С.Энхболд сайдын санаачилгаар Монгол улсад анх удаа МЭДРЭЛИЙН ЁЗООР ТАЙРАХ ХАГАЛГААГ амжилттай хийжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-04
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар Монгол улсад анх удаагаа тархины саа, саажилттай хүүхдүүдийг эмчлэх "МЭДРЭЛИЙН ЁЗООР ТАЙРАХ" хагалгааг амжилттай хийжээ. Уг хагалгааг Турк улсын эмч нарын зааврын дагуу улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа "Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Туркын эмч нарын дэмжлэгтэйгээр нэвтрүүлж чадлаа
 
Эрүүл мэндийн сайдын хувьд салбарын эмч мэргэжилтэн, яамны удирдлагын багтайгаа хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлсэн юмаа. Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг сайдын хувьд гаргаж ажлаа эхлүүлсэн. ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажиллтай хүүхдүүдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт 8-р сард багтаан хамрууллаа. 9-р сарын 1-3 хооронд Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 7 хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов. Ингэснээр эхний ээлжинд нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай 5 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг 2 өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголн эмч мэргэжилтэнгүүд хийж дууслаа.
 
Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангасан болно. Ийнхүү Монгол улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг Эрүүл мэндийн салбар багаараа нэвтэрүүлж чадлаа. Гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор 4 дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхааран ажиллана. Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаа Лийв эмнэлгийн багийг 20 жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч профессор Др.Туфан, түүний баг хамт олон болон Үндэсний багийнхаа эмч, сувилагч, мэргэжилтэнгүүд та бүхэндээ талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ илүү их амжилтыг хүсэн ерөөе. Монгол хүн бүр эх орондоо Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах тэр боломжийн төлөө бид хичээн ажиллах болно" гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.