чинь ямар гоё гал цогтой, ямар гоё асуудлаа мэддэг шийдэл гарцаа мэддэг тэр халуун хүсэл тэмүүлэлтэй за хатуухан хэлэх юм бол зарим одоо ажил хийдэггүй зүрх сэтгэлгүй дарга нараас илүү тийм одоо санаачлагатай ийм хүүхдүүд байсан. Энэ хүүхдүүдтэй уулзмагц манай хүүхдүүд яаж байна гэхээр бид нар сум болгонд энэ аймгийн хүүхдийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөө сум болгонд 10 10-н хүүхдийг элсүүлж аваад бид нар дүү нараа хамгаалсан найзуудаа хамгаалсан хүүхдүүдээ хамгаалсан дуу хоолой болъё гэсэн уриалгыг гаргасан. 5 жилийн өмнө "үндэсний өгөх өдөр" хөдөлгөөнийхөн маань "Нүдээ нээ" гэдэг акцыг нийгэмд хүчтэй өрнүүлсэн. Тухайн үед хүчирхийлүүлсэн хүүхдийг шүүх эмнэлэгт очиход 30000 төгрөгийн татвар авдаг байсныг болиулж байсан. “Нүдээ нээ” акц маань маш хүчтэй өрнөсөн. Одоо бид хүүхдийн төлөө чин зүрхнээсээ ажилладаг ТББ, хүүхдэд хайртай эцэг эхчүүдийн дуу хоолой, хэвлэл мэдээллийнхний маань дуу хоолой хүчирхийлэлгүй улс үндэстэн болгох зорилтыг хэрэгжүүлье гэж уриалж байна.

Нийгмийн хамгийн эмзэг цэг нь хүүхэд болчихлоо. Хүүхдээ хамгаалах Монголын төрийн бодлого сул, дутмагаас гадна эмэгтэй гишүүд дуугүй болчихдог гэсэн шүүмжлэл их гардаг. Та ер нь УИХ-ын гишүүн болсноосоо хойш хүүхэд хамгаалах чиглэлд ямар санаачилга гаргав?

Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялаг бол хүн. Хүн байхгүй бол тэр мал аж ахуй ч байхгүй, хүн байхгүй бол уул уурхай байхгүй, хүн байхгүй бол бид нар эдийн засгийн хөгжил гэж байхгүй. Бид сүүлийн 30 жил яг энэ хүнээрээ хүн хийх ухаан уламжлалт зан заншил, ёс заншил, өв соёл энэ болгонийгоо бид нар үнэгүйдүүлж алдсан. Өвөг дээдэс маань бид нарыг маш сайхан бэлдэж хүн болгож бэлтгэсэн.  Хүн болгоно гэдэг нь зөвхөн хувцастай, гэдсэндээ хоолтой байхыг хэлдэггүй. Яг тэр ёс жудагтай, сайн зан чанартай зөв иргэн болоход өвөг дээдэс минь анхаарч байсан. Нэг сэтгэл эмзэглүүлэм тоо хэлье. Улсын хэмжээнд нийтдээ ковидоос хойш жилдээ 35 мянган хүүхэд аав ээж, асран хамгаалагчийнхаа дэргэд гэмтэж бэртэж хүчир хийлүүлж нас барж байна. 35 мянган хүүхэд гэдэг бол мэдэгдсэн тоо! Үүний ард нуугаад дараад өнгөрсөн тохиолдол хэд байгааг мэдэхгүй. Ялангуяа хөдөө орон нутагт айл саахалтын хүмүүсээсээ айж ичих, удам судрынхаа нэр хүндийг бодох юм уу ээж ааваасаа айх тийм үү нуун дарагдсан хэдэн хэрэг байгааг бид нар мэдэхгүй. Тйим ураас үнэ цэнэ, гол баялаг, ирээдүйгээ авч явах улс үндэстнийг авч явах хүүхдүүдээ хамгийн түрүүн анхаарахгүй бол бүхэл бүтэн эмтэрсэн шархалсан өөртөө итгэлгүй, бусдыг боддоггүй, хүнлэг бус хүчирхийллийн золиос болсон хүмүүс бэлтгэгдэх гээд байна. Үүнийг л нийгэмд ойлгуулах гээд яваад байна. Өнөөдрийн 30-40 настай ээж аав нар монголын яг одоо ганзагын наймаанд эцэг эхээсээ гэртээ үлдэж байсан гадагшаа дотогшоо Солонгос Америк гээд амьдралын эрхэнд амь залгуулах гээд явсан монголчуудын маань яг тэр өсвөр насандаа, бага насандаа хайрлагдаж чадаагүй өөр айлд байсан эмээ өвөө дээрээ байсан гэдэг юм уу энэ эцэг эхийнхээ хайрыг бага авсан хүүхдүүд шүү дээ. Дунд нь 92-95 оныг боловсролын салбарын их завсардалтын үе гэж ярьдаг. 35 мянган хүүхдүүд энэ одоо цагийн аав ээж нарын хариуцлагагүйн золиос болоод хүчирхийлэлд өртөөд явж байна. Энэ дээр бол төр, эцэг эх, том хүн болсон та бид бүгдээрээ анхаарах ёстой хамгийн эмзэг, хамгийн чухал зүйл. УИХ-ын гишүүн болчихоод нэг хүүхэд хүчирхийлсний дараагаар талбай дээр гарч үг хэлэхээс илүүтээгээр яг тэр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулахын төлөө санаачилга гаргаж, зорьж ажиллаж байгаа.  Хүүхэд хамгаалалд зориулсан 8-10 тэрбум төгрөг нь яг тэр хүүхдэдээ очиж байгаа юу, үгүй юу гэдэг дээр хоёр жил дуугарлаа.

Хөдөлмөрийн тухай хуульд 43.3 дахь зүйл заалт гээд маш чухал зүйл заалтыг оруулж чадсан. Хүүхэд хамгааллын бодлогыг энэ ажил олгогч нараар дамжуулан жилдээ хоёроос доошгүй удаа соён гэгээрүүлэх сургалтын ажлыг хийлгэе гэж байгаа. Таны байгууллагын ажилтан сайн ажилтан байхаас илүүтэйгээр бас сайн аав байх ёстой хэрэв тэр хүүхдээ хүчирхийлдэг аав байвал танай байгууллагын ажилтан байж чадахгүй. Сайн аав байхаас гадна сайн ажилтан байх ёстой  гэдэг энэ шаардлагын бодлогыг хэрэгжүүлэхээр хууль гарчихсан. Ажил олгогч нь ажилтнуудаа цаг наргүй ажиллуулдаггүй, ажлын бус цагаар хайртай үр хүүхдүүддээ, хань ижилтэй нь байлгах энэ цагийг гаргаж өгдөг, дээрээс нь энэ сургалтыг явуулдаг бол тухайн ажилтан тухайн байгууллагадаа тогтвортой ажиллах үндэс суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүүхдийн төлөө үндэсний форумыг зохион байгуулахаар болж байна. Ер нь нэг халуун асуудлыг ярилцаад, шийдэл гаргах нь зөв байх шүү?

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүүхэд хамгааллын форум”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний форумыг хийж, цаашдын ажлаа төлөвлөе! хүчирхийлэл маш өндөр түвшинд байна үүнийг бид нар заавал тийм өндөр төсөвтэй зардалтай хийх ямар ч шаардлага байхгүй бид нар үүнийг илүү нийгэмд аюулын дохио, харангын дохио хүн болгоны зүрх сэтгэлд шийдвэр гаргасан ийм үр дүнтэй форум байгаасай гэж бодож байгаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд бүх салбарууд үүнд нэгдэнэ. Уул уурхайн салбар яагаад хүүхдийн төлөө юу хэлэх вэ, Зам тээврийн салбарт хүүхэд хамгааллын бодлого явж байх ёстой. Хүнээ хамгаалж, хөгжүүлэх, хүнээ хайрлах хамгаалах төрийн хар хайрцагны чинь бодлого явах ёстой гэж үзэж байгаа юм. Хувь гишүүнийхээ хувьд  шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ. Бид нар төсөв тавиад байдаг, төсөв нь ийш тийшээ хуваарилагдаад байдаг үр дүн нь яг юу юм бэ гэдэг асуултын тэмдэгтэй хэвээрээ л байна.  Мөнгө зарцуулж байгаа бол 50% ч юм уу 5% ч юм уу үр дүн гаргах ёстой биз дээ Ядаж зарцуулагдсан төсвөөсөө илүү сэтгэлээ зарцуулж чаддаггүй юмаа гэхэд зарцуулж буй төсөвтэйгөө дүйцэхүйц үр дүнгээ тайлагнаач гэдэг зүйлийг л хэлээд байгаа юм Миний илтгэл дотор байгаа манай хүүхэд хамгааллын энэ жилийн төсөв 10 тэрбум.  8 тэрбум нь яг хүүхэд хөгжил хамгаалалд 2 тэр бум нь залуучууд, гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаанд нийтдээ 10 тэр бум төгрөг байгаа. Олон улсын байгууллагуудын монгол хүүхдэд зарцуулж байгаа мөнгийг аваад үзэхэд жилдээ бараг 25 тэр бум төгрөг монгол хүүхдэд зарцуулагдаг ч үр дүн байдаггүй. Харамсалтай нь би Монголын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаанд маш сэтгэл дундуур байдаг.  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж байна. Энэ байгууллага нийслэлд яг юу хийдэг юм бэ? Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг энэ 2 дүүрэг дээр хүүхдийн хүчирхийлэл асар өндөр байгаа яг юу хийдэг юм бүү мэд! Тэр хамгаалах байр гэх зэрэг нь учир дутагдалтай.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноодог болъё гээд нийгмээрээ ярьж, Ерөнхийлөгч нь хүртэл хууль санаачилж байсан. Та үүнд ямар саналтай байдаг вэ?

Миний хувьд бол цаазын ялыг оновчтой, зөв шийдэл гэж боддоггүй. Эрүүгийн хуульд ерөөсөө хүчирхийлээгүй байхад зөвхөн завдсан тохиолдолд хүүхдийн биед гар хүрсэн хүчирхийлэл хийхээр завдсан тохиолдолд өнөөдөр 15-20 жилийн ял оноохоор заалт бий. Сая Ковидын үед цэцэрлэг сургууль дотуур байраа хаасны дараа энэ гэр бүлийн хүчирхийлэл урьдынхаасаа ч илүү нэмэгдсэн.Төрийн байгууллагуудын хараа хяналтад, хамгаалалтанд сургалт авч байгаа, сурч боловсорч  байгаа амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалж байгаа төрийн үйлчилгээ эцэг эхчүүдийн хүүхдүүдээ харж хандаж байгаа байдал бол газар тэнгэр шиг ялгаатай байж байна гэж дүгнэж болно. Америкт  эцэг эх нь хариуцлагагүй байсан бол хүүхдийг шууд төр хамгаалалтад авдаг. Манайд тийм биш.  Болд Цэцэгээ 2-оос нэг хүүхэд төрлөө энэ Болдын хүүхэд мөн Цэцэгээгийн хэвлийгээс төрсөн нь үнэн боловч хүүхэд эхийн хэвлийд олдмогцоо Монголын иргэн бөгөөд монгол улсын баялаг үнэт эрдэнэ монгол улсыг хэн ч биед нь халдашгүй иргэн гэдгийг эцэг эхчүүд ойлгох ёстой!  Манай зарим аав ээж нар “би хүүхдээ яах нь чамд ямар хамаатай юм бэ” гэсэн хандлагатай байдаг.  Мөн гэр бүлийн тухай хуульд байдаг боловч эцэг эх байх эрхийг нь хасах тийм тохиолдол бол яг амьдрал дээр бараг хэрэгждэггүй. Гэтэл 35 мянган хүүхэд чинь соронз залгиж, уусмал ууж, шатрын хүү залгих, хугацаа нь дууссан эм уух,  гар утсанд донтох, угаалгын машинд гацсан гэх зэргээр сэтгэл эмзэглүүлэм тохиолдлууд гарсаар байна. Төр ямар ч цаг үед хүүхдийн төлөөх бодлогоосоо хэзээ ч ухарч болохгүй. Дайн боллоо ч гэсэн Хүүхдээ, ирээдүйн үр хойчдоо чиглэсэн бодлогыг мартаж, гацааж болохгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.12.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.