Ц.ДАВААСҮРЭН: ХАЛАМЖ өгдөг, МӨНГӨ тараадаг улстөрчдөөс салъя. МӨНГӨ өгвөл НУЛИМАХ хэрэгтэй!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-05-26

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй Монгол улсад үүсээд буй Засгийн газрын гадаад өр, мөн эрчим хүчний салбарын цаашдын нөхцөл байдал, халамж тойрсон асуудлаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр та 2023 он гэхэд айл өрхийн цахилгааныг шөнийн цагаар тасалдаг болно шүү гэдэг “ширүүхэн” шүүмжлэл хэлсэн. Манай эрчим хүчний салбарт үнэхээр ийм нөхцөл байдал үүсчихсэн үү?

Нэг шинэ айл, нэг шинэ аж ахуй нэгж байгуулагдлаа гэхэд л түүний хэрэгцээнд дагаад эрчим хүчний  хэрэгцээ өсдөг. Эрчим хүчний хэрэгцээ жилд шинээр 60-80 Мвт-р нэмэгддэг. Үүнийг хангахын тулд шинэ эх үүсвэр хэрэгтэй болдог. Одоо манай хэрэгцээ тулчихсан. Жил болгон шинээр 80 Мвт эх үүсвэр барих ёстой байсан ч бид энэ зүйлийг өнөөдрийг хүртэл хийж чадахгүй байна. Ийм учраас л эрсдэл танай цахилгааны хэрэглээг хязгаарладаг болно гэж хэлээд байгаа юм.

Яагаад хязгаарлана гэжШинэ эх үүсвэр нэмж бариад шийдчихэж болохгүй юу?

Манай улсын эрчим хүчний оргил хэрэглээ нь оройн цагаар болдог. Хоол унд хийнэ гээд ажил эхэлдэг. Одоо тулчихсан байгаа учир тийм их хэрэгцээг хангахгүй. Бид нэмэлтээр ОХУ-аас 300 гаруй Мвт цахилгаан экспортолж авна. 2024 онд манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ оросоос авдаг нөөцөө ч давчихна. Тэгээд яах вэ гэхлээр эрчим хүчийг хязгаартай олгож эхэлнэ.

Та чинь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Яагаад нэмэлт эх үүсвэрээ бариагүй юм бэ, Та яг юу хийсэн юм?

Би сайд байхдаа Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь шийдүүлээд Батериа хуримтлуурын станц байгуулахаар шийдэж, ажил хэрэг болгохоор тендерийг нь зарласан. Тэгээд дараагийн хүндээ ажлаа өгсөн. Одоо болтол гүйцэтгэгч нь шалгараагүй. Уг нь энэ станц баригдсан бол 150 Мвт-ийн эх үүсвэртэй болох ёстой. Энэ шийдэгдээгүй тул 2023 оны өвөл ч цахилгааны хязгаарлалтад орж мэдэхээр болчихсон. Өмнө нь бас гуравдугаар станц болон “Амгалан” станцад тус бүр 50, 50 Мвт-ийн блок шинээр нэмэгдүүлье гэсэн ч хийгдээгүй. Бодит байдал нь ийм л байгаа. Үүнийг нуух хэрэггүй.

Гэрэл цахилгааны мөнгийг бүтэн жил “Эрдэнэт” үйлдвэрээс даасан. Яах гэж ийм шийдвэрийг гаргасан юм бэ? Таныг сайд байх үед шүү дээ?

Үүнийг би эхнээс нь эсэргүүцсэн. 800 гаруй тэрбумаар цахилгааны мөнгийг хэмнэж, төрөөс даасан. Энэ ямар ч үр дүнгүй шийдвэр болсон. 800 тэрбум төгрөгийг ингэж дэмий зарцуулж байхаар 200 Мвт-ийн шинэ станц барьж болох байсан. Тэр станц нь улс орны хөгжилд хэрэгтэй байсан юм. Бидэнд мөнгө байгаад байна. Харин ажил хийх сэтгэл, зүтгэл байхгүй. Зүгээр хий дэмий үрье гэсэн бодлого л байгаад байна. би бол тэгж харж байгаа.

Сүүлийн үед та "ГАДААД ӨР" –ийн талаар нэлээд шүүмжилж байгаа. Эрчим хүчний салбар шиг бас л ХҮНДЭРЧИХСЭН үү?

Урт хугацаатай, олон улсын байгууллагуудын зээлүүд чинь өрийн дарамт үүсгэх нь бага байдаг. Гол өрийн дарамт үүсгэдэг шалтгаан нь ТӨСВИЙН АЛДАГДАЛ. БИД ДӨРВӨН ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ төсөв баталчхаад байгаа. Үүнийг чинь гаднаас гоё гоё нэртэй бонд авч санхүүжүүлдэг. Энэ өр юунаас үүсдэг шалтгаан нь ХАЛАМЖ. Хэдэн их наяд төгрөгийг ХАЛАМЖ ХЭЛБЭРЭЭР хавтгайруулан олгодог. Үүний цаана ЗЭЭЛ л яригддаг.

Монголын улсын нийт гадаад өрийн хэмжээ хэд байна вэ?

Манай улсын нийт гадаадын хэмжээ 30 тэрбум ам доллар болчихсон. Засгийн газрын шугамаар авсан өр зээл нь 8,4 тэрбум доллар, Монголбанкны 2,4 тэрбум долларын свопын зээл бий. Зөвхөн төрийн төлөх өр л гэхэд 10 тэрбум доллар. Үлдсэн нь төрийн компани, хувийн хэвшлийн өр зээл. Бүгд нийлээл МОНГОЛ УЛСЫН Л ӨР. Төрийн тавьсан өрийг төлөхөд хэдий хэмжээний хугацаа зарцуулах вэ гэхээр жилд 400 сая доллар төлнө гэж тооцхоор дор хаяж 20 жил шаардлагатай. Ийм зүйлийг зүгээр хэдхэн хүн хэлээд нэмэргүй. Улс даяараа ярилцаж байж шийдэх ёстой. Тэгэхгүй бол Шриланк улсын хойноос л очно. Өрийн маш хүнд нөхцөлд хүрчихсэн. Эрт орой хэзээ нэгэн цагт төлнө. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр ямар нэг алхам хийж төлж л таараа. Ёстой хачин юм болж самарна.

Хараахан Үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрчхээгүй биз дээ?

Бодоод үз. Манай улсын өнөөгийн байгаа эдийн засгийн нөөцөөс давчихсан байгаа гэхээр тодорхой биз дээ! Худлаа нуугаад ярихгүй байна. Нэг л өдөр хоолойд хутга тулгана.

Гол буруутан нь тэгээд ХАЛАМЖ болж таарав уу...?

Үнэн ш дээ. Иргэдийн дэмжлэг авч, улстөрийн эрх мэдэл олж авахын тулд эрх барьж байгаа намуудын л гол хэрэгсэл ш дээ!! Ийм байдлаас аль болох татгалзах хэрэгтэй. Зоригтой алхам хийхгүй бол ХАЛАМЖ ӨГДӨГ тогтолцоо чинь энэ улс орны тусгаар тогтнолд занал хийлж байна. Улстөрчид ч үнэнээ хэл. Өр тавьж танд халамж өгч байгаа шүү гэдэг хамаг үнэнээ хэл. Битгий бүгдэд нь өгөөд бай! Наадах чинь ГАЙ БОЛНО.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх нь буруу гэж таны шүүмжилж байсан санаанд орлоо шүү, сая...?

Үнэн. Баян, бололцоотой айлын хүүхдүүдэд тэр мөнгөөр яах юм!!! Халамжийг яг зорилтод бүлэгт нь өг!! Хүний эрх, хүн тэгш байх ёстой гэж ярьдаг. Тийм юм байдаггүй юм. Тэгвэл би ч бас халамж аваад зүгээр сууж байя. Тэгээд ажил хийх, хөдөлмөрлөх, баялаг бүтээх хүчгүй болж бэлэнчлэх сэтгэлгээ, залхууралд автацгаая!! Эцсийн үр дүнд улс орон чинь СҮЙРНЭ! Гурав, дөрвөн их наядаар ХАЛАМЖ өгч байгаа манай өнөөгийн байдал алсдаа ШРИЛАНК шиг болгоно. Хатуу болов ч үнэн үг шүү!! Тэгээд улстөрийн тогтворгүй байдал үүсэж Казахстан шиг галны цэрэг орж ирээд, ингээд Монголын тусгаар тогтнол алдагдана. Бид жолоодлогогүй болчихвол хойд, урд хоёр айлын аль нэг нь орж ирнэ. Бараг тодорхой ш дээ!

Хүүхдийн мөнгийг заримд нь битгий олго гэдэг таны саяын байр суурийг сонссон хүмүүс Ц.Даваасүрэн дандаа эсрэг юм ярьдаг. Өөрөө үр хүүхэдгүй юм шиг аашиллаа гэх зэргээр шүүмжлэх юм. Танай хүүхэд авахгүй байна биз дээ гэх зэрэг

Мөнгө чухал уу гэвэл чухал. Гэхдээ халамжийн бодлогоор биш цалин урамшууллаар нь дэмжих ёстой. Намайг улстөрийн зорилгоор тэгж харлуулдаг юм. бид 2000 оноос хойш халамж тараалаа. Тэгээд дээрдсэн юм байна уу! Бахь байдгаараа л байна. Харин ч ядуурлын түвшин нэмэгдсэн. Халамжийг зөвхөн зорилтод бүлэгт л өг. Боломжийн амьдралтай хүмүүс, айлуудад битгий өг. Үндэстнийг мөхөөх арга бол ХАЛАМЖ буюу бэлэн зүйл. Ажил хийх сонирхолгүй, залхуу, ховдог болгож байгаад  буулгаад авъя гэсэн гаднын улсын бодлого хэрэгжээд байна.

Тэгвэл ХАЛАМЖИЙГ БАГАСГАХ ямар арга байна вэ?

Ажлын байр, үйлдвэрлэлд зарцуул. 1,6 их наяд төгрөгөөр нэг суманд нэг тэрбум төгрөгийн өртөгтэй таван үйлдвэр барих хэмжээний мөнгө. Нэг суманд үйлдвэр барьчихсан бол хөдөөний иргэд Улаанбаатарт чихэлдэхгүй шүү дээ! Хөдөлмөрлөж байгаа хэсгээ дэмж. Тэднийг харин урамшуул. Ажилгүй хэсэгт анхаарахаа болих хэрэгтэй. Өр бол монгол төрд шургалсан гаднын нөхдүүдээр дамжиж хэрэгжсэн харийн бодлого. Нэг л өдөр эх орноо алдах үедээ миний хэлснийг шагшин магтана. Тэнэгийн ухаан хойноо гэгчээр.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” гэсэн зорилт дэвшүүлээд хэрэгжүүлж байгаа шүү дээ?

Зөв бодлого. Би “Дарханы арьс ширний үйлдвэр”-ийн төслийг нь хариуцаж байгаагийн хувьд баталгаатай хэлье. Энэ төсөл нь бүрэн хэрэгжинэ. Бусдыг нь мэдэхгүй шүү. Монголчууд дэлхийд мал маллаж л чадна. Өөр юу ч хийж чадахгүй. Яг үнэн нүүрэндээ бид баялгаа зарж иддэг САРМАГЧИНГУУД ш дээ! Сармагчин төрхөөсөө ч салж чадаагүй. Ядаж чаддаг юмаараа дэлхийд гар. Тэрийгээ экспортолж ашиг олоод амьдар л даа. Арьс ширээ боловсруул, чанартай гутал, цүнх хийгээд зар. Ноос ноолуураа зах зээлд гарга.  Энэ чинь монголчуудын амин зуулга шүү дээ. Савхи савхин бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарга. Бидний оршин тогтнох гол үндэс нь мал аж ахуй. Энэ тал дээр Засгийн газар анхаарвал амжилт олно. Өнөөгийн байдлаараа байвал бид хөгжихгүй. Халамж мөнгө өгдөг улстөрчийг сонгодоггүй болсон цагтаа л монгол хөгжинө. Монголчууд 30 жил халамж авлаа. 30 жил ядуу амьдарлаа. Одоо болно ш дээ!!!

Энэ засгийн гадаад өр хэд болчихов?

Хоёр их наядаар халамж тараадаг хэвээрээ л байгаа. Энэ Засгийн газрын гадаад өр дангаараа 400 гаруй сая доллар болчихсон. Энэ эрчээрээ байвал хоёр тэрбум долларын ӨР ҮҮСНЭ гэсэн үг. Татгалзаж чадахгүй байна шүү дээ. Улстөрийн амлалтаа биелүүлэхийн тул ЗЭЭЛЭЭР ХАЛАМЖ ТАВИХААС өөр аргагүй болчихсон. Үүнийг одоо л зогсоохгүй бол өр нэхэгдээд газар нутгаа барьцаалах хэмжээний юм болно гэдгийг би анхааруулаад байгаа юм!

Та чинь МАН-ын бага хурлын гишүүн байх аа..?

Тийм.

Тантай адил санаа бодолтой олон гишүүн байнэ лээ, намынхаа мөрийн хөтөлбөрөөс ХАЛАМЖТАЙ ХЭСГИЙГ НЬ ХАСЧИХАЖ болдоггүй юм уу?

Олонхоороо дэмжээд явчихдаг юм. Халамж олгохын эсрэг байдаг хэсэг нь цөөхөн. Намын бүлэг дээр ч тэр, бага хурал дээр ч тэр. 39 –с дээш байж хүчинтэй болдог. Гэтэл тав зургаан хүн эсэргүүцээд амжилт олохгүй. Нэг ийм зовлон байдаг юм.

Одоо өөр ямар гарц байна вэ?

Ганцхан гарц бий. Иргэд өөрсдөө татгалзах. Олонхийн сэтгэхүйг өөрчлөхгүйгээр халамжийн тогтолцооноос салах боломжгүй юм билээ. УИХ-ын гишүүн болохын тулд нүүрснээс орж ирсэн хэдэн төгрөгөөр халамж тарааж байгаа улстөрчдөөс татгалзчих хэрэгтэй. Мөнгө амлавал нулимдаг болох хэрэгтэй. Таны өгч байгаа 10 мянган төгрөг миний, миний хүүгийн ирээдүйг булааж байна гэж хэлээд сонгохгүй байхад л болно. Ийм сэтгэлзүйг бид бэлтгэх ёстой юм байна. Бүхэл бүтэн нэг үеэ ӨРӨНД ОРУУЛЧИХААД гишүүн, сайд дарга хийгээд суудаг байж таарахгүй.

Өнөөдөр хүүхдийн мөнгө өгч байгаа юм шиг боловч 30 жмлийн дараа төлөх өрийг нь л үлдээж байгаа юм. Манай үеийнхэн ийм муухай улсууд. Ингэж ирээдүйгээ хорлож байгаа юм. Улстөрийн суудал чинь мөнх биш ээ!! Үр хүүхэд, эх орон чинь мөнх шүү гэдгийг хэлье. Энэ улстөрчид нь тэтгэвэртээ гараад л явчихна. Тэгээд үр хүүхдүүд л өр төлнө. Бид өр л үлдээж байгаа ш дээ яг үнэндээ!!! 10 сая тэрбум долларын өрийг бид 50 жилийн дараа төлнө. Ингэхээр яах аргагүй үр хүүхдүүд, бидний дараагийн үе төлөх болж таараад байгаа юм. Тэр үед бид байхгүй болчихно ш дээ!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.