Ц.Нямдоржийг ЦЭЦ рүү явуулж, Д.Тогтохсүрэнгээр “ТОГООГОО” бариулна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-08-27

Олонхийн бүлэг хүч түрээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг цэцийн тогтоолын дагуу “гялс” хүчингүй болгоод амжив. Удахгүй Засгийн газарт хөдөлгөөн өрнөж  энэ дагуу ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДУУД томилогдоно.

Ямартай ч Монгол Улсын гавьяат хуульч Цэндийн Нямдорж ЦЭЦ рүү очиж “базах” бол түүний албан тушаалд МАН-ын бүлгийн дарга Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН ирэх аж.  Шадар сайд С.Амарсайханы албан тушаалын бялууг хоёр хувааж ТЭРГҮҮН ШАДАР САЙД гэх алба бий болгоод Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба, шинээр хотын хөгжлийн асуудлуудыг хариуцуулах бөгөөд уг албан тушаал Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгаланг томилох саналыг Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдтай тохирсон гэх. Хэрэв ингэхгүй бол Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд LRT  төслийг гацаагаад байгаа учир “барьцаа ахиулж”  буй нь энэ бололтой. Угаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотоос сонгогдсон гишүүдэд бялуу амсуулж, хотын асуудал хариуцсан сайдтай болно” гэдгээ илэрхийлчихсэн.

Угаас МАН-ын бүлэг дотор залуу Ерөнхий сайд шинээр сонгогдсон гишүүдээ “хоёрдугаар ээлжинд хоолонд оруулж” хордлогод өртүүлэх тактик баримталж буй нь илт.

Цахим хөгжлийн яамыг Н.Урал удирдах нь гарцаагүй бол Эдийн засгийн хөгжлийн яамыг Ч.Хүрэлбаатар Ж.Ганбаатар нар булаацалдаж буй. Хамгийн их хэл амтай, асуудал маргаантай Зам тээврийн хөгжлийн яамыг юм голдоггүйгээр нь ХУРДЫН ЧОЙЖОО эзэгнэх бол Хөдөө аж ахуйн сайдын сэнтий рүү Булганы Ж.Бат-Эрдэнэ, Дорнодын Х.Болорчулуун нар “чихэлдэж” байгаа юм.  МАН-ын бүлгийн 62 гишүүн дотор Соёлын сайдын суудалд горилж буй эрхэм бол “БОЛОР ЦОМЫН ЭЗЭН” Г.Мөнхцэцэг юм. Тэрбээр Сү.Батболдын “хүүхэн” учир түүний дэмжлэгээр энэ суудал руу гэтэж байгаа. Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан гээд “12 ТЭРБУМЫГ” үрэх эрх түүнд шилжинэ гэсэн үг. Угаас өөрийгөө соёлын салбарын хүн гэж тодотгодог нэгэн.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудал руу хамгийн их чичэрч байгаа хүн бол Мөнхөөгийн Оюунчимэг. Ордонд байдаг өрөөгөө голж, би яамны тансаг орд харш шиг өрөөнд сууна, энд цонхоо ч онгойлгож чадахгүй байна гэж хашгирч байсан тэрбээр ийнхүү “их хүслээ” гүйцэлдүүлэхээр болж, эрүүл мэндийн салбарыг голсон нь ийм учиртай. Нийгмийн даатгалын сан зэрэг их мөнгөний үнэр авчихсан нь ойлгомжтой. Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг удирдах амбицтай буйгаа чимээгүйхэн илэрхийлсэн нь Ганзоригийн Тэмүүлэн, С.Бямбацогт нар байна. Энэ хоёроос С.Бямбацогт өмнө нь сайд хийж байсан гэдэг утгаараа тохирох ч “М.Энхболдын гарын хүн” учир нар үзэхгүй. Х.Ганхуягийн ЭРҮҮГИЙН ХЭРЭГ өнөөг хүртэл хаагдаагүй учир шинэ томилох нь ойлгомжтой.

Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдуудыг солихгүй үлдээнэ гэдгээ Ерөнхийлөгчийн институттай тохиролцсон нь лавтай. Хэрэв сайдыг сольно гэвэл Ц.Мөнх-Оргил гадаад харилцааны сайд руу явна. Ц.Сэргэлэн генерал Батлан хамгаалахын салбарт очиж болох. Одоогийн Г.Сайханбаяр Ерөнхийлөгчийн ангийн анд, саяхан алтан таван хошуу шагнуулсан учир “хөдөлгөхгүй” нь бат. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүнээ Гадаад харилцааны салбараас холдуулахгүй гэж үзнэ.

Улстөрд өнөө хүртэл нууц ноёнтон, гол тоглогчдийн нэг байсаар байгаа ЖЕНКО Х.Баттулга  өөрийн мэдлийн сайд нараа татаж, өөрөө АН-ын дарга болохын тулд тохироо хийж О.Цогтгэрэлийг бүлгийн дарга болгосон. Тэгэхээр АН-ынхан Засагт орох боломж "тэг хувь" байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.23.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.