Б.Баттөмөр: Хятадын ПЕТРОЧАЙНА компани 590 тонн ХИМИЙН БОДИСОО Монгол улсад  БУЛЖ БОЛЗОШГҮЙ!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-05-26

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутийг хамарсан 19, 21-р талбайгаас газрын тос олборлодог БНХАУ-ын Төрийн өмчит “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд ямар асуудлыг тусгасан талаар УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй уулзаж ярилцлаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талаарх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдэээс ч нэлээд ноцтой, чухал асуудлуудыг хөндөж байна. Засгийн газар байнгын хорооноос ямар чиглэл өгөхөөр болов?

Энэ асуудлыг зайлшгүй хөндөж ярилцах ёстой асуудал. Тухайлбал 1996 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол улсын эрх ашиг хангагдахгүй байна гэж үзсэн. Яагаад гэхээр олборлож байгаа нийт газрын тосны 40 хувийг зардал гэж авчихдаг. Үлдсэн 60 хувийнх нь 40 хувийг манай улс, 60 хувийг нь БНХАУ авдаг. 60 хувийн 40 хувь гэхээр 24 орчим нь л манайх ашигладаг. Ингэхээр чинь ямар ч ашиггүй байгаа биз дээ.

Нийт нөөц нь их тоо гардаг шүү дээ? Тэгсэн байтлаа ийм бага, нулимс шиг юм авдаг гэсэн үг үү?

Манайх ийм л бага хувь хүртдэг. 330 сая тонн нөөцтэй, үүнээс ашиглаж болох нь 42 сая тонн. Өнөөгийн олборлож байгаа хурдаар тооцож үзвэл 10 орчим жилийн ухна гэсэн үг. Цаашдаа ийм байдлыг өөрчилж, Монгол улсын эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, Байгаль орчноо хамгаалах чиглэлд анхаарна. Газрын тос боловсруулахад 590 тонн химийн бодис ашигласан байна. Үүнийг Монголын хөрсөнд булах ямар ч боломж байхгүй. Хятадын талд нь буцааж өгөх ёстой. Түүнчлэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж. Нэг кг газрын тос олборлохын тулд 2 литр ус зарцуулдаг. Мэнэнгийн талын доор байгаа ус чинь ирээдүйд бидний тэжээх үнэт баялаг. Байгаль экологио өөрөө зохицуулж байдаг. Гэтэл юу юугүй сүйдэх нь! Яг ийм байдлаар цааш үргэлжилбэл МЭНЭНГИЙН ТАЛ маань МЭНЭНГИЙН ТАМ болж хувирах эрсдэл үүдчихэж. Дээр нь ус ашигласны төлбөрөө өгдөггүй. Гуравдугаарт, татварын маргаан их дагуулдаг. Өмнө нь энэ компанийн 350 гаруй тэрбум төгрөгийн өрийг Сангийн яамны маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгочихсон. Одоо ахиад 320 орчим тэрбумын авлага үүсчихсэн байгаа. Татварын акт тавьчхаад 2018 оноос хойш хэлэлцээгүй. Яагаад хэлэлцэхгүй байгаа нь “хаалттай” байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн маргаан ч бас байдаг.

Хамгийн ноцтой нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын талыг хариуцаж байгаа нөхдүүд эх орныхоо эрх ашгийг хангаж чадахгүй, эсрэг ажиллаж байна. Тухайн компаниас санхүүжээд, хувийн эрх ашгаа хангуулаад, улс орны эрх ашгийг умартсан нөхцөл үүсэж магадгүй болоод байна. Тийм учраас хууль хяналтынхан шалгах ёстой. Мөн орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажилчид авч, уялдаа холбоог хангах ёстой. Гэвч ийм зүйл болохгүй байна. Орон нутгийн удирдлагууд нь өндөр үнээр машин түрээслүүлдэг, шахдаг тухай ч хөндөгдөж байна. Тийм учраас асуудлыг нэг мөр шийдэх чиглэлийг Засгийн газарт өгч байна. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж, дүгнэлтээ танилцуулаад дараагийн арга хэмжээг авч, Монгол улсын эрх ашгийг хамгаалах бодлогыг авах байх.

“ПетроЧайна Дачин Тамсаг” компани бол Хятадын төрийн өмчит компани. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголын төр хийсэн. Тэгэхээр хоёр улсын ТӨР НҮҮР ТУЛАХ НЬ дээ?

Зайлшгүй хоёр улсын ТӨРИЙН ХЭМЖЭЭНД яригдах ёстой.

Яахаараа тусгаар улсын нутагт ХИМИЙН БОДИСОО булшлах гээд арга хайгаад байдаг юм бэ?

590 тонн химийн бодисыг одоохондоо МОНГОЛД БУЛШЛАХ тухай яриагүй! Булшилж болзошгүй нь. Нэгэнт ашигласан юм бол тэрийгээ өөрсдөө буцаагаад аваад явах ёстой. Манай улсад химийн бодис булшлах эрх зүйн орчин байхгүй. Хүний бие, байгаль орчинд асар хортой химийн бодис хэрэглэдэг.

Энэ асуудал хэвлэлээр анх гарсанаас өнөөдөр УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр хүртэл авч хэлэлцлээ. Ямартай ч Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг очихоор боллоо. Та ч бас байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдтэйгээ очье гэсэн үү?

Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Дорнодоос сонгогдсон Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун гишүүний хувьд байнга л явдаг учраас сайн мэдэж байгаа. Харин гишүүд бид мэдэхгүй байна. Огт явж үзээгүй учраас ирэх зургадугаар сарын эхээр явж үзье гэж байгаа юм. Уул уурхайн сайд энэ асуудал онцгой анхаарах ёстой. Хятадын талтай маш сайн ярилцаж, Монголын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Энэ чинь стратегийн чухал бүтээгдэхүүн, нөөц шүү дээ!

Тамсагийн орд чинь манай улсын барьж байгаа Алтанширээ дэх газрын тосны үйлдвэрийн гол түүхий эд болно гэж ярилцдаг. Гэтэл Хятад улс руу үнэгүй өгөөд дундарчихсан юм биш үү?

Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Үйлдвэр маань 2025 онд ашиглалтад орно. Гол түүхий эд нь Тамсагийн газрын тос. Газрын тосоо авч ашиглахын тулд 500 км газар хоолой татна. Энэ ажлыг саяхан Засгийн газар дээр яриад Хятадын нэг компанитай нүүрсээр бартер бариулахаар тохиролцсон.

Нүүрсээр бартер хийж, газрын тосны хоолойгоо Хятад компаниар бариулах шийдвэр гарчихсан гэж үү?

Тийм. Хятад компаниар гурван жилийн хугацаанд бариулна гээд Зам тээврийн яам, Эрчим хүчний яам тохирсон юм билээ. Хийн хоолой өндөр зардлаар босдог. 500 орчим км зайтай. Хоолойн тээвэр бол босохдоо их санхүүжилт шаарддаг ч явцдаа ашгаа хурдан нөхцөл онцлогтой.

За хоолой буюу гол дэд бүтцийг нь татчихлаа гэж бодоход бид өөрсдийн газрын тосны нөөцөө өөрийн үйлдвэртээ үнэгүй ашиглах юм байгаа биз дээ?

Монгол улс нийт газрын тосныхоо хэрэгцээний 75 хувийг импортоор, Хятадын талаас авна. Яахав Монголчууд эхний ээлжид авах эрхтэй ч дэлхийн зах зээлийн ханшаар Хятадаас л авна. Нийтдээ манайх 55 орчим хувийг нь эзэмшиж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа яах вэ гэдгийг Монгол төр бодож, найдвартай гарц олох ёстой. Судлагдсан нөөц их байгаа ч ашиглах нөөц нь 42 сая тонн байгаа шүү дээ!

Эх орныхоо баялгийг Монголчууд ашиглахын тулд яагаад ХЯТАДААС зөвшөөрөл авах ёстой гэж. Бид чинь БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ болчихсон биз дээ!!

Асуудлын гол нь 1996 байгуулсан БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНД л байгаа юм. Тэр үед ямар бодлогоор ийм гэрээ хийснийг бодоод олохгүй байна. Анхнаасаа зөв явсан бол өнөөдөр амаа барихгүй, шууд ашиглах байсан. Хоёрдугаарт газрын тосны хайгуулын судалгаа гэдэг өндөр зардалтай учраас ийм аргыг ашиглахаас өөр гарцгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээ дэлхийд маш ашигтай байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Хятад улсад зарж байгаа газрын тос манай улсын хувьд ашигтай. Яагаад гэвэл бүх эрсдэлээ тэднийх даана гэсэн үг. Манай улс одоо ашиглаж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээ АШИГТАЙ БОЛГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.