Д.МӨНХСАЙХАН: Хамгийн сайхан мэдрэмжийг гадны тайзнуудаас авч байсан
Ярилцлага
/
2022-08-27
Энэ удаагийн дугаарт “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхантай ярилцлаа. “Морин хуур хөгжим миний хувьд их хэцүү хөгжим. Хүн юмыг төгс сурна гэх юм бол бүх насаараа хичээнэ гэдэг шиг би сурч л явна даа” гэх түүний ярилцлагийн хүлээн авч үзнэ үү.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та үзэгчиддээ өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Д.Мөнхсайхан гэдэг би “Жонон” хамлагийн морин хуурч. Ам бүл зургаа, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

-Олон хөгжим дотроос ягаад морин хуур гэх энэ хөгжмийг сонгох болсон бэ? Энэ хөгжмийг тоглоод хэдэн жил болж байна вэ?

-Морин хуур хөгжимтэй ойрхон байх мэргэжлийг намайг хүүхэд байхад ээж минь миний амьдралтай холбож өгсөн. Яагаад гэхээр би хүүхэд байхдаа гэнэт тулгуур эрхтний өвчтэй болоод, хичээлээсээ хоёр жил завсарлан наймдугаар ангид ороод ирсэн чинь тоон дотор үсэг гэдэг шиг болсон байсан. Тэгээд ээж минь бодож эхэлсэн байх. Багаасаа хөгжимд дуртай гэдэг нь мэдэгддэг байсан болохоор  “Энийг одоо дуртай юманд нь чиглүүлье” гэж бодож эхэлсэн байх. Тэгээд нэг өдөр FM-ээр “Баянхонгор аймгийн хүүхдийн  “Тэмүжин” театр морин хуурын анги шинээр нээж байна” гэсэн зар яваад. Би ээждээ хэлсэн чинь ээж намайг шууд хөтөлж авч яваад бүртгүүлж байсан. Тэгээд морин хууртай анх амьдралаа холбосон доо. Ер нь бол энэ мэргэжлийг сонгох, өдий зэрэгтэй яваа ач буян бол ээж минь юм.

-Хүн болгон хийж буй мэргэжлээрээ бахархдаг. Таны хувьд?

-Хийж буй мэргэжлээрээ бахархах. Мэдээж би бол өөрийгөө азтай хүн гэж боддог. Энэ морин хуур хөгжимтөй амьдралаа холбосон. Өөртөө маш их баярлаж явдаг. Хүмүүс урьд насны сайн үйлийн үрээр гэж ярьдаг даа. Би урьд насны сайн үйлийн үрээр энэ насандаа энэ сайхан хөгжимтэй амьдралаа холбоод, үр шимийг нь хүртээд, гоё өөртөө аз жаргалтай амьдарч л байгаа нь хамгийн чухал. Гэхдээ хүн ямар ч мэргэжилтэй байсан гэсэн тэр мэргэжилдээ дуртай тэр мэргэжлээрээ өөртөө таашаал авч чадаж  байвал ямар ч мэргэжил сайхан. Миний хийж байгаа ажил дандаа л тайзан дээр хүмүүст сайхан аз жаргал, таашаал өгөх гэж байгаа. Тийм болохоор тайзан дээр хааяа нэг бодоход “Би чинь ёстой гоё мэргэжилтэй хүн шүү” гэж өөрөөрөө бахархах, өөртөө баярлах үе бас байдаг.

-Энэ миний сонгосон зөв зам гэдгээ гэрийнхэндээ ойлгуулж, баярлуулж байсан үе мэдээж байсан байх. Тэр үеийнхээ тухай яриач?

-Морин хуур тоглоод би хамгийн эхлээд аав ээжийгээ баярлуулж байсан байх гэх бодол одоо болтол байдаг. Яагаад вэ гэвэл Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүжин” театрт би нэг жил морин хуурын дугуйланд яваад. Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам Бээжин хотод 2000 онд болж  байсан. Тэр наадамд явсан. Анх нэг жил морин хуурын дугуйланд яваад гадаад гараад үзэж байна шүү дээ. Тэр чинь бас тухайн үед хэр баргийн хүүхдэд олдох боломж биш байхгүй юу.  Хүүхэд ч гэхгүй том хүнд. Тэр үед би аав ээжийгээ баярлуулж байсан байх гэж боддог. Дараа нь би оюутан болоод Япон явж байсан. Японы Засгийн газрын урилгаар. Тэр чинь ёстой лаг явсан байгаа байхгүй юу. Тэгээд тэгж явж ирчихээд, оюутан болчихсон Японоос сакэ архи, том алимтай, гэр лүүгээ Баянхонгор аймаг руу хайрцагтай юм явуулж байсан. Тэгсэн чинь тэрийг сонсох их хөөрхөн. Тэгээд явуулсан чинь манай аав явуулсан хүнээс нь аваад гэртээ харих замдаа задалсан гэж ярьдаг. Тэрийг нь одоо бодоод байхад гоё санагддаг. Мэдээж хүний аав ээж юм чинь хүүхэд нь гадаад яваад аав ээждээ гоё юм явуулаад. Тэр хайрцаганд юу байх нь чухал биш. Багадаа их өвдөж зовоож байсан хүүхэд нь хөгжим тоглодог болоод удаагүй гадаад яваад аав ээждээ юм явуулж байна гэдэг бол гоё мэдрэмж байсан байх. Тэгж л би аав ээжийгээ баярлуулж байсан байх гэж боддог.

-Хүүхдүүд нь хөгжим сонирхдог уу. Хөгжимчин болно гэвэл та дэмжих үү?

-Хүүхдүүд хөгжим сонирхдог. Ээж нь “Чи хөгжим тоглодог байж хүүхдүүддээ заадаггүй” гэсэн гомдол хэлдэг. Өөрийнхөө хүүхдүүдэд заах гэхээр болдоггүй юм аа. Youtube-ээр үкүлэлэ хөгжмийн бичлэг үзээд тэр талаараа их нөлөөлөх юмсан гэж их боддог.

-Гэр бүлийнхэнтэйгээ их салхинд гардаг юм байна, хаагуур ихэвчлэн аялж байна?

-Манай эхнэрийн аав нь хөдөөний малчин хүн байдаг. Тийм болохоор хүүхдүүдээ хөдөөтэй гэж ярих юм уу даа. Хүүхдүүдээ хөдөө зундаа их явуулдаг. Бага байхаасаа морь унаж, хонь мал хариулж хөдөөний ахуйтай их ойрхон өсөж байгаа. Тэрэндээ маш их сэтгэл ханамжтай, баяртай байдаг. Яагаад вэ гэвэл монгол ахуй, нүүдэлчин ахуй улам л биднээс холдож байна. Тийм болохоор нэг ч гэсэн гэр бүлийн хүүхдүүд монгол ахуйтай багаасаа ойрхон өсөж байгаа нь сайшаалтай хэрэг л гэж ойлгодог. Одоо миний хувьд их бахархалтай байдаг. Хотод амьдардаг зөндөө хүмүүс зундаа хөдөө явъя, хүүхдээ хөдөө байлгая гэж хүссэн ч гэсэн ах дүү садан хөдөө байдаггүй. Тэгээд явлаа ч гэсэн амралтанд хоёр л хононо. Хүүхдээ хөдөө байлгая, хөдөө ахуйтай ойрхон байлгая гэж боддог ч гэсэн хөдөөтэй айлууд байхгүй байна. Тийм болохоор би хөдөөтэй байгаадаа маш их баярладаг.

-Хүмүүс гэр бүлдээ цаг гаргах нь ховордож байгаа  анзаарагддаг. Энэ талаар таны бодол?

-Уран бүтээлч гэлтгүй одоо ер нь залуучууд гэр бүлдээ цаг гаргах нь ховор байгаа. Нийтлэг анзаарагдаж байгаа байдал гэр бүлдээ цаг гаргахгүй байна. Гэр бүлдээ цаг гаргалаа гэхэд сошиал хэрэглээ их байна. Хүүхдүүд утасанд их донтож байна. Тэрийг яаж зохицуулах ёстой юм бол гэж их боддог. Миний хувьд гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Амралтын өдөр болгон гэр бүлээрээ хотод ойрхон уулын ам гээд явж үзээгүй газар байхгүй. Амралтын өдөр болгон гэртээ сайхан хоол хийгээд Төр хурахын аманд ч юм уу хаа нэгтээ очоод хоол идээд ирдэг байсан. Одоо даанч Богд уул маань бүгд хашаатай боллоо доо. Тэр мэтээр гэр бүлдээ цаг гаргана гэхээр л зарим найзуудаа сонсохоор заавал гадуур гарч хоол идээд, заавал мөнгө зарлагадаад гэж ойлгоод байх шиг байгаа юм. Мэдээж зарим амралтын өдрүүдэд заавал салхинд гарахгүйгээр кино үзнэ. Гэр бүлдээ цаг гаргана гэхээр ажлаас хойш татах юм шиг ойлгоод байдаг. Энэ чинь их энгийн асуудал. Ажлаа тараад эрт харих хэрэгтэй.

 

-Та энэ мэргэжилдээ хэр дурлаж ажилладаг вэ?

-Хүн ер нь дуртай юмандаа л амжилт үзүүлдэг. Юу ч хийж байсан тэрэндээ дуртай л байх юм бол хэнээр ч хэлүүлэхгүй тэрийг сонирхдог, хэнээр ч хэлүүлэхгүй хийдэг. Тэгээд морин хуур хөгжмөө бага байхаасаа л Монголын радиогоор сонсож өссөн. Цаанаасаа сэтгэлд дотно байсан. Өөрийнхөө хэмжээнд л сурч, тоглож байна даа. Тэрнээс ямар нэгэн юмыг тултал сурна гэвэл хүн насаараа л сурдаг гэдэг. Тийм болохоор морин хуур хөгжим бол миний хувьд маш хэцүү хөгжим.

-Морин хуурч хүний онцлог гэж байна биз. Морин хуур хөгжмийн гол онцлог нь юу вэ?

-Би өөрийгөө үнэ цэнэтэй хүн гэж боддог. Яагаад гэвэл тухайн орны үндэсний урлаг, үндэсний соёлыг биет болон биет бусаар ямар нэгэн хэмжээнд тоглодог, бүжиглэдэг, хөөмийлдөг ч юм уу үндэсний урлагийг авч гэдэг утгаараа би үнэ цэнэтэй хүн юм байна гэж боддог.  Тэрийг би ихэнхдээ хаана мэдэрдэг вэ гэхээр хамтлагаараа гадаадад тоглолтоор явж байхдаа мэдэрдэг. Яагаад гэвэл гадаадад урлагийн хүнийг маш өндрөөр үнэлдэг. Санхүүгийн хувьд ч үнэлдэг. Одоо жишээ нь микрофон тавьж өгөхөөс өгсүүлээд “Та хаана суух вэ, Та энд суух уу,  микрофон чинь ийм байх уу” гэхээс эхлүүлээд нэг уран бүтээлчид гурван хүн үйлчилдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаас өөрийгөө уран бүтээлч ямар гоё юм бэ  гэдгийг гадны тайзнаас авдаг.

-Та мэдээж олон тайзан дээр гарч байсан байх. Тэр тайзан дундаас танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн ч гэх юм уу, гоё санагдсан тайз ямар тайз байсан бэ?

-Гоё тайз гэвэл бүгдээрээ л надад гоё тайз. Яг тийм сэтгэлд үлдсэн ямар гоё юм бэ гэх тайз мэдээж зөндөө л  байгаа. Энд тэнд хурим найран дээр тоглож байгаа ч бүгд л уран бүтээлч хүний хувьд тайз. Хүний өмнө тоглох гээд гарч л байгаа бол энэ чинь тайз. Тэр тайз болгоныг хүндэлж, урлагийнхан алтан тайзаа хүндэлнэ гэж ярьдаг л даа. Тэрэн шиг гарах болгондоо л хамгийн нэгдүгээрт бие авч яваа байдал чухал.  Ядаж л үс толгойгоо гоё угаачихсан байх хэрэгтэй. Хүний нүдэнд ямар гоё юм бэ гэж харагдахаар байх юмсан гэж их хичээдэг. Зарим хүмүүсийг үзэгчийн суудлаас харахад жаахан тэгчихгүй дээ гэсэн бодол төрдөг. Тэгэхээр тэр тал  дээрээ хичээдэг. Аятайхан харагдчих юмсан гэж боддог.

-Монголын  нийгэмд үндэсний хөгжмчид ямар байр суурьтай байдаг вэ, та ямар байгаасай гэж боддог вэ?

-Морин хуур хөгжим, үндэсний урлагаа манайх харьцангуй хүндэтгэдэг болсон. Яг үнэлж чадаж байна уу гэвэл би сөрөг сэтгэгдэлтэй байдаг. Яагаад вэ гэвэл найрын дууны эхлэлд морин хуур тоглуулья гэж их ханддаг. “За тэгье, тоглоод өгье. Ямар үнэтэй вэ” гэхээр би чинь бас хамтлагийн хөгжимчин гэдгээрээ өөртөө нэг үнэлэмж байна. Тэр үнэлэмжээ хэлэхээр “Өө тийм үү, СУИС-ийн оюутан 100 мянгаар тоглоно гэсэн” гэдэг ч юм уу.  Морин хуурчдыг зүгээр нэг 100 мянгаар тоглодог гээд ойлгочихсон байдаг. Үндэсний урлаг маш чухал гэдгийг мэддэг мөртлөө, найр наадамд хамгийн эхэнд дуугаргах ёстой гэж хүндэтгэж байгаа мөртлөө үнэлж чаддаггүй. Уртын дуучин, морин хуурч бол ерөөсөө л зуу, хоёр зуун мянгын уран бүтээлчид болчихсон. Тэгсэн мөртлөө нэг нийтийн дуучин орж ирээд ямар үнэлэмжтэй дуулчихаад гардаг билээ. Тэгэж бодох юм бол их сонин асуудал.

-Хамтлагийн нэрийг та өгсөн юм байна  лээ. Ямар учраас “Жонон” гэж нэрлэх болсон бэ?

-Хамтлагийн нэрийн хувьд манай хамтлаг эхлээд шал өөр, бүүр гадаад нэртэй байсан. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай болгох хэрэгтэй юм байна гэсэн сэдэл бол байсан. Гэхдээ яг яаж гэдгийг дөнгөж сургууль төгсөж байгаа хүүхдүүд үндсэн суурь ойлголтгүй юм байсан. Хүн дөнгөж ажилдаа ороод  учраа олохгүй байдагтай адилхан. Үндэсний хөгжим илүү залуу үедээ чиглэх хэрэгтэй юм байна. Өөр илүү хөгжих хэрэгтэй юм байна. Орчин үеийнхээ хэв маягийг дагах хэрэгтэй юм байна гэдэг л ойлголт байсан. Тэгээд монгол нэртэй байх хэрэгтэй юм байна гээд монгол нэр өгсөн.  

Дэлгэрнгүйн ЭНДээс үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.