2022-2023 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангиналаа
Үйл явдал
/
2022-09-06

Гоёлын тууз, сурагчийн өмсгөлөөрөө гангарсан хүүхэд, багачуудын эрдмийн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол орны өнцөг булан бүрт зургаан настай балчраас эхлээд их сургуулийн ширээнд тохой залган суух оюутан залуус баяраа тэмдэглэв.

  Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэг, Икейн нэрэмжит 1 дүгээр ерөнхий боловсролын сургууль, МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиудад зочилж шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

700

   Аймгийн Засаг дарга эрдмийн баярын нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Эрдэм номын оргил өөд түүчээлэн суралцаж буй эрхэм хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өлгий нутгийн нийт багш нартаа нөр их, маш хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөе. Хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус Та нар  бол Эх орны маргаашийг бүтээх, эх орноо хөгжил дэвшлийн гэгээн замд хөтлөх эзэд нь билээ. Эрдэм номд хязгаар гэж үгүй. 21 дүгээр зуунд мэдлэг боловсрол, ур ухаан улс орны маань амжилттай оршин тогтнох үндэс болж байна. Тийм ч учраас та бүхнийгээ эрдэм номдоо шамдан суралцаж, тив дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхаж, 21-р зууны хиймэл оюун ухаан технологийн өсөлт амжилтад шамдан суралцана гэдэгт итгэж байна” гэв.

700

   2022-2023 оны хичээлийн шинэ жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 44 сургуульд 26 мянган 600 гаруй хүүхэд суралцахаас 2300 гаруй нь сургуулийнхаа алтан босгоор анхлан орж буй шинэхэн сурагчид юм.  Мөн төр, хувийн 53 цэцэрлэгт 8200 хүүхэд бүртгүүлснээс 1300 нь хоёр настан байна. Харин МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд нийт 100 гаруй оюутан суралцахаас энэ хичээлийн шинэ жилд нэгдүгээр дамжаанд 20 оюутан  элсэн орж суралцах юм.

   Жил бүрийн хичээлийн шинэ жил өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Энэ жил хувьд боловсролын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг ёслол төгөлдөр залж байгаагаараа онцлогтой жил болж байна.

700

    Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.