Улстөрчдийн БАНК ДАМПУУРДАГ жишгийг “БОГД БАНК” давтах вий!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-01-27

Улстөрчдийн оролцоотой арилжааны банкууд “урт насалдаггүй”. Хамгийн сүүлийн жишээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувь эзэмшиж байсан “Капитал” банк  дампуурсан. Тэрчлэн хотын дарга Д.Сумъяабазарын халаасанд байдаг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ч эвгүй байдалд орчихсон тухай хэвлэлүүд бичиж, Сангийн яам ч яаралтай арга хэмжээ авах, нийгмийн даатгалын сангийн мөнгийг буцаан төвлөрүүл гэсэн албан бичгийг шидсэн нь буй. Чөлөөт зах зээлд шилжсэн цагаас хойш манай улсад 40 гаруй арилжааны банк байгуулагдсанаас өнөөдөр ердөө 11 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Улстөрийн хамаарал бүхий эзэнтэй банкууд аажимдаа дампуурч, үгүй болдог. 

Тэгвэл улстөрч эзэнтэй банк дампуурдаг жишгийг “БОГД” банк давтаж болзошгүй нь! Тус банкны гол хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Лу.Болд. ТУЗ-ийн дарга нь түүний төрсөн дүү Лу.Болдхуяг.  Богд банкны 91,7 хувийг “Богд Капитал Инвестмент” ХХК, найм орчим хувийг  “Бодь Капитал “ ХХК эзэмшдэг. 300 гаруй тэрбумын активтай.

Энэ банкны санхүүжилт эхнээсээ л хэл ам дагуулсан. УИХ-ын дарга  М.Энхболдыг унагах “улстөрийн акц” эрчимтэй өрнөх үед Ж.Мөнхбат гишүүн нэгэн баримт ил болгосон нь Лу.Болдын халаасны “Богд” банкны санхүүгийн дэмжлэг юм. Тухайн үед Ж.Мөнхбат гишүүн “Намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Л.Болд гишүүн өөрийн хувийн банкандаа 150 сая ам.долларын бонд босгох асуудлыг дэмжиж өгөөч гэдэг хүсэлтийг Засгийн газарт тавьж байсан. Гэтэл  2018 оны долоодугаар сарын 26-нд байгуулсан гэрээнд “... Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид данс эзэмшигч гэнэ/ нөгөө талаас “Богд” банк /цаашид банк гэнэ/ дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож гэрээг байгуулав” гэж байгаа юм. Энэ гэрээний 2.1.4-т мөнгөн хөрөнгө гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр данс эзэмшигчээс буюу Хөгжлийн банкнаас банканд буюу “Богд” банканд тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.доллар гэсэн байгаа. Мөн хугацаа нь 2018 оны долоодугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл 365 хоног гэсэн байна. Энэ гэрээгээр өнөөдрийн ханшаар 21 тэрбум орчим төгрөгийг Хөгжлийн банкнаас авч, харилцах дээрээ байршуулж байгаа нь нотлогдож байна.

Дараагийн гэрээг 2018 оны аравдугаар сарын 24-нд байгуулсан. Мөн Хөгжлийн банк “Богд” банкны хооронд байгуулсан. Энэ гэрээний нэрийг Байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж байгаа. “Богд” банк хадгаламж авах эрхгүй жижиг банк. Тиймээс их хэмжээний мөнгийг харилцах дээрээ байршуулаад байгаа юм. Гэхдээ харилцах дээрээ ийм удаан хугацаанд бас байршуулах нь хууль зөрчиж байгаа юм билээ. Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан гэрээ байна. Энэ бол үнэт цаас барьцаалах гэрээ. Энэ бол “Богд” банк Хөгжлийн банкнаас авсан 9.8 тэрбум ам.долларын барьцаа болгож Монголбанкны үнэт цаасыг тавьсан гэрээ юм” хэмээн чуулганы индрээс мэдээлэл хийж байсан удаатай.

Мордохын хазгай гэж үг бий. Ийнхүү анхнаасаа хэл ам, хууль бус зүйл дундуур явсан банк төд удалгүй дампуурах эрсдэлтэй гэдгийг ч мэргэжлийн байгууллагууд онцлоод буй. “Богд” банк бол харьцангуй жижиг, актив санхүү багатай, нийгэмд эзлэх байр суурь, нөлөө багатай, сул банк. Тийм ч учраас “эрсдлийн ирмэг” дээр дэнжигнэн зогсож буй нь үнэн. Элчин сайд Л.Болд албан тушаалаасаа хэзээ бууна тэр цагт энэ банк дампуурч, татан буугдаж болох. Энэ хүний нэр нөлөөн дор үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэр.

Тэрчлэн тус банкны ажилтан залуу банкныхаа зургаан сая төгрөгөөр МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ байсан хэрэг 2020 онд гарч байв. Тэгэхээр ийм банкинд хүн итгэж мөнгөө хадгалуулж, үйлчилгээ авна гэдэг эргэлзээтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.