Эрдэнэт үйлдвэрйин барилгачид мэргэжлийн баяраа тэмдэглэв
Үйл явдал
/
2022-09-07
Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 96 жилийг ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон мэргэжлийн баяраа үндэсний хэв шинж, өнгө төрх агуулсан “Барилгачин -2022” бэсрэг наадам зохион байгуулж тэмдэглэлээ.

Өнгөрсөн амралтын өдөр анхдагчдын өлгий Булган хангайд  болсон бэсрэг наадмаар барилгачид хүчээ үзэн барилдаж, хурдан буянаа уралдуулж, цэц сорин харваж бас хуруудаж, мөн олс татаж аваргаа тодоруулсан байна. Хүчит бөхийн барилдаанд Автомеханизмын хэсгийн Тусгай зориулалттай автомашины жолооч О.Амартүвшин түрүүлж, Засвар, засал чимэглэлийн хэсгийн мастер Б.Пүрэвдорж үзүүрлэсэн юм. Харин уран барилдаантай бөхөөр Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн сантехникийн слесарь Ч.Бямбажав тодров. Хурдан морьдын уралдаанд 22 хүлэг шандас сорьсноос Засвар, засал чимэглэлийн хэсгийн дарга Б.Эрдэнэсайхны уясан, засал чимэглэлч Н.Бүүвэйгийн унасан хээр үрээ түрүүлж торгон жолоогоо өргүүлсэн бол Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн барилгын туслах ажилтан Н.Эрдэнийн уяж, сантехникийн слесарь Г.Бат-Эрдэнийн унасан хүрэн халзан  морь аман хүзүүдлээ.

Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Цахилгаан, шугам сүлжээ, металл хийцийн хэсгийн цахилгаанчин Д.Баярболд түрүүлж, Засвар, засал чимэглэлийн хэсгийн дарга Б.Эрдэнэсайхан, Үйлдвэр техникийн товчооны барилгын хяналтын инженер Г.Билгүүн нар удаалав. Эмэгтэйчүүдээс Барилгын хийц, бүтээцийн хэсгийн барилгын туслах ажилтан Г.Золзаяа нэгдүгээр байр эзэлж, Барилга, угсралтын хэсгийн засал чимэглэлч Г.Уранчимэг, Барилгын хийц, бүтээцийн хэсгийн барилгын туслах ажилтан Я.Дөлгөөн удаах байрт шалгарсан юм. Түүнээс гадна хуруудах тэмцээнд Барилга, угсралтын хэсгийн бетончин Б.Самдан ахлагчтай баг, Олс таталтын тэмцээнд Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлч М.Гэрэлмаагийн баг тус тус түрүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.