Ч.Жаргалбаатар:Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ДАХИН ГАРГАНА. Хууль хүн бүрд ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-05-06

Монгол улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зүгээс УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналаа өгсөн ч халдашгүй байдлын дэд хорооноос “Прокурорын дүгнэлт дутуу” гэсэн агуулгаар шалгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн УИХ-ын хаалттай чуулганаар оруулсан ч “парламентын тогтолцоо уначихна, шалгулуж болохгүй” гэсэн шийдвэр гаргасан. Хөгжлийн банктай нэр холбогдсон дээрх гишүүдийг ШАЛГАХ ёстой гэсэн чиглэлийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Гэвч олонхийн бүлэг авч үлдээд байгаа.

Дээрх асуудлаар Авлигтай тэмцэх газраас хийсэн мэдэгдэлд “Хөгжлийн банкны нэр нөлөө бүхий албан тушаалтнууд ААН-дэд зээл олгохдоо албан тушаалаа ашиглан давуу байдал үүсгэсэн, ААН-үүд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, зээл авахдаа нэр бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн зэрэг нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон. Одоогоор 33 хэрэгт 42 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Эдгээр дотор ААН-ын албан тушаалтан 18, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 18, улстөрд нөлөө бүхий зургаан хүн байна.

Улстөрд нөлөө бүхий хүмүүсийг шалгахаар хуулиар тогтоосон халдашгүй бүрэн эрх нь саад болж, мөрдөн шалгах ажиллагаа удааширч байгаа. Тэдний гэр, унаанд үзлэг нэгжлэг хийж болохгүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах зайлшгүй шаардлага үүссэн. УИХ-ын зүгээс парламентын дархлаа уначихна гээд хамгаалаад үлдсэн нь буруу жишиг боллоо. Түүхэн цаг хугацааны хувьд УИХ- гишүүдээ шалгуулахгүй аваад үлддэг. Гишүүд өөрсдөө шалгуулъя гэж байхад авч үлддэг. Энэ нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө адил эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна. Үндсэн хууль гэдэг нийгмийн гэрээ. Зарим хүмүүсийг ял завших боломж олгоод байна.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол шалгаж байх явцад Монгол Улсын хилээр гараад явчихдаг. Энэ хүмүүс гадаад улсад очоод амьдардаг нь нийгэмд шударга бус байдлыг үүсгэдэг. Авлигатай тэмцье гэвэл улстөрчид, УИХ нь өөрөө манлайлал үзүүлэх ёстой. Ер нь бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шийдвэрлэх боломжтой зүйлийг УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр халхавчилсан. Дэлхий дээр манайхтай ижил хөгжиж буй улсууд парламент нь халдашгүй байдал гэдгийг хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудад улстөрчид нь алдаа гаргавал шууд огцордог соёл тогтчихсон. Манайд тийм соёл, хөгжил байхгүй. Хуулийг бичихдээ улстөрчдөд давуу байдал олгох заалт оруулдаг. УИХ- өөрөө шүүхийн байгуулага биш учраас хэргийг шүүхэд эцэслэн шийдвэрлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Прокурор, АТГ-ын шалгалт эцсийн биш. Нээлттэй шүүх хуралдаан явагдана. Тэр шүүх хурал дээр нотлох баримтаа гаргаж болно. Дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлж шалгах саналаа УИХ-д дахин гаргана. Шударга ёсонд харш мөрдөн шалгах ажиллагаа гэж байж болохгүй. Цаг алдах тусам асуудал улам бүрхэг болно” гэдгийг АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Ч.Жаргалбаатар онцоллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.163.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.