Аймгийн засаг дарга “ЛА МЭНСА Э ИЛ ГРЭЖЖЭ” ТББ-ын тэргүүн Mаттео Бэллинэлиг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-09-06

 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Швейцарын холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын тэргүүн Маттео Бэллинэлиг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира, “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын   Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч “Сайхан Монголын өнгө” ТББ-ын тэргүүн Б.Лхагвачулуун, болон орон нутаг хариуцсан ажилтан Р.Атимхан нар оролцлоо.

   Уулзалтын эхэнд “Ла Мэнса Э Ил Грэжжэ” ТББ-ын тэргүүн Маттео Бэллинэли “Боловсролын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй таатай орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанхус сумын Хөх хөтөл багт 100 хүүхдийн ортой цэцэрлэг, Алтай сумын Улаан хад багт 100 хүүхдийн багтаамжтай бага сургуулийг шинээр барихад дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж бариулсан. Гэвч  ашиглалтад аваад жил болоогүй байхад барилгад зарим нэг чанарын асуудал үүсэж, гэрээний дагуу гүйцэтгэгч компанийн удирдлагуудад дахин засварлахыг хүссэн боловч одоог хүртэл засвар хийхгүй байна. Түүнчлэн Улаанхус сумын Хөх хөтөл багийн төвд 2021 онд шинээр Ландфилл буюу хогийн шинэ цэгийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан билээ. Гэтэл энэхүү Ландфиллийг орон нутгийн удирдлагууд хариуцаж авч ажиллуулахгүй, хариуцах эзэнгүй болгож байгаа. Баян-Өлгий аймагт бид хайртай. Зарим хүмүүсийн хандаж байгаа хандлага, хариуцлагагүй байдал нь бидний итгэлийг алдагдуулж байна. Иймд Улаанхад багт баригдсан сургуулийн гүйцэтгэгч компанийг шахаж шаардахыг, Хөх хөтөл багт баригдсан ландфиллийн үйл ажиллагааг цаашид зориулалтын дагуу зөв зохистой хариуцан авч явах, ажиллуулахыг танаас хүсэж байна. Цаашид төсөл хөтөлбөрүүдээр баригдах барилга байгууламжийг хариуцлагатай, чанартай хийдэг компаниудаар гүйцэтгүүлэхийг танаас хүсэж байна” хэмээн уулзалтын зорилгоо танилцуулсан юм.

 

   Аймгийн Засаг дарга Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын тэргүүнд манай аймагт  буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг, ландфилл зэргийг барьж байгуулж өгсөн явдалд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлж, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ авахаа тэмдэглэн хэлэв.

   Уулзалтын үеэр талууд ландфиллийн үйл ажиллагаа, зохион байгуулалт менежментийг зөв хийх талаар болон цаашид бүрэн зөв зохистой ашиглуулах талаар харилцан санал солилцож, тохиролцож, санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд ландфиллийн үйл ажиллагааны явцад үүсэж болох аливаа хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг хамтран хэлэлцэж, санал солилцож тухай бүр санал нэгтэй шийдвэрлэхээр болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.