Долоо хоногийн тойм: Улстөрчид засварын ажлаа эхлүүлж, Улс орон өвлийн бэлтгэлээ базааж байна
Нийтлэл
/
2022-09-18
Хөшигийн хөндий дэх хурдны замыг хаалаа

Улаанбаатараас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн замын хоёр эгнээг түр хугацаанд хаахаар болжээ. Тодруулбал тус чиглэлийн 32.2 км авто замын 24 км-ээс 24.5 км хоорондын авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг засварлах шаардлага үүсчээ. Улмаар өнөөдрөөс ирэх сарын зургааны өдөр хүртэл тухайн замыг хаахаар болжээ.

Өвөлжилтийг хангахаар сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэллээ

Энэ жил нийслэлийн долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлш борлуулахаар боллоо. Тухайлбал өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүрэгт шахмал түлш борлуулагддаг байсан бол энэ жил Налайх дүүрэгт шахмал түлш борлуулах цэг нээгдлээ. Борлуулалтын цэгийн тухайд одоогийн байдлаар нийт 450 цэгт сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 650 цэгээр түлш борлуулах аж.

Орон даяар номын баяр зохиогдож байна

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өргө хэмжээ өчигдрөөс эхэллээ. Тус баяр энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү арга хэмжээ нь Нийслэлээс гадна 21 аймгийн төв талбайд зэрэг зохиогдож байгаагаараа онцлогтой. Номын баярын арга хэмжээнд 400 орчим АНН, байгууллага, хувь хүмүүс оролцож байна.

Монгол-Оросын хамтарсан сургуулийн ШИНЭ захирал томилогдлоо

Монгол-Оросын хамтарсан гурав дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болор томилогдоод байна. Гэсэн хэдий ч өмнөх захирал асан Ж.Соронзох нь энэхүү хүнд тамгаа хүлээлгэж өгөхгүй байгаа гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Узбекистан Улсын Самарканд хотыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод энэ сарын 14-ний өдөр айлчиллаа.

Цементийн импортын татварыг он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гарчээ

Цемент тээвэрлэх зориулалт бүхий “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн 154 ширхэг битүү вагон, 16 ширхэг хоппер вагон тээвэрт ашиглагдаж байна. “Хөтөл цемент шохой” ТӨХК нь өөрийн эзэмшлийн 144 ширхэг хоппер вагонтой. “МАК” ХХК нь өөрийн эзэмшлийн 182 ширхэг хоппер вагонтой.“Монцемент” ХХК нь өөрийн эзэмшлийн 40 ширхэг хоппер вагон, 30 ширхэг хагас вагоныг тус тус тээвэрт оролцуулж байна. Энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан санал оруулснаар цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.