Засгийн газрын АЛДААТАЙ шийдвэрийг хороо ҮҮРЭХ ЁСГҮЙ!!!
Сэдэв, асуудал
/
2023-01-21

 Хүүхдийн 100 мянган төгрөгийг авах шаардлагагүй, боломжтой айлын хүүхдүүд буюу хүүхдүүдийн 9%-д олгохгүй гэсэн мөртлөө тэр боломжтой гэж тооцсон 9 нь хувийн хүүхдүүдээ олж чадахгүй байгаа нь харамсалтай. Тооцоо судалгаа байхгүйгээр энэ шийдвэрийг гаргасан Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь бусад байгууллагуудын гаргаж өгсөн өрхийн мэдээлэл дээр суурилж уг шийдвэрийг гаргасан гэж байсан ч эцэс сүүлд нь төрийн анхан шатны байгууллага болох хороог “Энэ бүртгэлийн асуудал дээр алдаа гаргасан, иргэдийг 14 хоногийн дотор хороо руу очиж мэдээллээ засуулна уу!” гэсэн билээ. Энэ асуудлаар БЗД-ийн 32-р хороог зорилоо. Нийт оршин суугчдын 98 хувь нь гэр хороололд хамаардаг уг хорооны байр нь харьцангуй тохилог бөгөөд биднийг очих үед тус хороон Засаг дарга хорооныхоо иргэдтэй уулзаж байсан юм. Мэдээллийн зөрүүгээ засуулах гэсэн иргэд хороонд үйлчлүүлээд ачаалал ихтэй байсан ч тус хороон Засаг дарга Ж.Түмэнжаргал яриа өгөхөөс төвөгшөөсөнгүй.                                                                                                                                                                                                                               

        


                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 91 хувьд олгоно гэж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

Мэдээж Засгийн газрын шийдвэрийг бид нар хэрэгжүүлэх анхан шатны нэгж. Хороо бол иргэддээ үйлчлэх тэр иргэдийн мэдээллийг үнэн зөв оруулах, мөн иргэддээ хүргэх ёстой мэдээллээ зөв хүргэх ёстой. Хүүхдийн мөнгөний хувьд халамж гэхээсээ илүү эдийн засгаа дэмжиж байгаа явдал. Ковидын үед эдийн засгаа дэмжих бодлогыг гаргаж хуучин 20,000 байсныг 100,000 болгож хэрэгжүүлж байгаа. Өндөр орлоготой буюу хүүхдийн мөнгөө дансандаа хадгалж байгаа иргэдийг 9%-д оруулаад хасчихлаа. Энэ надад хувь хүний хувьд жоохон буруу шийдвэр юм уу даа гэж харж байгаа. Харин төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд шийдвэрийг мэдээж дагах ёстой, өөрсдийн зүгээс хийх зүйлээ сайн хийх хэрэгтэй болж байгаа юм. Инргэдийн мэдээлэлийг буруу, зөв оруулсан байна гэдэг бухимдлыг хариуцах, хариуцах газруудаасаа илүү хороо, анхан шатны нэгж рүүгээ хандуулснаар ачаалал үүсч байна. Бидэнд иргэдээс сөрөг хандлага маш их гарч ирж байна. Хорооны үндсэн ажил явж байхад дээрээс нь дахиад ийм алдаатай шийдвэрээс болж иргэд бидэн рүү дайрч доромжлох, манай мэргэжилтнүүдийг ажлаа мэддэггүй чаддаггүй гэх хандлага их байна.

Хөрөнгийн зөрчлийг хорооны засаг дарга алдаагүй хийх ёстой байсан. Хорооны Засаг дарга дээр 14 хоногийн хугацаанд очиж засуулах хэрэгтэй гэсэн мэдээлэл өгөөд байгаа шүү дээ

Манайх 11 хэсгийн ахлагчтай хэсгийн ахлагчид энэ байран дээрээ иргэдийгээ хүлээж аваад хариуцсан хэсэг дээрээ мэдээллүүдийг тулгаж үзэж байна. Хүн амын ерөнхий мэдээллийн сангийн мэдээлэл, дээрээс нь иргэний бүртгэлийн мэдээллүүдийг тулгаж харж байна. Энэ дээр бид нар мэдээж ажиллана. Хийхдээ бас алдаа дутагдал гаргахгүй тал дээр ажиллана. Иргэд маань хороон дээрээ ирээд өөрсдийн хариуцлагын хүрээнд мэдээллээ тулгаж авснаар цаашдаа ч хэрэгтэй юм. Иргэд бухимдаж байгаа боловч нөгөө талдаа бас сайн зүйл. Ямарваа нэгэн зүйлд сайн тал нь бас гардаг шүү дээ. Бид хороон дарга гэхээсээ илүү бүх шатандаа л хамтарч ажиллана. Халамж, улсын бүртгэлтэйгээ хамтарч ажиллах ёстой. Тэд нарт зөв мэдээлэл гарган өгч, мөн эргүүлээд авах ёстой чиглэлүүдээ авч байгаа. Дүүргийн Тамгын газраас бас бид нар чиглэлүүдээ авч ажиллаж байна. Хороон дээр иргэд ихэвчлэн хүүхдийн овог нэр зөрсөн, хаягийн бүртгэл буруу орсон, манайхыг байртай, машинтай гэж бичсэн байна гэсэн асуудлуудаар ирж байна. Мөн “и монголиа” систем маань цахим шилжилт боловч, гацах гэх мэт асуудал гарч ирээд иргэдийгээ бухимдуулаад байна.

2023 оны төсөвт хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн  91 хувьд олгоно гэж батлахдаа энэ  өрхийн бүртгэл болон бусад хороон дээр гарч байгаа иргэдийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар мэдээгүй хэрнээ энэ шийдвэрийг гаргасан болж таарч байна уу?

Би тэрийг мэдэхгүй. Яагаад гэхээр бид нараас хүүхдийн мөнгө өөрчлөгдөхтэй холбогдуулж санал асуугаагүй,  аваагүй. Хоёрдугаарт бид хорооноос гаргаж өгөх ёстой чиг үүргийн дагуу мэдээлэл, судалгаануудыг  гаргаж өгөөд явж байсан.Харин яамдууд яаж төсөвт оруулж 91 болон  9 хувь гэж ялгасныг бол би мэдэхгүй. Ер нь анхан шатны нэгждээ алдаа чиглүүлэх хандлага байсаар ирсэн.  Мэдээж анхан шатны нэгж дээр энэ алдааны тодорхой хувь нь байгаа байх. Тэгэхдээ бас нөгөө салбар яамдууд уялдаа холбоо муутай ажилласнаас үүдээд энэ алдаа гарсан байх. Гэхдээ энэ алдаа бас гарсан ч гэсэн нөгөө талдаа эргүүлээд богино хугацаанд засаад авах байх.

Танай хороо шинээр байгуулагдсан хороо юу? Хэдэн айл өрхтэй вэ?

Манайх ИТХ-ын захирамжаар 2022 оны 4 сараас 1-нээс эхлээд манайх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. БЗД-ийн 22-р хорооноос тусдаа салсан 32-р хороо юм. Манай дээр нийт хүн амын ерөнхий мэдээллийн сангийн бүртгэлээр 8993 хүнтэй хүн амтай 2704 өрхтэй. Манай өмнөх 22-р хороо ажлаа сайн хийж байсан байна лээ. Батжаргал дарга, өмнөх  Д.Далайцэрэн засаг дарга нарын үед ажлаа сайн хийж байсан. Тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийн үлдээсэн өгөгдөл, дата мэдээллийг хоёр хуваагаад аваад ажиллаж байгаа. Манай 32-р хороонд 100-ны 5 хувьд л мэдээллийн зөрүү гарч байна. Манай хэсгийн ахлагч нар айлуудаараа сайн явдаг. Гэр хорооллын давуу тал гэдэг чинь гэр лүү нь шууд яваад очдог. Харин байр хороолол дээр бага зэрэг хаалга үүдээ тайлдаггүй асуудлууд байдаг шүү дээ. Мэдээллээ өгөх дургүй ч гэдэг юм уу.

Мөн манай дээр Дэлхийн зөн гэх мэт төрийн бус байгууллагууд бас их үйл ажиллагаа явуулдаг учраас манай өрхийн мэдээллийн бааз нь харьцангуй сайн юм.

Гэр хороолол дунд болон байр дунд байрлах хороодод нөхцөл байдал хэр ялгаатай байгааг харуулах үүднээс байрны айл ихтэй БЗД 7-р хороог зорилоо.  


         

Биднийг очиход хорооны гадна нам тайван байлаа.  Ороход шавхай ихтэй, хэсгийн ахлагчид нь яарч нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү алхаж байгаа нь хэдхэн хүн алхах зуур дүүрчихсэн юм шиг харагддаг их жижигхэн хорооны байр байв. Өрхийн бүртгэлээ шалгуулах гэж буй эмэгтэйчүүд болон цэргийн бүртгэл хийлгэх залуучууд мэр сэр орж ирж байлаа. Тэднийг угтагч эмэгтэй ямар асуудлаар явж буйг нь асуугаад орох газрыг нь зааж өгнө. Хорооны ажилчдын харилцаа энгийн байсан бөгөөд иргэдтэй муухай харилцахгүй байгаа нь таалагдсан юм. Хорооны засаг даргатай ярилцах гэсэн боловч ажил дээрээ байхгүй байсан тул хэсгийн ахлагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.

Хүүхдийн мөнгийг нийт хүүдүүдийн 91 хувьд олгоно гэсэн шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна?

Миний хувьд ялгавартай олгосон нь зөв гэж бодож байгаа. Энэ халамжийн тэтгэмж учраас орлогоор нь ялгаатай өгөх нь зөв. Улс орноороо ийм хэцүү байгаа үед шаардлаггүй иргэдэд олгож байснаас зорилтот бүлэгтээ л очих нь зөв байх.

Иргэдийн өмчийн бүртгэл дээр асуудлууд гараад байгаа шүү дээ. Энэ тал дээр мэдээлэл өгнө  үү!

За иргэд нэг газраас шилжиж яваад бүртгүүлээд орхичихдог. Өмнөх газраасаа хасалтаа хийлгэдэггүй. Аль эсвэл шинээр ирсэн хэсгийн ахлагчтай холбогдоод тухайн бүртгэлээ нэмүүлэхгүй ч юм уу. Энэнээс үүдэлтэйгээр иргэдийн мэдээлэл зөрөөд байгаа . Тэгэхээр иргэд хаа хаанаа хариуцлагатай, би энэ хороонд ирж байгаа юм шүү гээд бүтгүүлээд явах ёстой. Энэ зуун хувь иргэдийн хариуцлага юм. Ер нь бол тэрнээс биш таныг ирчихсэн байхад нь хэн ч бүртгэж авахгүй гээгүй. Таныг явчихсан байхад нь хэн ч дураараа хасах эрх байхгүй. Тэгэхээр иргэн та өөрөө хариуцлагатайгаар яг хаана юу бүртгүүлэх ёстой, хасах ёстой бүгдийг нь хийлгэж байх ёстой гэсэн үг. Тэгэхээр төрийн анхан шатны нэгж хороотойгоо харьцдаггүй нь харагдаж байна.  Хороон дээр бол сургууль, цэцэрлэг хүүхдийн бүртгэл, цэргийн бүртгэл явагдаж байна, одоо насны хишиг өгч байна та бүртгүүлээрэй, Энэ мэдээллийг хэсгийн ахлагч нь байнга өгдөг ч хүмүүс нэг их төвлөрч өгдөггүй. Тэгж байгаад ингэж байгаад гээд мэдээллээ үл ойшоогоод яваад л байдаг. Эсвэл ирээд цэргийн зарлан аваарай гэж хэлэхэд хүртэл огт тоодоггүй. Торгоно биз, тэгнэ биз гээд л зугтаад яваад байдаг. Энэ асуудал чинь эргээд бид нарын ажлыг уяж байдаг. Бид нар дураараа хүнийг шууд хасаж болохгүй. Бид нарын ажлыг бас уячихдаг.

Сангийн яам болон ХНХ-ын яамны зүгээс Статистикийн хороо ийм дата гаргаж өгсөн болохоор бид 91 хувьд нь олгохоор болсон гэж ярьж байсан ч одоо болохоор хорооны Засаг дарга  нар хариуцах ёстой байсан, мөн иргэдийн хариулагагүй байдлаас болсон гэж ярьж байна. Энэ тал дээр юу гэж бодож байна.

За хүүхдийн цэцэрлэг, сургуульд шинэчлэл байнга хийж байгаа шүү дээ. Хүүхдийн мэдээллээрээ шинэчлээрэй гээд байнга хэлдэг. Тэгээд бид нар бол шинэчлээд мэдээллээ өгөөд, хороон дээр ч гэсэн энэ  хүн байдаг болов уу, байдаггүй болов уу гээд байнга бүртгэж байгаа. Мөн нөгөө программыг яг хариуцаад явдаг хүн байхгүй. Хүний нөөц бас дутагдалтай байгаа юм. Энэ олон айлын мэдээллийг өдөр болгон шинэчлээд суухгүй шүү дээ. Бид нарын өрхийн мэдээллийг  албан ёсоор ийм өндөр зэрэглэл тавьж үзнэ гэж хараагүй бодоогүй л байхгүй юу. Бүр ингээд шууд дата мэдээллээ эндээс татаад л тэгээд бид нарын мэдээлэл дээр бол зүгээр энэ хаяг дээр энэ хүн амьдардаг амьдардаггүй, энэ хүүхэд байдаг байдаггүй, тухайн хаяг дээр оршин суудаг түр оршин суугч, хаяг дээрээ амьдардаг, амьдардаггүй гадаадад байдаг гэдэг мэдээлэл гарч байгаа. Одоогоор тухайн хаяг дээр яг амьдарч байгаа үндсэн хаягтай оршин суугчдынхаа мэдээллийг нь засаж оруулж байна гэсэн үг. Энд ирээд амьдраад байгаа, албан ёсоор улсын бүртгэлдээ шилжээд ирчихсэн хэрнээ хорооныхоо хэсгийн ахлагч өрхийн мэдээллийн сан дээр ороогүй явж байгаа хүмүүс байгаа юм.

Ер нь бол шууд бүртгүүлчхээд явцгаачихдаг. Эсвэл бүртгэлтэй байраа түрээслээд явчихдаг. Энэ хаяг дээр шинээр ирсэн хүмүүсийнхээ мэдээлэл дээр хамтдаа холилдчихсон яваад байгаа. Өмнөх айлын мэдээлэл дээр энэ айл амьдардаггүй ч бид нар хасах эрхгүй. Гэтэл одоо шууд ингээд татаад явлаа гэхэд хаягтаа амьдардаггүй хүмүүсийг дээр нь сүүлд ирсэн хүмүүстэйгээ нэгдээд бүгдийнх нь машины тоо нэмэгдээд, хүүхдийнх нь тоо нэмэгдээд, өмнө нь амьдарч байсан хүн дээр сүүлийн амьдарч байсан айлын хүүхэд нь дагаж яваад байна даа.

Танай хороо хэдэн жил үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Хүүхдийн мөнгө авах хэдэн хүүхэд байна?

Манайх 30 жилийн түүхтэй хороо. 12 хэсгийн ахлагч хариуцан ажилладаг.  Ерөнхийдөө манай хороо бол 2248 өрхтэй 8854 хүн амтай. Үүнээс 50 хувийг хүүхэд гэж үзэж байна. Яг одоогийн ачаалал дээр манайд өдөрт хориод иргэн үйлчлүүлж байна. Ихэнхдээ хороонд хамааралтай буюу хаяг зөрөхөөс илүү үл хөдлөх хөрөнгө, машины бүртгэл зөрж байна.

Төвийн болон захын хороодод зөрчилтэй мэдээллээ харуулахаар иргэд  ирсээр байлаа. Хүүхдүүдийн 91 хувьд нь мөнгө өгөхтэй холбоотой хороодоос ямар нэгэн асуулга аваагүй талаар  БЗД-ын 7, 32 –р хорооноос дурьдаж байв. Төвийн хорооноос захын хорооны иргэд илүү бухимдалтай байгаа нь ажиглагдлаа. Ийнхүү хоёр хороо өөрсдийн зүгээс хийх ёстой зүйлсээ хийгээд явдаг ч  нэг талаас иргэд хороотойгоо харилцаа муу хэрнээ шүүмжлэл ихээр үзүүлэх, нөгөө талаас яамдууд шийдвэрээ гаргачхаад буруудах юм бол анхан шатны нэгж рүүгээ бурууг хандуулсан явдал болсон нь харагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.156.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.