Монгол, Лаос улсын хамтын ажиллагааны 60 жилд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Үйл явдал
/
2022-09-08

“Монгол Улс-Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хамтын ажиллагаа-60 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Эрдэм шинжилгээний бага хуралд Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол Улс–БНАЛАУ-ын Парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Лаосын талаас БНАЛАУ-ын Парламентын бүлгийн дарга Др.Вонсаг Пандавонг, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд, албаны төлөөлөгчид оролцсон юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, найрсаг харилцаатай, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Тэр дундаа хоёр улсын хөдөө аж ахуйн салбар баялаг түүхтэй бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байсан” гэдгийг онцоллоо. 

Монгол, Лаос улсын хамтын ажиллагаанаас дурдвал, 

  • Монголын техник, эдийн засгийн тусламжаар 1970-1980 онд Лаосын Сиехуанг мужид хонины аж ахуй байгуулан Монгол хонь үржүүлгийн ажлыг эхлүүлсэн.
  • БНАЛАУ-ын оюутнуудыг малын эмч зоотехникч мэргэжлээр Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд сургаж байсан.
  • БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд 2009 оны 06 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр Яам хоорондын Санамж бичиг болон Монгол Улсын Сэлэнгэ аймаг, БНАЛАУ-ын Аттаппы муж хоорондын Санамж бичигт гарын үсэг зурсан.
  • 2010 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тэргүүтэй төлөөлөгчид БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газраас Лаосын Улсын Засгийн газарт 1000 хонь бэлэглэсэн батламжийг БНАЛАУ-ын Ерөнхий сайдад гардуулан өгч Лаост хонины аж ахуйг сэргээн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцож байсан. Мөн тус айлчлалын үеэр Лаосын талаас Монгол Улсад 10,000 хүртэлх га газрыг цагаан будаа, чихрийн нишингэ, модны үйлдвэрлэл эрхлэхэд зориулж түрээслүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Энэхүү ажлын хүрээнд 2012 онд ХХААХҮЯ, Лаосын Хөдөө аж ахуй, ойн яам, Лаосын Павина компани хооронд 3 талт протоколыг байгуулж Чампассак мужид нийт 5 га газарт 9 төрлийн сортын цагаан будаа тариалж 4 төрлийн сортноос 8,5 тонн тутрага хураан авч байсан. Улмаар 2013 онд тус ажлыг үргэлжлүүлэн хийхээр талууд харилцан тохиролцож байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.