“МАКС”-ын  Д.Ганбаатар 1 км замыг НЭГ ТЭРБУМААР үнэлж 126,7 км замаас 131 ТЭРБУМЫГ авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-11

Олон жил улаан тоосонд “нүдүүлж” Улаанбаатарт ирдэг байсан Алтайчууд нийслэлтэйгээ 2020 онд засмал замаар холбогдсон. А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу барьж ашиглалтад оруулсан. Авто замын Ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК.

2008 оноос 2019 он хүртэл 10 жил яригдаж гацсан уг замыг Говь-Алтайн гаралтай “Мишээл” –н Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа“Үндэсний хөгжлийн газар”-ыг лоббидож концессын гэрээгээр эхлүүлж, 2020 оны 10 сард дуусгасан. Тэгвэл “Макс рөүд” ХХК нэг километр авто замыг НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР тооцож Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын хооронд нийт 131 орчим ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ гаргуулан авсан байна.

2008 оноос хойш таван ч удаа ШАВ ТАВЬЖ ажил эхлүүлээд байсан тус замын ажил дуусаж, баруун аймгийнхан Улаанбаатар хот руу саадгүй, эсэн мэнд зорчиж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 19 –ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Макс рөүд” ХХК-иар тус замын ажлыг хийлгэх шийдвэр гаргасан.  

Тэгвэл “МАКС РӨҮД” гэж ямар компани вэ...!!

“Макс Групп”-ийн  зам засвар, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарын компани юм. Эзэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар.  “Макс Рөүд” ХХК болон “Арж Капитал” компаниудаараа замын тендерт оролцдог. Одоо Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замын төсөлд мөн л хошуу дүрчихсэн, тендер будлиантуулаад явж байгаа. Тус компани “Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлын” нэг километр замыг НЭГ ТЭРБУМ гаран төгрөгөөр тооцож ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс 131 тэрбум төгрөг авчээ!!!

Дээрх өндөр үнэ бүхий концесийн гэрээ нь 2020 оны сонгуульд Говь-Алтай аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайд байхад хийгдсэн бөгөөд энэ эрхэм сайдын эрх мэдлээ ашиглаж, нутгийнхаа компанид давуу байдал олгосон юм биш байгаа гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.