“Бидон” ГАНБАТ гишүүн БАТЛАМЖ ГАНБАА болж улстөрийн карьертаа ЦЭГ ТАВЬЧИХЛАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-02-03

Цагийн сайханд “БИДОН” хэмээн алдаршиж явсан Д.Ганбат гишүүн одоо “БАТЛАМЖ ГАНБАА” гэдэг хочтой болчихлоо. Монголын улстөрийн  хоёр том баганын нэг АРДЧИЛСАН нам хагаран бутарч, хуваагдан үйрээд дуусч буй. Нийтлэлч Баабарын “зөгнөсөнөөр” энэ нам ахин сэргэхийн тулд ёстой ЁРООЛДОО ТУЛТАЛ УНАВ. Мэдээж гол буруутан нь С.Эрдэнэ ВАН. Монголчууд сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэж сайн мууг зүйрлэж ярьдаг. Хөөрхий муу “БИДОН” ГАНБАТ гишүүн С.Эрдэнэ гэх “улстөрийн хорт могой”-г дагаж салбаганаж яваад нэр төр ч үгүй, нам ч үгүй, сүүлдээ тамга ч үгүй, харин хөөрхөн ЖААЗТАЙ л хоцрох нь.

Н.Учрал гишүүний хэлдэгээр АРДЧИЛСАН НАМЫН МӨНХИЙН ДАРГА С.Эрдэнэ өөр хүнд тамгаа өгдөггүй нь гачлантай. Өмнө нь Ц.Туваанд тамгаа өгсөн ч хэл ам хийсээр байгаад өөрөө хуурамч тамга үйлдвэрлээд тараачихсан. Сүүлд М.Тулгатыг угсаа залгамжлагчаараа тодруулж тамганы хайрцаг өгч хуурсан. Одоо Д.Ганбат гишүүнийг номхчилж “жаазтай батламж” өгч хуурав. Намын даргыг сонгох цахим сонгууль нь луйвар болсон гэж нэр дэвшигч Л.Гүндалай нь С.Эрдэнийгээ АТГ-т өгчихсөн.

Зүг зүгээр бүлгээ удирдаад явж байсан тэрбээр С.Эрдэнэ вантай хэт ойр шадарласаныхаа шанд УИХ-д бүлэггүй болсон бол сүүлд толгойгүй болохоо алдсан. О.Цогтгэрэлтэй муудалцаж чихрийн тавагаар тархиа хагалуулах дөхсөн гэх бор шувуу ордноор дүүрэн ниссэн.

Хонгор нутгийн одонтой ээжүүдэд бидон тарааж, оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлсэн бол 2022 оны цагаан сараар боодол боодол мянгатын дэвсгэрт тарааж багагүй хөрөнгөтэй “дунд гарын баян” болохоо нотолсон. Харин одоо дэмжигчдээ бага багаар алдаж эцэс нь С.Эрдэнийн өгсөн “БАТЛАМЖ”-тай л хоцрох дээрээ тулчихаад байна. Учир юун хэмээвээс Улсын дээд шүүх түүнийг намын даргаар бүртгэх нь бас л эргэлзээтэй. Хуулийн байгууллагын зүгээс “Танай нам нэгдээд дотооддоо эв зүйгээ олоод НЭГ Л ХҮНИЙГ ДАРГААР БҮРТГҮҮЛ” гэдэг хууль зүйн шаардлага тавьж байгаа. Гэтэл гурав хуваагдаж, тав тасарсан АН-ынхан Женко Х.Баттулга, Л.Гантөмөр, Д.Ганбат гэсэн гурван хүний материалыг дээд шүүх рүү шидчихээд, Төрийн ордон, С.Зоригийн хөшөөтэй байр, Шонхор таур зэрэг гурван газраас мэдэгдэл хийж буй.

Энэ хооронд АН-ын 200 мянган гишүүд залхаж, МАН-д, ХҮН-д дагаар орж дараагийн амьдралаа бодож байна. Ерөнхий сайд асан Д.Бодоо “Ардын намын жорыг би тааруулсан. Хорыг нь ч бас найруулна” гэсэн гэдэг шиг АН-ыг хагалган бутрааж, өөрийн эзэрхийлэлд авах гэж дөрвөн жил тоголсон хүн нь С.Эрдэнэ болов. Түүнийг дагаж яваа нөхдүүд ч нүүрээ буруулж бараг дийлэнх нь түүнээс намын тамгыг нь авах гэж өрсөлдөв.

Энэ бүхнээс дүгнэхэд УИХ-ын гишүүн Д.Ганбат бусдын ятгалга хүчинд автаж өөрийнхөө нэр хүнд, улстөрийн замналаа дуусгасан гэж ойлгож болно. Зул бөххийнхөө өмнө бадамладаг гэгчээр ийм уналтад орохоосоо өмнө тэр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга, Үндэсний бодлогын хорооны дарга болж тус намд байж болох бүхий л албан тушаалд ажиллав.

Ардчилсан намын “хорт могой” С.Эрдэнийн сүүдэрт бидон Ганбаа гишүүн маань улам бүдгэрч ЖААЗ ГАНБАА болтлоо доошоо орчихлоо. Ээ халаг гэж!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.