Ц.ОЮУНГЭРЭЛ: Хүүхдийн мөнгийг өгөхдөө үнэхээр хүүхдийн гэдэг нэрээр нь өгч байгаа бол хүүхэд болгонд л өгөх ёстой
Ярилцлага
/
2023-01-19

Та хүүхдийн мөнгөний хасалтын талаар ямар байр суурьтай байна вэ?

Бид хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөх ёстой гэсэн байр суурьтай байна.  
Хүүхэд бол хүүхэд юм. Хүүхдийг энэ бол хүүхэд, энэ бол хүүхэд биш гэж томьёолж болдоггүй.
Бүх хүүхэд адилхан хүүхэд. Тийм учраас хүүхдийн мөнгийг өгөхдөө үнэхээр хүүхдийн гэдэг нэрээр нь өгч байгаа бол хүүхэд болгонд л өгөх ёстой.

Монгол улсын үе үеийн Засгийн газрууд 2005 оноос хойш хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд олгож эхэлсэн. Тэр үед ч гэсэн гэр бүлүүдийн хооронд орлогын ялгаа байсан уу гэвэл байсан. Цаашид ч байх уу гэвэл байна. Юу үнэн бэ гэхээр хүүхэд бол хүүхдээрээ юм гэдэг нь л үнэн. Тэгэхээр ийм хөдлөшгүй нотолгоо байдаг учраас үе үеийн Засгийн газрууд хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд л олгоод явдаг. Энэ нь өндөр хөгжилтэй оронд ч гэсэн байдаг.

Бусад улс оронд энэхүү шийдвэртэй адил ямар нэгэн байдлаар хүүхдийн мөнгөнөөс хасалт хийсэн тохиолдол байдаг болов уу?

Өндөр хөгжилтэй оронд ч орлогын ялгаагаар хүүхдэд өгнө гэсэн зүйл байдаггүй. Хүүхэд гэдгээр нь л өгдөг. Дэлхий дээр нэг хүнд ногдох хамгийн өндөр орлоготой Швед улс гэхэд хүүхэд болгондоо л мөнгө өгдөг. Тэнд бол орлого ерөөсөө хамаагүй байдаг. Яагаад эцэг эхийн орлого хамаагүй байдаг вэ гэхээр хүүхдийн эрх гэдэг талаас нь авч үзэхэд хүүхэд болгон хаана төрөх, хэнийд төрөх, ямар оронд төрөх гэдгээсээ үл хамаараад хүүхэд болгон адилхан эрхтэй гээд дэлхийн хүүхдийн эрхийн конвенцид заасан байдаг учраас тэрийг биелүүлэхийн тулд хүүхэд болгоноо яг ижилхэн хамруулдаг. Тэгэхээр Монгол улс яг энэ зарчмаар хүүхэд болгонд, хүүхдийн эрхийг нь хүндэтгээд яг ижил олгох ёстой.  Яг ижил тэгш хандах ёстой. Гэтэл сая Их Хурал ямар шийдвэр гаргасан бэ гэхээр хүүхдүүдийнхээ 91 хувийг хүүхэд гэж үзнэ, 9 хувийг хүүхэд гэж үзэхгүй. Ийм байдлаар шийдвэр гаргаад яваад байна. Энэ бол үнэхээр Монгол улсын төрд урьд нь байгаагүй хүний эрхийн, хүүхдийн эрхийн зөрчил гэж үзэж байгаа.

Энэ асуудлаар ямар нэгэн шаардлага, баримт бичиг төрд хүргүүлсэн үү?

“Иргэдийн оролцооны нэгдэл” нам үүн дээр дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд өнөөдрийн жагсаал цуглаанаа зохион байгуулж байна. Мөн Монгол улсын Ерөнхий сайдуудаас, 2005 оноос хойш байсан үе үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн ажлаа хийж чадахгүй, ялангуяа хүүхдийн эрхийг зөрчих тал дээр хамгийн буруу шийдвэр гаргаж байгаа сайд нь Л.Оюун-Эрдэнэ сайд болж байна. Л.Оюун-Эрдэнийн удирдаж байгаа МАН, Л.Оюун-Эрдэнийн удирдаж байгаа Засгийн газар хүүхдийн эрх дээр урьд өмнөх үе үеийн Засгийн газруудын залгамж халааг үргэлжлүүлж чадсангүй. Үүн дээр бол хамгийн буруу жишиг, хамгийн буруу шийдвэр гаргалаа. Тийм учраас энэ шийдвэрийнхээ алдааг яаралтай засах ёстой. 24 цагийн дотор хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөх шийдлийг ол гэсэн шаардлагыг бид өчигдөр бичгээр явуулсан. Энэ шаардлагын хариу өнөөдөр 24 цаг өнгөрөхөд ямар ч шийдвэр гараагүй. Л.Оюун-Эрдэнэ ямар ч чадамжгүй байна. Хүүхдийн мөнгийг өгөх ийм шийдэл гаргах ухаан нь хүрэхгүй байх шиг байна.

Энэ хэвээрээ үргэлжилбэл цаашдаа ямар арга хэмжээ авна гэж бодож байна?

Цаашдаа бид ямар арга хэмжээ авах вэ гэхээр энэ хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгоод байгаа шийдвэрүүдийг Үндсэн Хуулийн Цэцэд өгнө. Шүүхэд хандана. Энэ төр засагт хүний эрх гэж юу байдаг, хүүхдийн эрх гэж юу байдаг юм гэдэг талаар ойлгуулна. Тэгж бид хүүхдийн эрхийн төлөө цаашид  үргэлжлүүлэн ажиллах болно.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.133.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.