Я.Эрдэнэсайхан: Бид ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГ болчихсон. Одоо гадны зах зээлд ГАРГАХАД АНХААРНА!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-09-25

17 дахь жилдээ "Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл" нэртэй хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа юм. Уг өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас хариуцан орон нутгийн ЖДҮ эрхлэгчдээ дэмжихээр "21 аймаг - 21 брэнд" агуулгын дор явуулж байна. Энэ талаар Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. 

ЖДҮ, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж, жил бүр  ийм үзэсгэлэн зохион байгуулдаг. Хэр үр дүнтэй байна вэ?

Энэ жил 17 дахь удаагаа болж байна. 2019 оноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань нэгдэж эхэлсэн. Борлуулалт маш сайн байна. 460 гаруй аж ахуй нэгж оролцож байгаагаас эхний дөрвөн өдрийн байдлаар 640 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гол онцлог нь ковидын дараах анхны том хэмжээний хямд үзэсгэлэн худалдаа явагдаж байгаад оршино. Иргэд хямд, чанартай бүтээгдэхүүний нэмүү өртөггүйгээр шууд худалдан авч, өвлийнхөө хэрэгцээг нөөцлөх боломж бүрдэж байна. 

Иргэдийн зүгээс зөвхөн үзэсгэлэнгийн үед бус тогтол хямд бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байдаг. Ийм боломжийг бүрдүүлэхэд цаашид хэрхэн анхаарах вэ?

Зах зээлийнхээ зарчмаар нийлүүлэлт хангалттай бол аливаа барааны үнэ хямд байдаг. Энэ намрын статистикаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдарсан үзүүлэлттэй гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газраас хуулийн хүрээнд олон төрлийн үзэсгэлэн худалдааг үе шаттай зохион байгуулдаг. Гол зорилго нь иргэд, хэрэглэгчдэд хямд, найдвартай бүтээгдэхүүнийг  олгох юм.

Нэг үеэ бодвол Монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Одоо гадны зах зээлд гаргахад төрийн дэмжлэг хэрэгтэй байна шүү дээ?

Яг тийм. Бид боломжоороо гаднын зах зээлд Монгол брэндийн бүтээгдэхүүнийг сурталчлахаар зорьж байна. Саяхан АНУ-д Монголд үйлдвэрлэв“ үзэсгэлэнг зохион байгууллаа. Оролцсон аж ахуй нэгжүүд маань худалдааны борлуулалт маш сайн, сэтгэл ханамжтай байхаас гадна Америк дахь иргэдийн худалдан авалт сайн байсан. Удахгүй бид Солонгос улсад дахин үзэсгэлэн гаргана. Гаднын зочид төлөөлөгчид “Монголчууд үйлдвэрлэж чаддаг болж” гэдгийг онцолсон. Цаашдаа бид Монгол гэсэн брэндийг ДЭЛХИЙН БРЭНД болгоход анхаарах шаардлага үүсчихлээ. Үүнийг зохицуулахад ХУДАЛДААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЯАМ, АГЕНТЛАГ хэрэгтэй болчихсон.

Бид ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ БОЛНО гээд олон жил ярьсан. Одоо л хэрэгтэй гэдэг нь мэдэгдэж байна шүү дээ?

Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээний дотоодын худалдааг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, гадаад худалдааг нь Гадаад харилцааны яам хариуцаг. Шинээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан. Одоо энэ яамны бодлогоос ихээхэн хамаарна.

Ковидын дараах эдийн засгийн хямралд жижиг дундынхан нэлээд өртсөн. Одоо хэр сэргэж байна вэ. Засгийн газраас багагүй анхаарлаа шүү дээ?

Манай улсад өнөөгийн байдлаар 64 мянган жижиг дунд үйлдвэрийнн 80 гаруй хувьд нь “ковидын хямралд өртсөн”. Харин азаар дийлэнхийнх нь үйл ажиллагаа буцаад сэргэчихсэн, хэвийн болж байна. Монголчууд ямар ч үед ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР сайтай үндэсний онцлогтой учраас маш хурдан сэргэж байна.

ЖДҮ-гийн салбар нэг хэсэг ХЭЛ АМАНД их өртсөн. Сүүлийн жилүүдэд бие даасан агентлагтай болоод харьцангуй нээлттэй, чанартай үйлчилгээтэй боллоо. Цаашдаа ямар шинэлэг бодлогыг нэвтрүүлэхээр зорьж байна вэ?

Манай агентлаг ганцхан жижиг дундын салбарыг бус хоршоо, ахуй үйлчилгээний салбарыг ч бас хариуцаж байгаа. 38 албан хаагчтайгаар өндөр ачаалалтай ажилладаг. Нэг хэсэг хэл ам дагуулсан асуудлыг арай гэж цэгцэд нь оруулж, хуулийн дагуу, иргэдийн оролцоо, хяналттайгаар ил тод үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮ- сангийн зээл олголт, төлөлт, хяналтын механизмыг маш сайн болгосон. Энэ бол бидний ажлын үр дүн. Хамт олноороо бахархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого манай агентлагийн чиг үүрэгт байхгүй ч бид аж ахуй нэгжүүдээ дэмжээд Дэлхийн банкны “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-г хамтран хэрэгжүүлж байна.  Тухайн байгууллага аж ахуй нэгж хаанахын ямар улсад ямар нэр төрлийн бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж байгааг судлаад тухайн улсын мэргэжлийн байгууллагад холбож өгөх, стандарт шаардлагыг хангасан эсэхийг нягтлах, зөвлөн туслах, зах зээлийн судалгааг нь хийх, үзэсгэлэн худалдаанд оролцоход холбож өгөх, дэмжих, гаднын улсын зээл тусламжид хамруулах гээд бүхий л сувгаар хамтардаг. Манай улсаас  зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа, гаргахад бэлэн болчихсон, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа олон аж ахуй нэгж байна. Яг үнэндээ ЭКСПОРТ гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй аж ахуй нэг ч байна. Бид бүгдэд нь боломжоороо туслаад л явж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.