НОЁН Д.Сумъяабазар  НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ холбоотой байх вий!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-03

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Төрийн өмчит компаниуд дахь АВЛИГЫН ХЭРГИЙГ ИЛ БОЛГОХООР дотооддоо “дайн” зарлаад байгаа. Энэ бол тухайн цаг үеэ олсон, хамгийн зөв шийдвэр байхыг ч үгүйсгэхгүй юм. Ёстой нэг Засгийн эрхийг атгачихсан, бүх мэдээлэлд ойр байгаа гэдэгтээ бат итгэлтэйгээр ЗОРИГТОЙ ТЭМЦЭЖ БУЙ нь олон нийтэд таалагдаж байна. Урд өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ХУУЛЬ БУС УУЛ УУРХАЙТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ байсан шиг л. Энэ нь ч магадгүй хамгийн зөв алхам байхыг үгүйсгэхгүй. Хуулийнхан 33 хүнийг шалгаж байгаа тухай албан бус мэдээлэл байна. 

Гэхдээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ бол анх 2017 оноос үлээсэн шүгэл юм. Өмнөговиос сонгогдсон Лувсангийн Энхболд гишүүн анх “Эрдэнэс Тавантолгой” ХК, Орон нутгийн Тавантолгой ХХК хоёрын хоорондын олборлолтын МӨРГӨЦӨГ АЛГА БОЛЧИХСОН хэмээн мэдэгдэж байв. Хангалттай баримт материалыг цуглуулан хууль шүүхийн байгууллагад өгсөн ч өнөөдрийг хүртэл таг чиг байгаа нь НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХУУЛИЙХАН ГИНЖИН ХОЛБООТОЙ гэх хардлагыг төрүүлж, улмаар баталгаажуулдаг.

Яг энэ үед Уул уурхай, Хүнд үйлдвэрий салбар хариуцсан Засгийн газрын гишүүнээр одоогийн хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР ажиллаж байсан гэдгийг бид мэдэж байгаа. Тэгвэл олон нийтийн дунд яригдаад байгаа 40 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ хамгийн сайн мэдэх, эсвэл мэдсэн хэрнээ нийтэд мэдээлэлгүй нуун дарагдуулсан эрхэм нь сайд асан Д.СУМЪЯАБАЗАР болж таарах вий!!

Мань эрийг сайд байхад дэлхийн зах зээлд НҮҮРСНИЙ ҮНЭ МАШ ӨНДӨР байсан учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г олон улсад гаргахаар “ЧИЧЭРЧ” явсан юм. Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сайн гэрэл гэгээтэй үеийг зөв ашиглаж, бүтээн байгуулалтыг эхлүүлье гэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зургаадугаар сарын 14-ний өдөр ороод бүрэн дэмжигдсэн. Өнөөдөр хулгай хийж, улс орныхоо эрх ашгийг хохироох гэж байгаа юм биш ээ, би хулгайч биш. Энэ төсөл дэмжигдээд ажиллавал улсын төсөвт жилдээ 400-гаас 1 тэрбум доллар орж ирнэ Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо бүтээн байгуулалтын ажлуудыг явуулна гэж төлөвлөж байгаа”  гэж БАРДАМ АМЛАЖ байсан ч түүнийг сайдаас бууснаас хойш ШАЛДАН ГУЯ л болж хувирсан.

Тэрбээр салбар хариуцсан сайдын хувьд ХИЛЭЭР ХИЧНЭЭН ТОНН НҮҮРС урд, хойд хөрш рүү гарах, үнэ нь хэдэн төгрөгөөр өсөх буурах, Цагаан хад, Гашуунсухайтаар хичнээн тэрэг гарах, хэд хоноод тээвэр явах зэрэг холбоотой бүх зүйлд ГАР БИЕ ОРОЛЦОЖ БАЙСАН ХҮН “нүүрсний хулгайг мэдэхгүй” байна гэж үгүй. Сайдын хувьд бүх мэдээллийг өглөө бүр татан авч, шаардлагатай гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах эрх мэдэл түүнд байсан. Тэгэхээр мань эр ХУЛГАЙД МЭДСЭЭР БАЙЖ НУУН ДАРАГДУУЛСАН хэрэгт холбогдож ч мэдэх юм.

Хамгийн гол нь түүнийг сайд болох үед дээрх асуудал хөндөгдсөн. Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар асуудлыг булзааруулж IPO гаргах зэрэг тэс өөр зүйлд анхаарлыг хандуулж байсан. Энэ бол асуудлыг санаатайгаар НУУН ДАРАГДУУЛСАН үйлдэл болохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс өнөөгийн Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар даргыг НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДАЛД хамаатуулан шалгахад буруудахгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.197.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.