П.Өлзийнаран: Хотоо УТААГҮЙ байлгахын тулд айл өрх бүр СТАНДАРТЫН ЗУУХ хэрэглэх шаардлагатай!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-18

Монгол Улсын Үндсэн хуульд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй хэмээн тунхаглан заасан нь бий. Энэ дагуу төр засгийн бодлого үйл ажиллагаа иргэдийн амьдралд нийцэхгүй, нийгэм, олон нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдлүүдийг зоригтойгоор илэрхийлэн дуугарч буй Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнарантай ярилцлаа. Тэрбээр 2022-2023 оны өвөл агаарын бохирдол эрс нэмэгдэж УТАА ИХЭССЭН асуудлыг хөндөөд буй билээ.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын урилга хүлээж авсанд баярлалаа.

Баярлалаа. Танай хамт олонд.

 Утааны гол буруутан нь түүхий нүүрс Засгийн газар үзээд 62-р тогтоол гаргаж,  нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлээд тав шахам жил боллоо. Үр дүнтэй арга байж чадсан уу?

Богино хугацааны үр дүнтэй арга байж чадсан. Бидэнд үүнээс өөр сонголт байгаагүй. Өмнө нь тоолж байгаагүй, тоож ч байгаагүйл болохоос НҮҮРСНИЙ УТААНД УГААРТАЖ нас барсан тохиолдол элбэг байсан.  Коронагийн халдварт өвчин дэгдсэн хүндрэлтэй үед энэ төсөл хэрэгжсэн нь давуу тал болж байв. Утааг 30-40 хувь буруулах зорилт тавин ажиллаж, зорилтот түвшиндээ хүрч чадсан гэж судлаачийн зүгээс би дүгнэж байгаа. Утаа баригч бодис хольж байгаатай холбоотойгоор утаан дахь бусад бодисын агууламж буураад хүхрийн агууламж дангаараа үлдэж байгаа нь ард иргэдэд хүхэр үнэртэх мэдрэмжийг төрүүлдэг гэх ажиглалт байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс утаа баригч бодисын химийн элементийн шинжилгээг нь ард иргэдэд танилцуулж хардлагийг арилгаж, сайжруулсан түлш хийхэд ордог бодисуудыг зохих хэмжээнд нь холих хэрэгтэй.   

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар “сайжруулсан шахмал түлшийг халж дунд хугацаандаа хийн түлш нэвтрүүлэх ёстой” гэж байсан. Энэ шийдэлд хэр үр дүнтэй бол?

Аливаа төслийн менежмент хэрэгжүүлэхэд нөөц, нөхцөл бололцоо гэдэг хамгийн чухал зүйл. Хийн түлш утаагүй сонголт мөн боловч манай улсад өөрийн нөөц, нөхцөл бололцоо, боломж байхгүй. Хийн түлш ашиглана гэхээр алсдаа ОХУ-ын импортын хараат болно гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн маш том хямрал нүүрлэх гэж буй энэ үед ийм том санхүүгийн дарамтаар шийдэх нь тийм ч мэргэн арга биш. Ямар ч түлш хэрэглэсэн зуух маш сайн татдаг байх ёстой! Одоо ашиглаж буй “Энержи ресурс” ХХК-ийн завсарын бүтээгдэхүүнээр хийгддэг “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш нь 28-аас дээш хувийн дэгдэмхий бодис агуулдаг. Хийн түлш гэхгүйгээр одоо ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний чанараа сайжруулан 0 давхаргийн дунджаар 18 хувийн дэгдэмхий бодистой бүтээгдэхүүнээр хийвэл утааг дахиад 10-20 хувиар бууруулах боломж байгаа. Хийн түлш, сайжруулсан шахмал түлш, утаагүй нүүрс хэрэглэсэн ч хамгийн багадаа, хамгийн цэвэрСО2 гэдэг нүүрсний даврах исэл үүснэ. Аливаа зүйлийг түлж шатааж байгаа л бол ямар нэг хэмжээгээр утаа гарна. ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ маш чухал.

Сайжруулсан түлш түлсэн ч УТАА ХЭВЭЭРЭЭ байна. Түүхий нүүрсээ түлье гэх хандлагатай иргэд ч мэр сэр байна лээ. Сайжруулсан шахмал түлш мэдээж богино хугацаанд үүргээ гүйцэтгэчихсэн. Одоо яах вэ?

Агаарын бохирдол бол гамшгийн хэмжээнд очсон байсан. Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажил хамгийн чухал.  Дэлхий дахинд бэлтгэл ажил хангалтгүй хийсэн нь хохирдог. Манай улс бэлтгэл ажлыг маш богино хугацаанд хуучин бааз, нөөц, нөхцөл болоцоогоо ашиглан маш үр дүнтэйгээр агаарын бохирдолыг 30-40 хувь бууруулж чадсан нь үнэн. Түүхий нүүрс хэрэглэхийг хоирглох тухай засгийн газраас гаргасан 62-р тоот тогтоолыг зөв шийдвэр байсан гэж бодож байна. Ирэх хоёр жилийн хугацаанд бид сайжруулсан шахмал түлшнийхаа чанар, технологийг улам сайжруулах хэрэгтэй.

  1. Нүүрсээ угааж хагас коксжуулах аргаар халааж дэгдэмхий бодис, давирхаа бусад хортой бодисноос нь салган сайжруулах.
  2. Дэгдэмхий багатай тэжээл буюу нүүрсийг ашиглах шаардлагтай. Миний зүгээс "Тавантолгой түлш" ХХК-д "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн  0 давхаргын үнслэг багатай нүүрсээр түлш хийхийг санал болгож байна.

Бусдаас бид импортын хараат байж вальют урсгахаа бус өөрсддөө байгаа боломжоо ашиглах нь эдийн засгийн хувьд хамгийн зөв шийдэл байх болно.

Утаа нэмэгдэж буй асуудал дээр иргэний зүгээс ямар байр суурьтай байна вэ?

Цаг уурын нөхцлөөс хамаарч байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эрчимтэй хүйтэрч их хэмжээний цас унаж байгаатай холбоотой агаарын нам даралтын муж, орон бий болсны үр дүнд хүнд агаарын өтгөрөл явагдаж буй хүчин зүйлийн нөлөөгөөр агаарын бохирдол нэмэгдсэн. Төр засаг, ард иргэдтэйгээ нэгдэж боломжийнхоо үр дүнд тэмцэж байна. Буруутан хайхаасаа илүүтэйгээр бид гарц гаргалгаа яаж хурдан энэ асуудалаас салах вэ гэдэг дээр нэгдэх хэрэгтэй. ОХУ-ын Красноярск мужийн утаанаас салсан жишээг харвал хоёр жилийн хугацаанд айл өрхүүдэд зуухаа хэрхэн сайжруулах зөвлөмж, компант ажил зохион байгуулж мужаараа маш сайн шаталттай зуух тавих нөхцлийг нь бүрдүүлж сольсоны дараагаар хагас коксжуулсан шахмал түлшийг нэвтрүүлж эрсдэл багатай хурдан хугацаанд утаанаас салсан бодит жишээ байхад бид ч бас салж чадна л гэж бодож байна даа.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг тун удахгүй хоёр гурван хүний өмч болно гэх мэдээллийг та цахим хуудастаа бичсэн нь анхаарал татлаа. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж болох уу? Уншигчдад маань сонин байх?

Монгол Улсын Эрүүгийн Хуулийн хөрөнгийн зах зээл, хариуцлагын тогтолцоотой холбоотой хуулийн санкц буюу ялалгаа сул байдаг. Манай улсад хууль багадаагүй харин санкц буюу ялалгаа багадаж байна. Бид өнөөдөр  гурван саяулаа хөх, ягаан, цагаан тасалбараа хэдхэн хүнд алдчихсан. Олон улс, гадны байгууллагын шок эмчилгээ буюу шок терапи улс төр эдийн засгийн бодлогын шахалтад орж маш богино хугацаанд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй ард түмнээр хөрөнгийн хувьчлал явуулсанаар маш их хэмжээний өмч хэдхэн хүний гарт төвлөрсөн. Олон нийтийн өмч гэж хэлэхгүй болтол олон нийтийн өмчөөр тоглосон, буруугаар ашигласан. Хариуцлагын тогтолцоо буюу хөрөнгийн харилцаатай холбоотой санкц ялалгааг чангатгаснаар олон нийтийг хамарсан дээрэм, хулгай, авлига, хээл хахууль шийгдэгдэнэ. Хичнээн сайн хууль гаргаад санкц ялалгаа нь муу бол хүн төрлөхтний түүх бидэнд ямар ч засаглалал оршин тогтнох боломжгүй гэдгийг дэлхийн түүх үгүйлж байгаа “Тавантолгой” хувьцаат компаний 49 хувийг олон нийт эзэмшиж байгаа гэдэг. Уучлаарай, олон нийтийн өмч биш. Хоёр, гуравхан хүний өмч л байгаад байна. Яагаад гэвэл хувьцааг эзэмшигчдийн мэдлэг мэдээлэл, хөрөнгийн боловсролыг ашиглан хувьцааг унагааж байгаад цөөхөн хүний гарт олон нийтийн өмч орох, үнэ цэн унах, засаглал муудах, мөлжүүлэх явдал тулгарч байна. Цаашдаа ч тулгарах болно. Монгол Улсын хуулинд хэдэн мянган хүний хөрөнгийн зах зээлээр тоглосон бол хамгийн ихдээ  дөрвөн жилийн ял авах заалттай.

Олон нийт саяхан НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гээд хэсэг тэсэрлээ. Хилээр хяналт, шүүлэггүй их хэмжээний нүүрс гарсан, түүнийг нь хил, гаалийнхан тоохгүй орхисон гээд олон төрлийн сэжүүр хөвөрч байна. Та иргэний хувьд ямар санаа бодолтой байна вэ?

Хэрвээ маш их хэмжээний нүүрс хилээр гарж явсан гэдэг нь үнэн л бол ямар нэгэн “маапаан” байна гэсэн үг. Улсын Их Хурлын гишүүд,  сайд нарын ярьж буй зүйлд итгэх нь эргэлзээтэй. Ховоор хийсэн мэдээллээ мэдлэг гэж үнэлээд ард иргэдэд худлаа мэдээлэл тараагаад байна. Сая л гэхэд 40 их наяд хулгай гэх мэдээлэл явлаа. Манай улсын нүүрс чинь ДНБ-ий 30 орчим хувийг л эзэлдэг. Ийм байхад улсынхаа 15-20 жилийн эдийн засагтай тэнцэх хэмжээний их мөнгөн дүнтэй нүүрсийг экспортлох,  бүх эдийн засгаа хулгайлаад гаргаад явах боломжгүй. Судалж мэдээгүй зүйлээ үнэн болгож ховоор мэдээлэл хиймээргүй байна! Манай үндэстэн маань өөрөө таалагдах худлаа зүйлийг үнэн гэж итгээд таалагдахгүй үнэнг худлаа гээд итгэдэг болсон байна.

Улаанбаатарчууд богино хугацаанд утааг бууруулах боломж юу байгаа вэ?

  1. Эрдэнэс Тавантолгойн сайжруулсан шахмал түлшний 0 давхаргийн нүүрс хэрэглэх.
  2. Айл өрх бүр зуухаа сайжруулах.

Хэрвээ үнэхээр боломж бололцоо нь байдаг бол газийн зуух тавиад хийн түлшээ нэвтрүүлэх нь зөв байх. Гэхдээ бидэнд санхүүгийн дарамт ОХУ-ын нефьтийн хараат байдлаасаа гарч чадаагүй байж ахиад энергетикийн хараат болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.206.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.