Э.ЭНХ-ЭРДЭНЭ: Ногоон хөгжлийн зээлийн дийлэнх хувь ЦАХИЛГААН СКҮТЕРТ зарцуулагдсан
Ярилцлага
/
2023-01-28
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Хаан банк, Хас банк, Төрийн банктай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор эко хөгжлийг дэмжих ногоон зээл олгож эхэлсэн. Энэхүү зээлийн үйлчилгээ иргэдэд хэр хүрч байгааг тодруулахаар Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энх-Эрдэнээс тодрууллаа.

Хас банкны эко хөгжлийг дэмжих ногоон зээл хэдэн төрлөөр олгогдож байгаа вэ?

Хас банк 2013 оноос эхлэн ногоон хөгжлийг дэмжих эко зээлийг олгож эхэлсэн. Ногоон зээл маань бизнесийн болон эцсийн хэрэглэгч буюу хувь хүнд очих зээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр гардаг.

Ямар төрлөөр түлхүү олгодог вэ?

Хас банк Дэлхийн уур амьсгалын ногоон сантай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Тус сангаас хөнгөлөлттэй зээлээр хүлэмжийн хийг багасгах, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор ногоон хөгжлийн зээл олгодог. Мөн БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр хөнгөлөлттэй зээл олгодог.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ямар зээл олгодог вэ? Гэр хорооллын айлууд голчлон юунд зориулж зээл авч байна?

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гол хоёр төрлийн зээл олгож байгаа. Эхнийх нь гэр болон байшингийн дулаалга, нөгөөх нь янданг бууруулж цахилгаан халаагуурт шилжих. Мөн хэрэглээний зээлүүдээр дамжуулан өйл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг хөнгөлөлттэй олгож байгаа.

Гэр хорооллын айл өрхүүдэд хүрч ажиллах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа юу?

Энгийн банкнаас арай хөнгөлөлттэй нөхцөл, шалгуураар зээл олгодог. Тухайлбал банкны ихэнх хэрэглээний зээлүүд жилийн 24 хувьтай олгодог бол манай эко хэрэглээний зээл 16.8 хувийн хүүтэй олгодог.

Яамны татаастай олговол иргэдэд найман хувь, бизнесүүдэд 2-3 хувийн хүүтэйгээр олгож байгаа.

Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээр гэр хорооллын иргэдэд хэчнээн хэмжээний зээл гаргасан бэ?

Нийт гэр хорооллын айл өрхүүдэд тэрбум орчим төгрөгийн зээлийг гаргасан.

Дийлэнх нь ямар төрөлд олгосон бэ?

Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц мөн дулаалгын төрөлд нэлээн зээл гарсан. Энэ нь эцсийн дүндээ утааг бууруулахад л чиглэгдсэн ажил. Үүнээс үүдэн эрэлт маань ч ихэссэн.

Үр дүн ямар байна. Хөнгөлөлттэй зээл олгосноор утааг бууруулж чадсан уу?

Манай банкны зүгээс голчлон хүлэмжийн хийн ялгарлыг хэр бууруулсныг судалсан. 2021 оны эцсийн байдлаар 2.1 сая тонн CO2-той тэнцэх хүлэмжийн хийг бууруулсан байсан.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машин, мотоцикл, цахилгаан скүтерт зээл олгодог гэсэн. Хэдий хэмжээний зээл олгосон бэ?

Нарийн тоо бол байхгүй. Энэ төрөл дээр яамны татаасаар хөнгөлөлттэй зээл гаргаж байгаа. Цахилгаан скүтерт хамгийн их гардаг

Иргэдээс тодруулга авахад иргэд энэ ногоон зээлийн талаар огт мэдээлэлгүй байна. Танай банкны зүгээс иргэдэд зээлээ таниулах, хүргэх талаар ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

Жил бүр дүүргүүдийн тодорхой хороон дээр очоод хэсгийн ахлагчтай нь хамтран сургалтууд зохион байгуулдаг. Түүгээрээ дамжуулан иргэдэд танилцуулдаг. Мөн телевизүүдээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэдэг.

Газар нь дахин төлөвлөлтөд орсон өрхөд зээл олгодоггүй гэж иргэд мэдээлсэн. Энэ үнэн үү? Ямар учраас зээл олгодоггүй вэ?

Манай банк бол тийм хязгаарлалт байхгүй. Бүх иргэдэд олгодог.

Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.