Ж.АМАРСАНАА: ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН гол шалтгаан нь СҮЛЖЭЭНИЙ ЭМ, буруу хооллолттой шууд холбоотой!!
Ярилцлага
/
2023-01-26

Монгол Улс дэлхийн 185 орноос элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байгаа.

Хорт хавдар нь осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт бий болдоггүй.  Хорт хавдрын суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Манай орны нөхцөлд элэгний өвчлөлд голлон нөлөөлж буй зүйлсийн талаар “Happy Veritas” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагаас тодрууллаа.

Элэгний өвчлөлөөр Монгол улс одоо ч дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Өвчлөлтэй иргэдийн дийлэнхийн уг шалтгаан юу байдаг вэ?

Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй элэгний өвчлөл их байна

Сүүлийн үед вирусын гаралтай өвчлөл арай буурч байгаа ч амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй элэгний өвчлөлүүд их байна. Тухайлбал, хэт таргалалт ялангуяа буруу хооллолтоос болоод элэгний өөхжилт их үүсч байгаа. Энэ бол элэгний вирустэй л адил өвчлөлд хүргэдэг. Бас архины хэрэглээ, сахарын өвчнөөс үүдэлтэй элэгний өвчин Монголд ихээхэн илэрдэг. Махны хэрэглээ ч зайлшгүй яригдана. Мах ихээр хэрэглэх нь төмөр илүүдэж элэг хордлогод орж үрэвсэхэд хүргэдэг.

Монгол хүн гэдэг утгаараа бусад орны иргэдээс өвөрмөцөөр ажиглагдаж буй нөлөөлөгч хүчин зүйл юу байна?

Эмчийн зөвлөмжгүйгээр сүлжээний эм бэлдмэл, эсвэл хэн нэгнээс сайн гэж сонссон зүйлс хэрэглэх нь элэгний өвчлөлөө хүндрүүлэх гол шалтгаан

Маш ноцтой, бүр тахлын хэмжээнд хүрсэн нэг асуудал бол иргэд ямар ч эмчийн зааваргүйгээр сүлжээний эм, бэлдмэлүүд маш их хэрэглэж байна. Энэ нь элэгний хордлого, элэгний үрэвсэл үүсэх том шалтгаан нөхцөл болдог. Гол нь сүлжээний эмийн борлуулагчид иргэдийг янз бүрийн аргаар ятгаж, итгүүлснээс үүдэлтэй хэрэг.

Зарим нь бүр ямар ч эмчийн заавар, зөвлөмжгүйгээр өөрсдөө сайн гэж бодсон эсвэл хэн нэгнээс сайн гэж сонссон зүйлсээ хэрэглээд бүр хүнд шатандаа орчхоод ирдэг. Тухайлбал, манай эмнэлэгт хусны хаа, адууны хомоол, “Эгүүшин” гээд ургамлуудыг буцалгаж уугаад элэгний хордлогод орсон хүмүүс их ирдэг. Мөн янз бүрийн артишок, поли витамин, мульти витамин зэргийг дураараа хэтрүүлэн хэрэглээд элэг нь үрэвсчихээд ирдэг. Энэ мэтчилэн вирусын халдвараас тусдаа иргэд өөрсдөө дур мэдэн ууж хэрэглэдэг эм, бэлдмэлүүд элэгний үрэвсэл, хавдарт нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна.

Улаанбаатарын хэмжээнд аюултай түвшинд байгаа нэг зүйл бол агаарын бохирдол. Саяхан бас агаарын бохирдлоос үүдэлтэй элэгний өвчлөл зөвхөн Монгол хүнд өвөрмөцөөр илэрч байна гэсэн судалгаа танилцуулсан. Энэ талаар? 

Тийм судалгаа гарсныг сонссон. Гэхдээ эх өгүүллийг нь хараахан уншиж танилцаагүй байгаа учраас ямар нэгэн санал хэлэх боломжгүй байна. Гэхдээ агаарын бохирдол бол элэгний өвчлөл нэмэгдэх нэг гол шалтгаан мөн. Энэ асуудлаа яаралтай шийдэхгүй бол цаашдаа бас нэг аюулын харанга хаяанд тулж байна л гэж харж байна даа.

Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ямар арга байна?

Үндэстэн даяараа эрүүл мэндийн боловсролтой болох шаардлагтай 

“Эрт илрүүлэг” гэж орон даяар үзлэг шинжилгээ хийж байгаа нь үр дүнгээ өгч л байна. Өвчлөл, халдвараа хүнд шатанд хүрч даамжрахаас өмнө мэдэж, эмчлүүлэх нь маш чухал. Урьдчилсан шинжилгээгээр нэлээн илэрч байгаа. Гол нь элэгний өвчлөлөө багасгахын тулд үндэстэн даяараа эрүүл мэндийн боловсролтой болох хэрэгтэй. Вирусээс гадна бусад үндэстний хэмжээний тахал болоод байгаа асуудлууд олон байна. Элэгний өвчлөлөөс хамгаалах улс орны хийж хэрэгжүүлэх зүйлс их байгаа ч хувь хүн өөрөөс шалтгаалах зүйлсийг маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.