Б.БАТ-ОЧИР: Хамгийн өрөвдөлтэй нь Монгол хүн хүний нутгаас мөнгө хайж эх орондоо байртай болох явдал
Ярилцлага
/
2022-09-29
Эгэл жирийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор бусдын адилаар харь улсыг зорсон энэ залууг Б.Бат-Очир гэдэг. Долоон жилийн турш бусдын нутагт ажиллаж амьдарсан тэрээр сурч мэдсэн зүйлээ эх орондоо ашиглахаар ирээд байгаа билээ.
“Сигналдаж байгаа сигнал нь энэ нийгмийн хашхираан болчихсон. Бүүр шоронд орчхоод намайг авраач гээд байгаа юм шиг. Тэр тоостой машинууд энэ нийгмийн өнгө болчихсон, аз жаргалгүй хүмүүс их байна” гэх түүний ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу. Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батбаярын Бат-Очир гэдэг. Саяхан эх орондоо ирсэн. Одоогоор ажилгүй байгаа.

-Яагаад Япон явъя гэж бодсон бэ? Явахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-2015 онд Япон улс руу явсан. Яагаад явах болсон гэдэгт их олон жилийн их зүйлс нөлөөлсөн. Хамгийн том нөлөөлсөн зүйл нь би Монголын номер нэг ресторанд зөөгч хийдэг байсан. Тэгсэн яг 2015 оны нэг өдөр миний үеийн залуучууд орж ирээд үнэтэй сет аваад, Монгол улсын хямралыг ярьж байсан. Тэд хямрал ярьж байх үед би тэд нараас хоёр гуравхан насны зөрүүтэй бааранд туяхан гартай цагаан залуу зөөгч хийгээд явж байсан. Тэд нарын яриаг сонсоод би өөрөөсөө ичээд их сонин байдалд ороод  коридорт гарч зогсоод их зүйл бодсон. Би одоо ингэж байж болохгүй юм байна гэж их бодсон. Түүнээс өмнө Д.Дагвадорж аварга орж ирээд надтай ярилцаж байсан. Тэгээд л өмнө нь Японы талаар ойлголт авчихсан байсан дээр нэмэгдээд миний үеийн залуус долларын ханш гээд л ярьж байгаа нь надад цохилт болсон. За за больё, гадагшаа явья, газар үзье  гэдэг шийдвэрийг гаргасан.

-Япон улсад очоод ямар ажил хийв?

-Японд очоод хар цагаан бүхий л ажил хийсэн. Хамгийн оргил нь гэвэл сая ирэхийн өмнө Монгол залууст ажлын байр бий болгодог байсан. Янз бүрийн ажилд зуучилдаг. Хамгийн оргил нь энэ юм болов уу?

-Монгол залуучуудыгаа ажилд зуучилж байхад Монголчууд ихэнхдээ ямар ажил хийх хүсэлтэй байдаг вэ?

-Манай залуус ийм тийм гэхээсээ илүүтэй бэлэн мөнгөний ажил байвал шууд хийе гэдэг.  Над руу их олон залуусаас мессеж ирдэг. Тэр мессеж дундаас давамгай байдаг нь “Би энд ирээд удаагүй байгаа. Амьдралаа сайжруулах гээд ирчихсэн байна. Би өр тавиад ирсэн. Би өдрийн зургаан цагаар ажилдаг. Одоо хажуугаар нь ажил хийчихмээр байна. Ийм ажил байна уу?” гээд л их хүн холбогддог. Дандаа 19-21 насны залуучууд холбогддог. Би заримдаа мессежийг нь уншиж амждаггүй. Тэгэхээр наадах чинь ёстой их зантай юм байна лээ гэж хоорондоо ярьдаг гэсэн. Дээд тал нь 25, 26 хүнийг нэг доор ажлуулж байсан.

-Харь газар очоод мэдээж залуучуудад маань хүндрэлүүд гардаг байх. Ямар хүндрэлүүд ихэвчлэн гардаг вэ?

-Монголоос дөнгөж ирээд дасаагүй байдаг. Манай залуучуудын гурван үгний хоёр нь хараал. Юманд хандах хандлага ихтэй. Би ч бас анх тийм л байсан. Гэхдээ зааж өгөөд жаахан байлдан дагуулаад явбал дийлдэхгүй авъяастай. Япон, Ветнам, Хятад гээд маш олон үндэстэн ажил хийж байхад тэр дундаас Монгол хүн ялгардаг. Муугаараа ч сайнаараа ч тэр. Яагаад муугаараа ялгардаг вэ? гэвэл багаасаа харанхуй нийгэмд өсчихсөн байдаг л даа.

-Монголчууд “Манай залуу боловсон хүчин гадаад гарчихлаа. Монгол улсад залуу боловсон хүчин хэрэгтэй. Эд нар Монголдоо яагаад ажил хийж болохгүй байгаа юм? Өчнөөн ажлын байр байна” гэсэн шүүмжлэлүүд байгаад байдаг. Энэ тал дээр таны бодол?

-Тэр залууст ямар ч буруу байхгүй. Энэ нийгмийн энэ тогтолцоог бүрдүүлсэн хүмүүс л залуу хүмүүсээ тэгж хэлж байгаа. Тэр харь улсад байгаа залуусын ганцардал, өөрөө өөртэйгөө тэмцэж байгаа мэдрэмж, биеэ даах гэж оролдож байгаа байдал. Энэ дээр хамгийн аймар зүйл нь юу вэ гэвэл тэнд нийгэм нээлттэй байдаг. Тэр хүнийг харлуулах дарлах ямар нэгэн юм байхгүй болхоор тэр хүмүүс цочролд орчихдог. Монголын бараг хүн болгон “Чи юу ч чадахгүй” гэсэн харьцаан дундаас гадагшаа явахаар сонин мэдрэмж авна. Ямар вэ гэвэл наад зах нь бичиг баримт хөөцөлдөөд төрийн албаар орохоор төрийн алба нь “Би бол энэ улсын төр. Та бол энэ нийгмийн эзэн. Бид танд үйлчлэх ёстой” гэсэн аймар хандлагыг харуулдаг. Урдуур хойгуур төрийн албан хаагч нь гүйж орж ирээд “Та ямар үйлчилгээ авах вэ” гээд л. Хэл ойлгохгүй бол google-дэж орчуулж ирээд л. Шулуухан ярих юм бол Монголын нэг гэр хорооллын залуу тэнд очоод бараг өөрөө сандраад “Ёо, энд юу болоод байна вэ” гэж бодтол нь тэр залуугийн ажлыг бүтээх гээд бүгд ажилдаг. Тэнд гоё мэдрэмж авч байгаа боловч тэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Тэгээд Япон улсад, ийм нийгэмд удахаар эндээ дасан зохицно.

Тэгээд Монголдоо буцаж очих гэсэн ч тэнд ийм гэж бодохоор эх орондоо буцаж очих хүсэлгүй болно. Тэндээ үлдэх арга чарга бүхий л юмыг хөөцөлдөж эхэлдэг. Тэр дундаас гоё юм нь яаж ийж байгаад л орон байртай болох гээд үзээд байдаг.

Хамгийн өрөвдөлтэй нь Монгол хүн хүний нутгаас мөнгө хайж эх орондоо байртай болох гээд байдаг. Их сонин. Яагаад залуус гадаад гараад байгаа юм бэ гэвэл тэнд хөдөлмөрлөөд 3 жилийн дотор хоёр хүүхдэдээ дэлхийн боловсрол эзэмшүүлээд нөхөр, хоёр хүүхдээ аваад сайхан амьдарч байгаа бодит жишээ байна. Магадгүй тэр эмэгтэй тэгж их зориг гаргаагүй байсан бол магадгүй нөхөр нь таксинд явдаг тэргээ арай томруулаад гайгүй болгочихсон байх байсан ч одоо амьдарч байгаа амьдралаасаа дээр амьдрахгүй. Одоо тэд Японд гурван өрөө байртай амралтын өдрөөрөө аялдаг, аз жаргалтай сайхан амьдарч байна.

-Монголын нийгэм, цалин хөлсний талаар та юу гэж бодож байна?

-Гайгүй амьдралын бололцоотой амьдралаа аваад явж байгаа хүмүүс болон энэ нийгмийг авч явдаг гэж онгирдог хүмүүс Монгол хүнийг залхуу, арчаагүй гээд байдаг. Тэдгээр хүмүүс өөрсдөө ядуу айлд байж үзээгүй. Ядуу айлд байгаа хүн тийм амархан ажил хийдэг, тэмцэгч байж тархи нь задардаггүй юм. Энэ нийгэмд тэдгээр хүмүүс тэр цонхийг өөрсдөө бий болгодог. “Би ажлын байр бий болгосон. Сая хоёр зуугийн цалинтай ажил дээр хүмүүс ирэхгүй байна” гэнэ ээ. Гэтэл сая хоёр зуу чинь өнөөдөр цалин биш шүү дээ.

-Монгол улсдаа ямар зорилго өмнөө тавьж юу хийж бүтээе гэсэн бодолтой ирсэн бэ?

-Японд байгаа залуусдаа үлгэр дуурайлал болъё гэж бодож ирсэн. Юм сурч мэдсэн бол одоо яв, юмтай жоохон тэмц. Тэнд очоод нийгэмд оролцоод хийж бүтээ. Монголд нэг ширхэг залуу хүн хэзээ ч дутахгүй. Тийм болохоор би өөрөө жишээ болоод ирсэн. Би дөнгөж ирээд хотын төвөөр алхсан. Яахав амьдрал их гоё байна. Хөдөлмөрч юм хийдэг хүмүүс нь энд амьдардаг юм байна. Тэгсэн хойд зүгт байдаг айлууд аймар байна лээ шүү дээ. Сигналдаж байгаа сигнал нь энэ нийгмийн хашхираан болчихсон. Бүүр шоронд орчхоод намайг авраач гээд байгаа юм шиг. Тэр тоостой машинууд энэ нийгмийн өнгө болчихсон, аз жаргалгүй хүмүүс.

-Долоон жилийн өмнөхөөс Монгол улс өөрчлөгдсөн байна уу?

-Долоон жилийн өмнө авлигал далд байсан. Одоо харахад ил болчхож. Энд тэнд их барилга баригдсан байна. Булан эргээд л барилга. Хүний нүдээр харахад байшин барих боломжгүй газар ч байшин баричихсан байна. Хамгийн гол нь хүмүүс энэ зүйлд эвлрээд, энэ зүйл угаасаа ингэдэг юм гээд бугшчихсан байна лээ. Миний нэг айсан зүйл нь юу байсан бэ гэвэл энд тэнд халаасны хулгайчаас болгоомжил гэсэн бичиг наасан байсан. Аливаа зүйл чинь нийгэмд хоёроос гурван удаа давтагдаад ирэхээр нийгэмд бугшсан асуудал. Тэгсэн залуус цугласан газар гудманд нь хулгай шүгэлчихсэн. Тэрийг хүмүүс анзаарахаа больчихсон байсан. Угаасаа хулгайч байдаг болгоомжтой яваарай гэдэг. Манай нийгэмд халаасны хулгайч байдаг. Тэгэхээр чи л өөрөө болгоомжтой явах ёстой байхаас биш үүний эсрэг яаж тэмцэх вэ гэдэг дээр төрийн болон албан шатны байгууллагуудын оролцоо байхгүй нь харагдаж байна. Энэ төр барьж байгаа хүмүүс залуучууддаа хангалтгүй байна.

-Яриагаа хоёулаа амьдралдаа хөлөө олох гээд явж байгаа гадаадад болон Монголдоо байгаа  залуустаа урмын үг зөвлөгөө өгч энэ яриагаа дуусгая.

- Гадаадруу явхаар төлөвлөж байгаа залуусдаа “Мөнгө олдохгүй байна” гэдэг зүгээр шалтаг. Чи хичээвэл гадагшаа явах мөнгө олдоно. Байр авах гээгүй шүү дээ. Монголд байр авахын тулд тэрбумтан байх хэрэгтэй юм байна лээ. Чи үнэхээр явахыг хүсэж байвал чамаас эрсдэл шаардана. Тэр эрсдлийг даван туулах зориг байхгүй бол чи угаасаа гадагшаа явж чадахгүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ эрсдэл шүү. Гэрээсээ гар, онигоонд ор, шалдаа буу, ямарваа нэгэн үйлдэл хий. Гэхдээ худлаа хэлж хулгай хийж болохгүй. Тэгвэл чамд ямарваа нэгэн өөрчлөлт гарна. Чи явж чаддаггүй юм аа гэхэд чи мэдрэмжтэй болно. Гадаадад оччихсон байгаа нийгэмд нь оччихсон дотор нь ороод юм юмыг мэдрээд явж байгаа залуустаа хандаж “Шантарч бол хэн ч чадна. Бууж өгөөд хаяад явж хэн ч чадна. Тэсч үлдээд хөгждөг нь цөөхөн байдаг. Аль нь болохоо чи өөрөө шийднэ.”  Эргэн тойрны хүмүүс “Чи давж чадахгүй. Чиний ажил муухай, чиний цалин тийм хямдхан юм байна” гэж үгүйсгэдэг. Тийм зүйлд автахгүй урдаа байгаа боломжийг ашиглан ажлаа сайн хийгээрэй. Чи Монголын хилийг давсан л бол чи Батбаярын Бат-Очир биш, чи Монголын Бат-Очир болно шүү. Тэрийг санаарай л гэж хэлмээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.