Г.Загдаа: Миний муулуулах яах вэ! 2500 гаруй хүний АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН минь БАХАРХАЛ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-08

“Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаас бусдаас битгий харамла...” О.Дашбалбар. Нэрт зохиолчын энэ үгийг амьдралын зарчим болгож сайн муугаараа хилүүлэн бусдын сайн сайхны төлөө өөрийн нэр алдраа хүртэл золиослосон нэгэн эрхмийг манай редакци “ЭГЭЛ АМЬДРАЛ”-ын зочноор урьж оролцууллаа. Тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг 17 жилийн өмнө эхнэр Г.Амарсайханы хамт үүсгэн байгуулж 2500 гаруй иргэнд амьдрал итгэл найдвар хайрлан, нийгэмд эзлэх байр суурийг нь баталгаажуулсан буянтнууд юм. Олон хүн сайнтай муутай, уулын мод урттай богинотой гэж эртний үг бий.

Төрдөө мартагдаж, төрөлдөө гээгдсэн олон иргэнийг орох оронтой, оочих аягатай болгосныхоо хариуд тэрбээр хилс хэргээр аавын хаалга татаж 2,8 жил суугаад шинэ оны өмнөхөн суллагдсан юм. Шинэ оны өмнөхөн гэр бүл, үр хүүхэд, төрийн бус байгууллагынхандаа бэлэг барьж суллагдаж ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таньд юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Сайхан өвөлжиж байна уу?

 Баярлалаа шинэ оны мэнд хүргэе, та бүхэнд. Гарч ирээд гэр бүл, хамт олонтойгоо уулзаад сэтгэл санаа сайхан байна. Өвөл ч сайхан болж байна.

Г.Загдаа ах яг аль нутаг усны хүн бэ, хаана төрж өссөн юм бэ?

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн. Айлын өргөмөл хүүхэд.

Нутаг руугаа байнга явдаг сан. Нутаг орноо ер нь их санана биз?

1997 онд нутгаасаа гарсан. Энэ асуудалд холбогдохоос өмнө жил бүр нэг ах эгчдээ очоод золгочихдог байсан. Сүүлийн гурван жил асуудалд орооцолдож шорон байсан учраас очсонгүй.  Залуу халуун насандаа тоодоггүй, боддог ч үгүй байлаа. Нас яваад ирэхээр нутагаа санадаг, ойр ойрхон очимоор болдог юм байна.

Бага, залуу нас хаана, хэрхэн өнгөрөв?

Тухайн үед нийгмийг ажилчин, малчин, сэхээтэн гэж гурав ангилдаг байсан. Би ажилчин анги байсан. Миний төрсөн эцэг минь малчин хүн байсан. Би чинь өргөмөл хүүхэд миний төрсөн ээжийн төрсөн эгч нь өргөж авч байлаа. Намайг өргөж авсан гэр бүл минь ажилчин анги байсан. Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан гэж бий. Тэнд ээж минь ахлах тогооч аав минь тухайн үед цахилгаан түгээгч хүн байсан. Энэ айлын ганц хүү болж тухайн үед миний үеийн залуучууд яаж өссөн тэгж л өссөндөө.

Хаана ямар мэдлэг боловсрол эзэмшив. Та чинь яг ямар мэргэжилтэй хүн бэ?

Би чинь долдугаар анги төгссөн хүн шүү дээ. Дүрслэх урлагийн сургуулийн анги уг нь ирсэн. Их дэггүй, хэнэггүй хүүхэд байсан учраас сургууль завсардаад олигтой боловсрол эзэмшээгүй. Харин хийж үзээгүй ажил гэж ховор. Архангайд рекламчин, мужаан, Сэлэнгийн сангийн аж ахуйд ажилчин, Зүүнхараад зураг хөдөлмөрийн багш, ахуй үйлчилгээнд гутал засварчин, Дархан гээд яваагүй газаргүй. Багш хүртэл хийж явсан. 

Ам бүл хэдүүлээ вэ. Одоо бол өнөр өтгөн байгаа даа?

Өөрийн зургаан хүүхэдтэй. 2006 онд хоёр хүүхэд тараншид хэцүү амьдрал туулсан  эгч дүү хоёрыг өөрөөрөө овоглож авсан. Саяхан бас ах дүү хоёрыг өргөж аваад хэсэг хугацаанд ч болов эцэг эхийн хайрыг мэдрүүлээд явж байна.

-Хүүхдүүд нь хаана ажиллаж, хөдөлмөрлөдөг вэ? 

Том охин минь Дорноговь аймагт бий. Хүү минь мөрдөгч, нэг охин минь Чех улсад амьдардаг. Нэг нь энд бид хоёрт туслаад  цэцэрлэг хариуцаад, хүүхдүүдийн боловсролд анхаараад явж байна. Сүүлд өргөж авсан хүүхдүүд маань эрдэм номын мөр хөөгөөд, тус тусын амьдралаа эхлүүлсэн. Их засагт нэг нь сурдаг. Нэг нь Японд оюутан.

 Хичнээн ач, зээгийн эмээ, өвөө вэ, та хоёр?   

Хоёр ач арван гурван зээтэй.

Өрхийн тэргүүн аав, өвөө байх бас том хариуцлага шүү. Хэр сайн өвөө вэ?

Эмээ минь сахилгагүй намайг бага байхад аав ээжээс дандаа өмөөрдөг байсан сан. Одоо л ойлгож байна. Аав ээж бол аав ээж, өвөө эмээ бол өвөө эмээ л байх ёстой юм байна, гэдгийг. Өвөө гэдэг чинь өөрөө бий болчихдоггүй. Амьдралаас ургаж бий болсон үр ачдаа зөв үг, үйлдэл, хайр энэрэлийг мэдрүүлэх, амьдрах ухаанд сургадаг зүй тогтол юм байна. Үүнийг  мэдээд зааж сургаж байна даа.

-Та хэр шүтлэгтэй хүн бэ?

Би Хрисэд итгэдэг, шашин бол шүтдэггүй. Өмнө нь Буддын шашинтай байсан. Аав ээж минь тэр үед миний хувцасны заханд хөх давуунд нугалсан сахиус утсаар оёод зүүж өгөөд унтаж байхад дэрэн доор баахан сахар хийчихнэ. Тэр нь архинаас гарна гээд итгэсэн ч, архинаас гараагүй. Их ч зовоосон доо, хөөрхий. 1998 онд би архичин хүн байсан.  Гарын ур сайтай, мөнгө ч их олно. Ийм хэцүү байсан хүн чинь Христэд итгээд 2004 онд архи тамхи хоёрыг нэг л өдөр хаясан. Сая шоронд бурхантай л хамт байсан. Миний судалсан зүйл бол библи. Энэ бол итгэл үнэмшил. Амьдралын минь туршид амар амгалан болгодог зүйл.

-Зөв амьдрах ухаан ТББ-ыг байгуулаад хэдэн жил болж байна. Яагаад зовж ядарсан, гэр оронгүй иргэдэд туслах болсон юм бэ?

Одоо бараг 17 жил болж байна, 2006 оноос хойш гэж тооцохоор. 2006 онд Дарханд байхад нэг хүн надад Есүсийн тухай ярьсан. Түүнийг сонсоод миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж, сайхан болсон. Архи дарснаас гарлаа. Бусдад туслах сэтгэл төрж, төрийн өмнөөс тэднийг асрах үүргийг өгсөн. Одоо энэ нийгмийг харахаар хэцүү байгаа биз дээ? Төр нь ч, төрөл нь ч эд нарт хайр халамжаа үзүүлэхгүй байна. Бидний зорилго бол бодит амьдрал дээр аав ээжийн хайр халамж ямар байх ёстой юм бэ, яаж зэмлэх, сануулах вэ гэдгийг эхнэр бид хоёр хийгээд байгаа юм. Үр хүүхэд маань биднийг эзгүйд цааш аваад явчих ухаанд, бусдыг хайрлаж, энэрэх ухаанд овоо суралцчихаж. Бид хоёрыг хоригдсон хугацаанд энэ байгууллагыг зогсоочихолгүй, сайн авч явсан байна.  

17 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явууллаа төрөөс нэг ч удаа тусламж дэмжлэг гуйсангүй ээ. Танайд ирээд өсөж өндийж, бие даасан хүмүүс эргээд ямар нэгэн тусламж туслалцаа үзүүлж байна уу. Ийм хүмүүс нь хэр их байна вэ?

Биднийг сонгож ирээд бие даагаад хөгжсөн иргэд, өсөн торнисон хүүхдүүд олон бий. Гадаад, дотоодод  ажил хөдөлмөр эрхлээд, хангалттай цалин хөлс аваад, сайн сайхан явж байгааг нь хараад, сонсоод баярлаж, бахархдаг. Юм гэдэг хоёр талтай. Зарим үеп төрийн хайр халамж нь энэ хүмүүсийг эргээд бид хоёрын эсрэг турхираад байна. Эцсийн эцэст энэ хүмүүс буцаад, биднийгээ бараадаад л ирдэг. Бодит үнэн нь энэ.

Та нийгмийг нэлээд хурц шүүмжилдэг. Энэ болж бүтэхгүй байгаа зүйлийг яаж, хэрхэн засаж залруулах вэ? Танд ямар бодол байна вэ?

Нийгмийн халамж гэдэг зүйл дээр л ярьчихъя. Юуны төлөө бид хоёр амь биеэ үл хайрлан зүтгээд байгааг л ойлгох хэрэгтэй. Төр засаг бидний хэрэгжүүлж байгаа энэ жишгээс санаа авч халамжийн үйлчилгээг үзүүлдэг системтэй болох хэрэгтэй. Хүмүүс ч тэр. Ерөнхийдөө хувиа л бодоод байна. “Би л болж байвал болно. Бусад нь хамаагүй” гэсэн энэ аминчхан үзэл л нйигэмд хамгийн аюултай. Хийж байгаа нэгнээ илүү харж, харлуулдаг. Энхэр бид хоёр муу хэлүүлж, хараалгаж зүхүүлэн байж 17 жил хийсэн ажлынхаа шанд ШОРОНД ХҮРТЭЛ орлоо. Хамгийн сайхан нь манай төр засаг бидний ажлыг одоо л ойлгож “Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилго дэвшүүлж, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бид хоёрын санал санаачилга хожуу ч гэсэн төрд хэрэгтэй гэдэг нь нотлогдож байгаад баяртай байна. Бид бага болов ч ТӨРД ГЭРЭЛ АСААЛАА.

Өнөөдрийн хийж бүтээсэн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Ёстой гоё асуулт. Хангалуунаар барахгүй үнэхээр баяр хөөртэй сайхан байна. Үнэхээр аз жаргал чинь энэ шүү дээ. Миний алдаж онох яах вэ! Алдах ч гэждээ хилс хэрэг л дээ. 17 жил бусдын сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн минь л том гавьяа. Бахархал минь энэ юм.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Бусдыг хайрлах, тэтгэх, энэрэх үзэл. Бусдад туслаж, зөв байх зарчмыг баримталдаг. Аугаа зохиолч О.Дашбалбар гуайн амьддаа бие биенээ хайрла гэсэн шүлэг бий шүү дээ. Алдаатай ч, оноотой ч бай тэднийг шүүж буруутгахаас өмнө нь хайрлах ухаанаар хандаж байгаасай гэж хүсдэг.

Ярилцлагын төгсгөлд бусдад хандаж эерэг уриалга хэлэх боломжийг танд олгож байна

Тэр хүний туулсан зам, эхлүүлсэн амьдралыг мэдэхгүй байж битгий муулж бай. Ганц ч болов, эерэг сайхан үг хэлж дэмжиж байна. Би болон манай гэр бүл та нарт гэм хийгээгүй. Төрийн хийж, хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлийг хийснийхээ төлөө өнөөдөр хангалттай муулуулж, цоллууллаа. Гэхдээ бид няцахгүй, хугарахгүй. Ажил үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Сайн сайхныг хүсье. Хүнийг муулах биш, хайрлах сэтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.