Н.ЭРДЭНЭХҮҮ: Агаарын бохирдлоос үүдэлтэй элэгний хорт хавдар МОНГОЛЧУУДАД илэрсэн
Б.Норовням
Ярилцлага
/
2023-01-21

Агаарын бохирдол элэгний өвчлөлд нөлөөлж байна гэсэн судалгааг саяхан танилцуулсан. Үүний талаар мөн Хавдар судлалын төвийн нөхцөл байдал, үйлчлүүлэгчдийн өвчлөлийн талаар ярилцахаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе!

Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе!

Хавдрын өвчлөлөөр Монгол улс дэлхийд тэргүүлдэг гэсэн мэдээлэл байдаг. Үүнтэй холбоотой эрт илрүүлэг гэж хийдэг болсон. Үүний үр дүн ямар байна. Он гарснаар ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

Хавдрын өвчлөл их хэвээрээ байгаа. Өнгөрсөн 5 дугаар сарын 1-ээс Засгийн газраас санаачлан, Эрүүл Мэндийн Яамнаас зохион байгуулсан эрт илрүүлгийн үр дүнд ходоодны болон бусад хавдруудын тоо ихсэж байна. Үүнийг дагаад манай эмнэлгийн ачаалал ч бас өсөж байгаа. Үүнээс харахад эрт илрүүлэг ямар чухал юм бэ гэдгийг ойлгож байна. Эрт илрүүлэг нь нэг удаагийн компанит ажил бус тогтмол зохион байгуулалттай явагддаг тогтолцоо байдлаар байх нь зүйтэй байна. 2022 оны тоо баримт 2021 оны тоо баримтаас ихэссэн байсан. 2023 онд мөн л ихсэх төлөвтэй байна. Эцсийн дүгнэлтийг үзэхэд 2016-2021 он хүртэлх 5 жилийн тоогоор манай улс дэлхийд Хавдраар тэргүүлсэн хэвээрээ байгаа. Ингэхдээ сүүлийн таван жилийн тоо улам ихэссэн үзүүлэлт гарсан байгаа.

Өнгөрсөн жилийн дүнгээр өдөрт хэчнээн хүн хавдраар өвдөж, нас барсан тохиолдол бүртгэгдсэн бэ?

2022 оны эцсийн тоо хараахан гараагүй байгаа. 2 сарын 1-ээр эцэслэж гаргадаг. Сая манай аймгуудын хавдар бүртгэгч нар хуралдаж тайлан тооцоогоо өгөөд явсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн эцсийн нэгтгэл удахгүй гарна. Ер нь бол жилдээ 6500 орчим хүн шинээр өвчилж, 4500 орчим хүн нас бардаг. Өдөртөө 12-13 хүн хавдраас шалтгаалж нас барж байгаа.

Уг нь Засгийн газар, ЭМЯ-аас эрүүл, хавдаргүй Монгол болгох хөтөлбөрүүд хэрэгжүүлээд л байдаг. Үүний үр дүн ямархуу байдаг вэ? Хавдрын эмнэлгийн өргөтгөл баръя гээд ч ярьж байсан. Энэ мэтчилэн гурав дөрвөн жилийн өмнө ярьж байсан зүйлс хэр үр дүнтэй байна?

Яахав энэ дунд хэрэгжиж байгаа зүйлс байгаа. Гэхдээ ихэнх нь хэрэгжихэд хэцүү байх шиг байна. Жил бүрийн 2 сарын 4-нд Хавдрын эсрэг өдөр болдог. Энэ жилийн хувьд “Үгээр биш үйлдлээрээ харуулъя” гэсэн уриатай. Хэлэхээ болъё, ярихаа болъё, үйлдлээрээ харуулъя гэсэн ийм уриатай жил болж байгаа. Энэ зүгээр нэг гарчихсан уриа биш. Манайх хавдрын эсрэг хөтөлбөргүй улс орон хэвээрээ л байгаа. Хавдрын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан боловч санхүүжилт байхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор хавдрын эрт илрүүлэг болон хавдрын бусад үйл ажиллагаа буюу нийгмийн тусламж үйлчилгээ, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж багаас нь хавдрын эсрэг боловсролыг олгох гэсэн зүйлс маань хэрэгжихгүй байгаа. Тийм ч учраас Хавдар судлалын төвийн ачаалал улам нэмэгдсээр байна.

Хэдэн хувиар яаж нэмэгдэж байна? Эрт илрүүлгийн үр дүнд нэмэгдэж байгаа бол сайн гэсэн үг биз дээ?

Эрт илрүүлгийн үр дүнд нэмэгдэж байгаа бол сайн. Өөрөөр хэлбэл хожуу шатандаа илрэх байсан олон хүнийг эрт илрүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ төвлөрлийг сааруулж хотод гэхээсээ илүү хөдөө орон нутагт тусламж үйлчилгээгээ хийх үйл ажиллагааг бодлоготойгоор дэмжих ёстой. Бодлогогүйгээр хий гээд шаардаад байвал хийхэд хэцүү. Энэ үйл ажиллагаа бас дутмаг байх шиг байна. Мөн таны хэлснээр ирт илрүүлэг хэлснээр ачаалал нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд манайх 150 мянган хүнд тусламж үйлчиллээ үзүүлсэн байна. Урд жилийнхтэй харьцуулахад гуч, дөчин мянгаар өссөн байна. Нийслэлийн тусламж үйлчилгээний хувь бас хориод хувиар ихэссэн. Амбулторийн болон бусад ялангуяа химийн туяа эмчилгээний ачаалал 40-50 хувиар эрс нэмэгдсэн байгаа

Өчигдрийн эрдэм шинжилгээний хурлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол уушгины өвчлөлтөөс илүүтэй элэгний өвчлөлд илүү нөлөөлж байна гэсэн судалгааг танилцуулсан байсан?

Утаатай холбоотой хавдрын мутаци илэрлээ гэсэн энэ судалгаа бол 2017, 2018 онд Хавдар судлалын үндэсний төвийн судлаачид оролцон хийсэн. Энэ судалгааг гадаад дотоодын 14 байгууллага хамтран хийсэн. Үр дүнд нь Монгол хүнд үүсэж буй элэгний эсийн хавдар нь дэлхийд байдаг B, C, D вирусээс зонхилон шалтгаалж буй нь үнэн. Гэхдээ үүний хажуугаар 25 хувь нь орчны шалтгаантай хавдар байна. Энэ орчны шалтгаантай хавдрын 71 хувь нь нүүрс шатааснаас үүдэн гарч буй бодисоос шалтгаалж үүсэж байгаа мутаци байна. Бусад улс орнуудтай харьцуулаад үзэхэд энэ мутаци нь гадаадад байхгүй зөвхөн Монгол хүнд үүсэж байна гэсэн судалгаа гарсан. Гэтэл утаа элэгний эсэд хавдар үүсгэж байгаа бол бусад нойр булчирхай, тархи, хөх, умай, өндгөвч гээд бүх хавдарт нөлөөлнө.  Зөвхөн хавдар ч гэлтгүй амьсгалын замын олон янз өвчлөл үүсгэдэг. Уг судалгаагаар мутацилагдсан элэгний хорт хавдар зөвхөн Монгол хүнд л илэрч байгаа талаарх судалгаа юм

Энэ мутацийг саармагжуулах тусдаа эмчилгээ байх боломж бий юу?

Одоохондоо дэлхий дээр хаана ч тийм боломж байхгүй. Гарсан мутацийг өөрчлөөд эд эсийг нь эвлүүлэх амин хүчлийн төвшинд л юм хийнэ үү гэхээс тусгай эмчилгээ бол байхгүй

Үүнээс урьдчилан сэргийлэх арга юу байна?

Гол нь эрүүл цэвэр агаарт амьдрах хэрэгтэй. Агаарын бохирдолд нөлөөлж буй олон хүчин зүйлс байдгаас өнөөгийн байдлаар нүүрсний утаа л хамгийн их нөлөөлж байгаа. Тэгэхээр утаагүй болгох аль эсвэл утаагүй газар очиж амьдрах нь л урьдчилан сэргийлэх арга болоод байна.

Хавдартай хүн олон, эмчилж байгаа эмч ажилчид цөөхөн. Ялангуяа хавдрын эмнэлэг цор ганц байна. Тэгэхээр хүмүүсийн оочер дараалал хэр их байна вэ?

Бид долоо хоног болгон хүлээлгийнхээ тоог авдаг. Амбулаторийн тасаг дээр хамгийн их оочертой байгаа нь туяа эмчилгээний тасаг байгаа. Яагаад вэ гэхээр 12 сарын 19-нд манай туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Эрүүл мэндийн яам дааж байсан сервисийг нь тодорхойгүй хугацаанд даагаагүй байснаас болоод хурдан арга хэмжээ авч чадалгүй өдий хүрлээ. Үүнээс болоод бид зөвхөн нэг л шугаман уртасгуур дээр ажиллаж байгаа. Хоёр ээлж гараад шөнөөр хүртэл ажиллаж байгаа боловч ачаалал их байна. Өнөөдрийн байдлаар туяа эмчилгээ 3 сарын сарын 18-н хүртэл дараалал нь дүүрсэн байна. Харин хими эмчилгээний хүлээлэг долоо хоногтоо багтаж байгаа.

Хавдар судлалын үндэсний төв дээр юу болж юу болохгүй байгаа талаар ний нуугүй ярилцсан танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.