Н.Учрал: Төрийн үйлчилгээг ЦАХИМЖУУЛЖ, АВЛИГАЛЫГ БУУРУУЛАХЫН тулд хичээж ажиллана!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-31

Өнөөдөр УИХ-ын чуулганаар шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  “Өнгөрсөн хугацаанд Боловсрол шинжлэх ухааны сайд давхар үүрэг гүйцэтгэж байсан. 2018 онд Цахим бодлогын түр хороо байгуулаад, 2020 онд инноваци цахим бодлогын байнгын хороо болж их хурлын хуулинд өөрчлөлт орсон. Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийг дэмжих таван хууль манай байнгын хороо, миний бие ахалж амжилттай хэрэгжүүллээ. Ингэснээр авилгал хээл хахуулийн хэрэг буурна, төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ, ингэж байж авилгалын индекст эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар өөрөө шинэ сэргэлтийн бодлогод хэрхэн үр дүн үзүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарна. Иргэдийн зүгээс кибер аюулгүй байдлын асуудалд нэлээд анхаарч, хуулийг баталсан.

Кибер аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал дээр бид нар онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Тоон гарын үсгийн тухай хууль амжилттай хэрэгжиж, 300 гаруй тоон гарын үсэг тараагдсан. Энэ тоог ахиулна. Ингэснээр орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүлээж авах бололцоог бүрдүүлнэ. Яамны бүтэц, орон тоо батлагдсан. Цаашдаа бид цахим гарын үсгийн хуулийг дагалдуулаад төрийн албаны цалингийн итгэлцүүрийг ялангуяа энэ программ хангамж үйлдвэрлэгч нар болон мэдээлэл технологийн салбарын мэргэжилтэнгүүдэд өөрөөр тогтоох хуулийг дагалдуулж хэрэгжүүлнэ. Яагаад гэхээр мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд бол цалин хөлсний хувьд бусдаас онцгой авч үзэж төрийн захиргааны албан тушаалтнуудтай адилхан цалинжуулахад нэлээд бэрхшээл дагуулж байдаг. Тийм учраас илүү бүтээмжтэй, цомхон, чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг чадваржуулахад анхаарах ёстой.

Манай энэ салбар нарийн мэргэжил шаарддаг. Жишээ нь, программ, техник хангамж, кибер гээд тус тусдаа нарийн мэргэжлүүд шаардаж байгаа учраас төрийн албаны хуулин дээр ч гэсэн итгэлцүүрийг нь өөрөөр тогтоож, салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа цалин хөлсний хангамжийг нэмэгдүүлж, илүү цомхон багаар бүтээмжэй ажиллана. Нарийн мэргэжлийн боловсон хүчин хувийн секторт бол байгаа. Мэргэжлийн холбоод хувийн хэвшлээр дамжуулаад арим ажлыг гүйцэтгүүлнэ, төр бүх ажлыг хийх шаардлагагүй” гэж ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.