БАГА ДЭСЛЭГЧЭЭС ГЕНЕРАЛ ХҮРТЭЛ
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2022-05-25

Бага дэслэгчээс генерал хүртэл

Монгол Улсын Цагдаагийн байгууллагад цөөнгүй генерал байдаг ч салбарынхнаас нь өөрөөр тийм ч олон хүн таньдаггүй. Гэтэл Д.Сандаг-Очир генерал гэхээр андахгүй мэдэх. Уг нь түүнд нийгэмд танигдахаар бараан зүйл байхгүй. Яагаад гэхээр өнөөдрийн нийгэм хүнийг бараан намтраар нь илүүтэй олонд таниулдаг ийм муу зуршилтай болчихсон юм. Нэгэнтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд генерал цолыг чинь хураана шүү хэмээн сануулж байснаас өөр бараан намтаргүй энэ эрхэм яахаараа олны танил байдаг билээ гэхээр цаанаа учиртай. Яагаад гэхээр тэр жинхэнэ цагдаагийн албан хаагчийн үүргээ чин шударгаар олон жил гүйцэтгэж, ардынхаа дунд явсан эр хүн.

Хөдөөг зорьсон анхны томилолт

Тэрбээр 1967 онд анх арван хэдхэн настай байхдаа Монгол Төрийн цагдаагийн босгыг алхаж, Улаанбаатар хотын Сэргийлэн хамгаалах горнизоны нэгдүгээр салаанд сэргийлэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Ажлынхаа гарааг эхлүүлсэн салаа нь Элчин Сайдын Яам, Ус сувгийн газрын хамгаалалтанд гардаг байжээ. Эндээс л түүний олон танигдах зам мөр эхэлсэн гэж болно. Ингээд өдгөөгийн Баянзүрх дүүрэг, хуучнаар Найрамдлын районы Цагдан сэргийлэх тавдугаар ангид хорооны цагдаагаар ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Цагдан сэргийлэхэд Бага дэслэгч цолтойгоор эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар очсон нь анх удаа хөдөө орон нутагт ажиллахаар очсон эх орны даалгавар байв. Энэ үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Дэмбэрэл цагдаа түүнийг гэртээ аваачсанаар тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг нь амьдарч эхэлжээ. Гартаа барьсан ганц чемдониас өөр зүйлгүй залуугийн амьдрал ингэж эхлэхээс ч яахав. Улаанбаатар хотоос очсон сэргийлэгч залууд үүнээс илүү эрхм зүйл байгаагүй биз ээ. Үүнээс гадна тэрбээр Дорноговь, Завхан гээд хөдөө аймгуудад ажилласан. Завхан аймагт ажиллахаар очиход ээж нь нутагтаа ажиллахаар ирсэнд нь ихэд баярлаж байсан гэдэг. Уулын өндөр усны цэнгэг Завхан аймаг бол аргагүй хутагт хувилгаадыг өлгийдсөн ариун дагшин нутаг. Тэр ийм л нутагт төрж өссөн бас азтай хүн. Ингэж л хөдөө орон нутагт олны танил болсон хүн. Мэдээжийн хэрэг, зүгээр нэг ширээний ард үүрэг даалгавар өгч сууснаар олны танил болчихгүй. Түүний хувьд мэргэжлийн ур чадвар гаргаж олон ноцтой гэмт хэрэг дээр амжилттай ажилласан байдаг. Нөгөө талаар хамт олноо удирдан зохион байгуулах чадвар нь ч нөлөөлж таарна.

 

Танил болохоос аргагүй замаар...

Д.Сандаг-Очир генерал хөдөө аймгуудад олон удаагийн томилолтоор ажиллахдаа тухайн очсон аймгийнхаа Цагдаагийн байгууллагын ажлыг өндөрт өргөж, олон ноцтой хэргийг гардан илрүүлэхээс эхлээд үүргээ гарамгай гүйцэтгэж явсан хүн. Тиймээс Завхан аймгийн Цагдан сэргийлэхийн даргаар 1978 онд томилогдон ажиллаж байсан Д.Сандаг-Очирыг эх орон нь эргүүлэн төвд татсан байдаг. Энэ бол 1984 он байв. Түүнийг ажиллах хугацаанд Завхан аймгийн Цагдан сэргийлэх анги төв, орон нутгийн цагдаагийн байгууллагууд дундаас гурван жил дараалан эхний байранд шалгарч, үүрд хадгалах улаан тугийн эзэн болж байв.

Тиймээс 1984 оноос УЦСЕГ-ын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн даргаар томилогдон иржээ. Энэ үед эргээд л түүнийг НАХЯ, УЦСЕГ-ын удирдлагаас Дорноговь аймаг дахь НАХГ-ын даргаар ажил сайжруулахаар томилсон байдаг. Тэр үед Намын хянан шалгах хорооноос тус аймаг дахь НАХГ-т болон Цагдан сэргийлэх хэлтсийн ажилд шалгалт хийж, байгууллагын ажил, удирдлага, бие бүрэлдэхүүнд ноцтой дутагдал байгааг заасан тогтоол гаргасан юм билээ. Тодотговол ажил сайжруулахаар Дорнын говийг зорьсон хэрэг. Ийнхүү Дорноговь аймагт гурван жил болсны дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар эргэж нийслэлд ирсэн. Зах зээлийн нийгмийн эрээн бараан дунд гэмт хэргийн гаралт ихэсч, эзэн холбогдогчгүй хэрэг ч олон болсон энэ цагт түүн шиг туршлагатай мэдлэгтэй хүн нийслэлд хэрэгтэй байсан хэрэг.

Энэ хугацаанд сурсан эрдмээ арвин их туршлагатай хачирлаж, хаа ч нуруу алдахгүй нэгэн офицер болж чадсан. Тиймээс түүнийг тухайн үед үйл ажиллагаа нь доголдож, эмх замбараа нь алдагдаад байсан  ИБМУТ-ийн даргаар тохоон томилсон байдаг. Энэ байгууллагыг удирдах хугацаандаа Монгол Улсын хүн амын цахим мэдээллийн санг үүсгэн байгуулж, Монгол Улсад хүн амаа бүртгэх, статистик судалгаа гаргах нэгдсэн систем бий болгож, регистэржүүлэх, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан гавьяа түүнд бий. Өдгөө ч энэ тухай иргэний бүртгэлийн салбарынхан ярьдаг. Ажиллаж, удирдсан газар бүхэндээ дуурсагдах үйл бүтээсэн нь олон.

Зах зээлийн шилжилтийн үе шувтраагүй, эмх замбараагүй байдал нийгэмд байсаар ахуй цагт түүнийг ЦЕГ-ын дэд даргаар томилж, улмаар 2001 онд ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилсон юм. Энэ бол аргагүй хатаагдсан офицероо энэ албанд томилсон хэрэг байв. Цагдаагийн байгууллагыг таван жил удирдан ажиллахдаа тэр Монгол Улсын Цагдаагийн байгууллагуудын системд өөрчлөлт хийх, бүтэц бүрэлдэхүүнийг шинэ зохион байгуулалтад оруулах ажлыг гардан гүйцэтгэсэн.

Үүнээс хойш 2008 онд Д.Сандаг-Очирыг дахин Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилжээ. Энэ үед тэр Монгол Улсын 124 дэх генерал болсон байв. Бага дэслэгчээс буюу ганцхан таван хошуутай мөрдөс зүүсэн залуу ийнхүү Монгол Улсад данстай генерал болж, нийгмийг аюулаас хамгаалах, цагдаагийн нэрт зүтгэлтэн болсон юм.  Тэрбээр цагдаагийн байгууллагад хөл тавьж туршлага суусан тухайгаа ийн ярьсан байдаг. Ингэхдээ “Хүн амины” хэмээн нэршсэн Гавьяат хуульч П.Дамдиндорж, хурандаа Ц.Жамьянсэнгээ, хурандаа Д.Чулуунбат, хурандаа О.Шагдарсүрэн, дэд хурандаа Ж.Цоолой нартай ажиллаж, тэднээс суралцаж, олон арван ноцтой гэмт хэргийн халуун мөрөөр орж байлаа. Эргээд бодоход, цагдаагийн бага тушаалаас офицер болно гэдэг амаргүй том даваа байсан тэр үед “Бага дэслэгч” цол авчихаад баярлаж явсан тэр үеэ мартдаггүй юм. Мөн нэгэн үедээ цагдаагийн байгууллагыг удирдаж байсан С.Бүдрагчаа, А.Думбурай, С.Дамдинсүрэн, Б.Пүрэв нарын ахмад генералын удирдлага дор ажиллаж байснаараа би бахархдаг” хэмээсэн нь бий.

Улс төрийн туршлага ч түүнд бий

Цагдаагийн байгууллагад арван хэдтэй хөл тавьж, хөдөө орон нутаг, төв хотгүй ажиллаж арвин туршлага цуглуулсан хүн төдийгүй улс төрд ч өөрийн орон зайтай хүн. Учир нь нэгэн үе Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх, УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан гэхээр аргагүй зангараг заана. Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын дарга нарын Хуулийн бодлогын зөвлөх гэхээр нэгийг хэлж хоёрыг бодогдуулж таарна. Тэр тусмаа хашир туршлагатай хуульчид болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар түүнийг сонгосон гэхээр олон тайлбар хэрэггүй биз ээ. Түүнд энэ хэрээр улс төрд өөрийн гэсэн орон зай бий болсон. Үүнийг ганцхан жишээгээр дуулгах нь зүйн хэрэг байх. Д.Сандаг-Очир Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Монгол цагдаа-ёслол хүндэтгэлийн цогцолбор” байгуулах санаачлагыг гарган дэмжсэнээр “Монгол цагдаа”  цогцолбор нь зөвхөн Монголын цагдаагийн байгууллагын сүр хүч, хийморь зоригийг үеийн үед бадраах, ёслол хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болсон. Үүнийг Д.Сандаг-Очирын гавьяа хэмээн салбарынхан нь үздэг.

Хууль зүйн чиглэлээр мэргэшсэн хүний хувиар парламентаар батлуулж байгаа, анх санаачилж байгаа хуулийн төслүүдэд түүний гар бие оролцож явсан гэхэд хэтийдэхгүй. Тиймээс тэр “Шинэ хуулийн талаар цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой олон эрхзүйн зохицуулалт тусгасан сайн хууль болсон гэж бодож байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагч иргэнд яаж шаардлаг тавих, бичиг баримтыг хэрхэх, жагсаал цуглааныг албадан тараах гэх мэт зохицуулалтуудын үндэслэл, журмыг зааж өгсөн бий. Мөн цагдаагийн алба хаагч иргэнд яаж шаардлага тавих, бичиг баримтыг хэрхэн үзэж шалгах, тээврийн хэрэгслийг шалгахдаа хэрхэх, жагсаал цуглааныг албадан тараах  гэх мэт зохицуулалтуудын үндэслэл журмыг нарийвчлан хуульчилснаараа  давуу талтай. Цагдаагийн алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг урьд  өмнөх хуулиудаас илүү сайн тусгаснаараа онцлогтой болсон” хэмээн даруухан хариулсан. Үнэн хэрэгтээ цагдаагийн байгууллагын, цагдаагийн алба хаагчдын зовлон жаргалыг сайн мэдэх түүний үзэл санаа түүнд суусан байдгийг улстөрчид ярьдаг юм билээ. Тодотговол, түүнээс зөвлөгөө авч, засч залруулсан хууль цөөнгүй байдаг аж.

Эрдмээр жигүүрлэсэн он жилүүд буюу хүн чанар

Социалист нийгмийн үед ажил хийгээгүй цагаан гартай хэн нэгнийг холын аян, эрдэм сургахаар явуулдаггүй байв. Ёстой л дарга сайд нарын цөөн тооны хүүхэд залуус энэ бичигдээгүй хуулийг зөрчин сурахаар явдаг байжээ. Д.Сандаг-Очир ч энэ замаас хазайсангүй. Улаанбаатар хотын Сэргийлэн хамгаалах горнизони, Баянзүрх дүүргийн хороо, Зүүнхараагийн Цагдан сэргийлэх гээд гурван газар дамжин, зургаан жил ажилласан туршлага бүхий залуу ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид суралцахаар 1973 онд эх орноосоо мордсон гэгээн түүхтэй нэгэн. Ийнхүү тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа Удирдлагын академийг дүүргэж, хамт олноо удирдан зохион байгуулах ур чадвараа нэмэгдүүлсэн юм. Түүний тухай салбарынх нь хүмүүс бүгд л эерэг сайнаар ярьдаг.

Хурандаа Т.Сайнжаргал нэгэнтээ “Д.Сандаг-Очир генералын тухайд хамгийн буурьтай, тулхтай дарга. Сандаг даргатай ганцхан ЦЕГ-т байхад нь хамтарч ажилласангүй. Намайг ОХУ-аас ирээд Дорноговь аймагт мөрдөн байцаагчаар томилогдож очиход цагдаагийн дарга нь байлаа. Айхтар хашир, хүнийг сайн таньж мэднэ. ЦЕГ-аас гадна одонтой цагдаагийн хоёр байгууллага байдаг юм. Түүний нэг нь Завхан аймгийн цагдаагийн газар” хэмээсэн нь бий.

Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнд цагдаагийн хурандаа нар буруутгагдаж ял зэм сонссон. Энэ үед Д.Сандаг-Очир “Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа цагдаагийн алба хаагчдын хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлага хүлээн авч уулзан, холбогдох хэрэгтэй холбоотой асуудлаар дурдагдсан асуудлаар хүсэлт гаргаж байна. Үүнд Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хууль эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоохдоо анхаарна уу” хэмээжээ. Энэ бол цагдаагийн өндөр цол хэргэмтэй алба хаагчаас гадна эр хүний ёс жудаг харагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.