Б.СЭЛЭНГЭ: Хүүхдүүд маань “ТӨРИЙН ХҮН” гэж намайг хөөргөдөг
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-01-16
“Сэтгэлээсээ хийсэн ажлынхаа хариуд урмын үг сонсож хийсэн ажлаараа бахархдаг” гэж хэлэх эгэлгүй нэгэн ээж, Хэвлэлийн хүрээлэнгийн үйлчилгээний ажилтан Банзрагчийн Сэлэнгэтэй ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг хүлээн авсан танд баярлалаа

Баярлалаа 

- Та өөрийгөө танилцуулаач. Аль нутаг усных, хаана төрсөн бэ?

Намайг Банзрагчийн Сэлэнгэ гэдэг. Аав маань Баянхонгор аймгийн намын төв хорооны нарийн бичгийн даргаар томилогдон, гэр бүлийн хамт ирсэн. Би Баянхонгор аймагт төрж өссөн. Намайг сургуульд орох үед Улаанбаатар хот шилжин суурьшсан. Аав минь насаараа Засгийн газрын ордонд боловсон хүчин, ээж минь Сайд нарийн хоёрдугаар эмнэлэгт эмч хийж байсан. Би нийслэлийн 45 дугаар сургуульд 8 дугаар ангиа төгссөн. 1983 онд 16 насандаа ажил хийж Засгийн газрын цайны газарт зөөгчөөс төрийн гурван өндөрлөгийн гэрийн үйлчлэгч хүртэл 15 жил ажилласан. 

- Засгийн газрын ордноос ажлын гараагаа эхэлсэн гэлээ. Их сонин түүх байна. Дэлгэрэнгүй ярьж болох уу? 

Бололгүй яахав. Аавдаа маш их баярладаг. Аав хүн чинь үр хүүхдээ сайн мэддэг бололтой. Намайг Засгийн газрын цайны газарт анх үйлчлэгчээр ажилд оруулж, өнөөдрийн сайхан амьдрахад минь чиг болсон. Нэг төгрөгөөс гурван төгрөгийн задгай мөнгөн дэвсгэртээр боосон 200 төгрөгийн цалингаа авчихаад ээж аавдаа зорьж очих нь миний хувьд маш их урам, сэтгэл дүүрэн үйл явдал байсан. Намайг улам илүү хариуцлагажуулсан зүйл бол төрийн гурван өндөрлөгийн гэрт ажилласан он жилүүд. 

- Төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн гэрт үйлчлэгч хийнэ гэдэг өндөр шалгууртай биз дээ. Айлд ажиллах, тэр тусмаа сайд дарга нарынд ажиллах ямар байдаг бэ? 

Анх 1996 онд Р.Гончигдорж гуайг УИХ-ын дарга болоход гэрт нь ажиллахаар очиж байлаа. Түүнээс хойш дандаа Ерөнхий сайд нарын гэрт ажилласан. Р.Амаржаргал, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр даргынд ажиллаж байсан. Олон жил ажиллахаар бүх зүйлээ мэдээд гарт орчихдог юм. Цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ гэдэг чинь их чимхлүүр ажил шүү дээ. Ялангуяа костюм, пиджак цэвэрлэж индүүднэ гэдэг маш нарийн. Даргыгаа зурагтаар хараад л костюм нь ямар байгааг анхаарна. Буруу нугалаа үрчлээ байна уу гээд л. Их нарийн шүү. 2009 онд С.Баяр даргыг Ерөнхий сайдаас буухад нь дагаад ажлаасаа гарсан. Хөлний хагалгаанд ороод, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгсөн дөө. 

- Сайд дарга нарын гэрийн үйлчилэгчээр та хэдэн жил ажилласан байна вэ?

Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, Их хурлын даргын үйлчилгээнд 2009 он хүртэл тасралтгүй 26 жил ажилласан. Дараа нь Хангарьд ордоны цайны газарт тогоочоор нэг жилийн хугацаанд ажиллаад Хэвлэлийн хүрээлэнд  2012 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Зав зайгаар нь зээ нараа өсгөж эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж байна. /инээв/

- Та таван даргын нүүр үзсэн байна. Өөр өөр араншинтай гэргий нарын дэргэд байжээ?

Тэгэлгүй яах вэ. Бид ихэвчилэн гэргий нартай харилцдаг. Бидний үүрэг юм болохоор ямар ч ааштай хүний ая талыг олоод ажиллана шүү дээ. Дарга нар ерөнхийдөө юу болж байна, юу нь болохгүй байна гэдгийг харж, хааяа асууж ярилцана. Гэргий нар нь ихэвчилэн нарийн ширийн үүрэг даалгавар өгдөг. 

- Төрд олон жил үр бүтээлтэй ажиллахдаа ямар шагнал хүртэж байв?

Баярын бичгээс Жуух бичиг гээд маш олон шагнал бий. Тэр дундаа “Цэргийн алдар” одон медиалиар төрийн тусгай хамгаалалтын 60 жилийн ойгоор авсан нь тод үлдсэн. Төрөөс шагнуулсан хамгийн том шагнал бол Төрийн гурван өндөрлөгийн урам, хариуцлага, итгэл байсан. 

- Таны бахархаж явдаг зүйл юу вэ? 

Мэдээж төрж өгссөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээж, хань, гурван сайхан охин, дөрвөн зээ, ажлынхаа хамт олноороо бахархдаг.  Хэвлэлийн Хүрээлэн гэдэг өрх айлд 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 10 гаруй жил болж байна. Яг л ээж нь юм шиг тийм л сайхан мэдрэмжийг авдаг. Миний хань 5 жил асаргаанд байгаад бурхан болсон. Энэ хугацаанд хамт олон минь намайг ажилуулж итгэл урам зоригийг минь бадрааж байсан. Сэтгэлээсээ хийсэн ажлынхаа хариуд урмын үг сонсож хийсэн ажлаараа бахархдаг. 

- Төрийн байгууллага, сайд дарга нарын гэрт ажиллах, хувийн байгууллагад ажиллахын хооронд ямар ялгаа байна? 

Байлгүй яахав. Төрийн тусгай хамгаалалтын албанд ажиллана гэдэг маш өндөр хариуцлага. Маш өндөр шалгуур. Шалгуурт хүрч ажиллах хүртэл 27 жил суралцжээ. Тэр ч утгаараа өнөөдрийн ажлаа ч маш хариуцлагатай хийж, өглөө бүр цэвэр цэмцгэр угтах гэж 6 цаг 30 минутад ирж цэвэрлэгээ хийж эхэлдэг. 

- Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Байгууллагын цэвэр цэмцгэр орчин, үйлчлүүлэгчид тансаг орчинд байх нь чухал. Ер нь үйлчлэгч гэж хүмүүс таныг гадархууж байв уу? 

Харах нэг нь хардаг л байх. Би Хэвлэлийн Хүрээлэнд ажиллахдаа 10 удаагийн дээд курсыг төгсгөсөн. Янз янзын л хүмүүс орж гарч байдаг. Ихэнх нь хүндэтгэж харьцдаг. Одоо ч гэсэн өглөө бүр урмын үгээр тэжээгдэн амьдарч байна. Аль болох би цэвэрлэж байна гэхээс илүү бид цэмцгэр орчинд амьдрарч байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд хичээдэг. Гурван хөөрхөн охин минь “Төрийн хүн” гээд ээжийгээ их хөөргөнө. Хэзээ ч үйлчилгээний ажилтаны хүүхдүүд гэж миний үрс бодож байгаагүй. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл би үйлчлэгч гэж өөрийгөө гололгүй итгэл дүүрэн ажилласан он жилүүд өнгөрч байна. 

- Та залуучууд, үйлчлүүлэгчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Хүнийг хүн гэдэг утгаар нь харж, сайхан харьцаж, хүндэлж хүний үг даадаг байгаарай. Одооны залуучууд их мундаг болсон доо. Ажил хүнийг голохгүй. Хүн ажлыг голдог гэдгээ нэгэнт мэддэг болжээ. 

Танд баярлалаа



 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.