Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ХАМГААЛСАН Ерөнхийлөгчид баярлалаа
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-01-31

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зургаан жилийн хугацаанд төр тэргүүлэх бүрэн эрх хэрэгжүүлнэ. Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа “ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ” гэгчийг эхлүүлж, хариуцлагагүй уул уурхайтай зоригтой тэмцэж, төрийн хүнд суртлыг арилгахад онцгой анхаарч байсан.

Төрд ажиллаж байгаа сэтгэлгүй, зүтгэлгүй дарга нарыг ажлаа хариуцлагатай хий, хийж чадахгүй зайгаа тавьж өгөхийг анхааруулж байсан удаатай.  “Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” хэмээн Ерөнхийлөгч болох үедээ олон нийтэд хандан хэлж байв.Монгол улсын төрийн тэргүүн бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргийг хүлээсэн. Тийм ч учраас “НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХ” залуучууд, ард иргэдийг дэмжиж, Засгийн газарт шахалт үзүүлсэн.

Төрийн тэргүүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, санаачилсан ажлуудаас хамгийн чухал нь МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОХЫН үндэс суурь болсон “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” аян, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн юм.

Монгол хүүхдүүдэд дэлхийн боловсрол “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Ерөнхийлөгчийн хамгийн сүүлд гаргасан нэгэн хориг олны таашаалд нийцэж, алга ташуулаад байна. Тэр нь Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” тухай хуульд бүхэлд нь ХОРИГ ТАВЬСАН явдал.

Засгийн газраас ЦАХИМ ҮНДЭСТЭН хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЦАХИМ ЗАЛИЛАН, ЦАХИМ ГЭМТ хэргийг хязгаарлана гэсэн агуулгатайгаар олон нийтийн сүлжээ буюу ФЭЙСБҮҮКИЙГ ХЯНАЖ, ХУУРАМЧ ХАЯГИЙГ ЦЭГЦЭЛНЭ гэдгийг хууль санаачлагчийн зүгээс тайлбарласан нь олон нийтийн ундууцлыг өдөөв.

Улмаар сошиал хэрэглэгчид Засгийн газрыг төлөөлөн УИХ-д хуулиа хамгаалан батлуулсан Н.УЧРАЛ тэргүүтэй гишүүдийг огцруулах акц өрнүүлэхээ ч мэдэгдээд буй юм. Асуудлын гол нь олон нийт амаа үдүүлэхийг үл хүссэнд буй юм. Нийтлэлч Баабар, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Женкогийн Ардчилсан намынхан гээд улс төр, нийгмийн нөлөө бүхий хүмүүс ч эсэргүүцлээ илэрхийлсний хүчинд ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард олныхоо талд зогсож ХУУЛЬД ХОРИГ тавив.

Энэ нь түүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацааны АНХНЫ ХОРИГ юм. Ингэснээр тэр МАН-ын бус Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэдгээ батлах мэт болов. Үндсэн хуульд заасан “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх” –ийг хамгаалсан төрийн тэргүүн танд баярлалаа. Ардчиллын амин сүнс нь ИРГЭДИЙН ЧӨЛӨӨТ ЭРХ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн энэ цаг үед Монгол улс иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт талбарыг ХААЖ болохгүй.  Гэмт хэргийг таслан зогсоох нь төрийн үүрэг мөн ч НЭГ ХУУЛИАР НИЙТИЙН АМЫГ ҮДЭЖ ЧИМЭЭГҮЙ БОЛГОХ гэж оролдсон Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг Ерөнхийлөгчийн зүгээс онцолж буй юм.

Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ХАМГААЛСАН Ерөнхийлөгчид баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.175.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.