М.ДАЛАЙЦЭРЭН: Сэтгэлээр унах, уйтгар гуниг гэдэг бол хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл бол сэтгэл гутрал нь хэдэн сар жилээр үргэлжилдэг
Ярилцлага
/
2022-10-23
Сэтгэл гутрал нь хамгийн өргөн тохиолддог сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг юм. Дэлхий даяар таван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед энэ эмгэгээр өвддөг гэж үздэг. Бүх зүйл хэвийн, ямар ч асуудалгүй үед хаанаас ч юм сэтгэл гутрал гарч ирэх үе ч байдаг байна. Тэгвэл энэ талаар Сэтгэл заслын эмч М.Далайцэрэнтэй ярилцлаа.

-Одоо нийгэмд тулгамдаж буй сэтгэл гутралд хэдээс хэдэн насны хүмүүс ихэвчлэн өртөж байна?

-Судалгаагаар 18-29 насны хүмүүс хамгийн их сэтгэл гутралд өртдөг. Ерөнхийдөө цэл залуу насны хүмүүс илүү сэтгэл гутралаар өвчилдөг ба энэ нь амьдралын үе шат солигдож, дасан зохицох чадвар алдагдаж байгаатай холбоотой байж болно.

-Сэтгэл гутралын шинж тэмдэг байдаг л даа Өөрийгөө үнэлэх, хүндлэх үнэлэмж буурах, Итгэл найдваргүй санагдах гэх мэт энд хүмүүс хэр ач холбогдол өгдөг вэ?

-Хүмүүс ихэвчлэн сэтгэлээр унах буюу түр хямрах болон сэтгэл гутрал 2-ыг хооронд нь андуурах гээд байдаг. Сэтгэлээр унах, уйтгар гуниг гэдэг бол хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл ба энэ нь дээд тал нь 14 хоног үргэлжилдэг. Харин сэтгэл гутрал бол илүү удаан хугацаагаар 14-өөс дээш хоног, хэдэн сараар, жилээр үргэлжилдэг. Ингэснээр хүний амьдралын чанар гэдэг зүйл байхгүй болдог. Амьдралаас таашаал авахгүй, аз жаргал мэдрэгдэхгүй, хоосон мэдрэмж, ямар ч эрч хүчгүй болох, хүнтэй ч харьцмааргүй санагдах гэх мэт шинжүүд нь “Хар аяндаа” илэрдэг ба эдгээр сөрөг мэдрэмжийг шүүмжилж болохгүй. Учир нь хүний тархинд АЗ ЖАРГАЛ-тай байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг дааврын (дофамин, серетонин,окситоцин,эндорфин) хэмжээ маш бага хэмжээтэй болж хүссэн хүсээгүй л ийм сэтгэл хөдлөл тогтонгишдог.

-Сэтгэл гутралыг тоолгүй орхисноор ямар үр дагавар хүндрэл гарах вэ?

-Дэлхий дээр хөдөлмөрийн чадвар алдалт үүсгэж байгаа өвчнүүдийг эрэмбэлээд үзэхэд 5-т сэтгэл гутрал ордог байна.

Хүн гаднаас нь харахад эв эрүүл сав саруул, хөл гар нь бүтэн юм шиг харагдах боловч “СЭТГЭЛ” гэдэг эрхтэн нь аль хэдийн ажиллах чадваргүй болчихсон байдаг

Сэтгэл гутралыг эмчлэхгүй удаан хугацаагаар явах нь ХҮНД хэлбэрт оруулдаг. Хөнгөн болон далд гутралын үед сэтгэл зүйн зөвлөгөөгөөр эмчлэгдэх боломжтой байдаг боловч дунд, хүнд хэлбэрийн үед заавал сэтгэцийн эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл хүнд хэлбэрийн үед амиа егүүтгэх бодол, сэдэл аль хэдийн үүсчихсэн, өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг аюултай үйлдэл хийх эрсдэлтэй байдаг.

-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлж  болох уу. Болох бол яаж сэргийлэх вэ. Болохгүй бол хүндрэхээс яаж сэргийлэх вэ?

-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх мөн эмчлэх боломжтой өвчин юм. Хувь хүнд тохирсон зөв эмчилгээ хийснээр, тухайн хүн өөрийгөө сайн дайчилж байгаа тохиолдолд нэлээн өндөр хувьтай эмчилгээ авдаг. Мөн тухайн хүний амьдралын хэв маяг, стресс менежмент тогтмол хийдэг эсэх, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавих, тогтмол дасгал хөдөлгөөн, иог, бясалгал хийдэг эсэхээс шалтгаална.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.