“Хүүхдийн төлөө сан”-гийн МӨНГИЙГ ШАГНАЛД бус хандив гуйж буй ХҮҮХДҮҮДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД зарцуулъя!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-09

Монголын хүүхдүүд тоглох газаргүй, өвдлөө гэхэд очиж үзүүлэх, эмчлүүлэх эмнэлэггүй болчихсон. Өвчнийг ҮНЭЛЖ, ХЭМЖЭЭ ТОГТООЖ болохгүй учир эмчилгээний зардал харилцан адилгүй. Монгол Улсын Засгийн газраас 2020 онд нэгэн гэгээтэй шийдвэр гаргасан нь “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-ыг дахин байгуулсан явдал. Ерөнхий сайдын ах Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй хүмүүс уг төрийн бус байгууллагыг байгуулсан. Уг фондын мөнгөөр хүүхдүүдэд зориулсан урлагийн байгууллага, бүтээн байгуулалт барих ёстой. Тэр нь хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх ёстой.  Хожиж “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага нь татан буугдаж улмаар “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН” болчихсон.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар уг сангийн дансанд жил бүр улсын төсвөөс 10 тэрбум төгрөг орж байх ёстой. Хамгийн сүүлийн байдлаар ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНД долоон тэрбум 38 сая 913 мянга 590 төгрөг байгаа аж.

Сангийн мөнгөөр санхүүжүүлэх есөн аймаг, гурван дүүрэгт нийт 57 төрийн болон төрийн бус байгууллагын 73 арга хэмжээнд 21,3 тэрбумын төслийн санал ирүүлсэн аж. Эндээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “хүүхдийн замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай” байгуулах ажилд 443,4 сая төгрөг олгохоор болсон байна.

Хүүхдийн төлөө сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ л зарцуулах ёстой. Саяхан сайдаар томилогдсон Т.Аюурсайхан 2022 оны 11 сарын 11-нд тушаал гаргаж тэмцээн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгох зөвшөөрөл өгчээ! Үүнд 46 сая 108 мянган төгрөгийг олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд олгожээ.

Тэгвэл Т.Аюурсайхан сайдаа!! Таныг саарал ордонд дулаан өрөөнд тухлан сууж байхад Төв талбайд аргаа барсан аав ээжүүд хүүхдийнхээ зургийг хэвлэчихсэн түмэн олноосоо хандив босгож эмчилгээнд явсан тохиолдол олон бий!! Хүүхдийн төлөө сангийн мөнгийг зөвхөн барилга байшин барихад бус, тэмцээнд амжилттай оролцсонд нь шагнал хэлбэрээр олгох бус эрүүл мэндийн хүнд шалтгаантай, эмчилгээ сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд ч бас дэмжлэг болгож замын зардалд нь ч тус нэмэр болгох зорилгоор ЗАРЦУУЛЖ БОЛОХГҮЙ юм уу!!

Монголын төрөөс “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байгаа. Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ ч “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийг тэргүүлдэг. Эрхэм Ерөнхий сайдаа!! Танд ч үр хүүхэд бий. Та аав хүн. Хүүхдүүдэд барилга байшингаас илүү чухал зүйл нь ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ болчихоод байна. Иймд та Загийн газрын хуралдаанд санал оруулж “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ОЛГОДОГ” байх зохицуулалтыг хуралдаанаар батлуулж өгөхийг хүсье!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.