Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын хэн нь АН-ыг АВРАХ бол!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-05-17

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан нам хоёр хуваагдсан байдалтай гурван жил орчим болов. Тамга тэмдэг нь С.Эрдэнийн талд, гишүүд дэмжигчид нь Х.Баттулгын талд хуваагдчихсан. Гэтэл 2024 оны улстөрийн ээлжит сонгууль хаяанд дөхчихсөн байгаа. Эрх баригч Монгол Ардын нам болон гуравдагч хүчин ХҮН-ынхан үзэл баримтлалаа шинэчилж бүгд БАРУУН ТӨВИЙН нам болж хүний эрхийг хамгаалах, хувийн өмчийг дээдлэх агуулгыг чухалчлах болов.

Хоёр талд хэрэлдсэн АН-ынхан даргаа сонгох нь сонгож бүртгүүлэхээр хууль шүүхийн байгууллагад хандав. О.Цогтгэрэл нарын удирдаж байсан Ардчилсан намын гишүүд эвлэлдэн нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг 113 мянган гишүүн сонгосон. 2022 оны 04 дүгээр сарын 08-нд “UВ PLACE”-д их хурлаа хийж батламжилж Улсын Дээд шүүхэд 9987 хуудас бүхий 55 боть материал хүлээлгэн өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэг хүлээж аваагүй. Гэтэл эсрэг талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон жилийн урьдаас бэлдэж, нууцаар удирдаж байсан багаа ил болгон хөзрөө дэлгэж АРДЧИЛСАН НАМЫН үйл ажиллагаанд хөндлөнгөөс идэвхийлэн оролцож эхлэв. Өнөөдөр “С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанд оролцож улмаар родацийн сонгуульд” өрсөлдөхөөр болсон.

Олон жилийн өмнөөс бие биедээ дургүй болж эхэлсэн хоёр Ерөнхийлөгч эцсийн мөчид Ардчилсан намыг эзэгнэх туйлын хүсэлдээ баригдаж, нэг уулын хоёр талаас хоёр өөр замаар өгсөж эхлэв. Ингэхдээ ойр тойронд байгаа хүмүүсийг сайн муу, сайхан муухайтай нь хамт хольж аваад дэргэдээ дагуулан намирах болов. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүний бараг 95 хувь нь одоогоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд зогсож дэмжиж буй. Гэвч хууль түүний эсрэг байгаа. Хэрэв намын парга болгочихвол өнөөгийн эрх баригч МАН-ынхан дөрвөн жил өөд нар үзэхгүй. Тийм учраас алсаа бодож өнөөдөр ЖЕНКО-г шууд бусаар эсэргүүцэж байгаа юм.

Нөгөө талд нь хүчээ авч буй Ц.Элбэгдоржийн ХАНЛИГУУД ч тодрох гэж дэвцгээж байна. Д.Сосорбарам, Э.Бат-Үүл, Д.Ганбат тэргүүтэй нөхдүүд Х.Баттулгын эсрэг тэмцэж байгаад нүүрлүүгээ гурил цацуулаад амжив. Бослого нь ч намжив. Дараа дахин тэрсэлбэл ТАШУУРДАНА гэдгийг Хасбазарын БЭЭЖИН тэргүүтэй танхайчууд онцлов. 2016 оны сонгуулиас өнөөг хүртэл МАН-ынханы шавхайг “хүртэж”, гол сэхээтнүүдээ шоронд хүртэж суулгасан Ардчилсан намд өнөөдөр БАДРАНГУЙ ЯЛАЛТ ХАМГААС ЧУХАЛ байгаа. Гэвч тэд ялж чадах  эсэх нь эргэлзээтэй. Энэ нам өөдийн нар үзэж, залуучууд нь зоригтой гарч ирэх боломжийг Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын ЗӨВШИЛЦӨЛ л шийднэ. АН-ын хууччуул Монгол улсад АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ГАВЬЯАТАЙ ч түүнийгээ өөрийн оймс мэт ӨМЧИЛСӨН гайтай!!.

Асуудлын гол нь энд байгаа юм. Ардчиллын галыг тэд асаасан уу, асаасан. Одоо харин хэмжээгүй эрхт, мөнхийн дарга байх гэсэн санаархал нь бөхөөж буйг бодох л ёстой. Тус намд чадалтай, чансаатай олон залуус бий. Гэвч ах нарын сүүдрээс нэг урагш гишгэж чадахгүй байсаар намынхаа нэртэй хамт өтлөж буй нь харамсалтай.

Хамгийн чухал нь АРДЧИЛСАН НАМ 2024 оны сонгуульд ЯЛАХ. Гэхдээ Х.Баттулга даргатай болох уу, Ц.Элбэгдорж даргатай байх уу гэдгээс л шалтгаална.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.120.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.