СУРВАЛЖИЛГА: "ХАЛААС НИМГЭН" иргэд Хархорин захаас хүнсний үнэ асуугаад буцаж байна!!!
Сэдэв, асуудал
/
2023-02-07

"Сар шинэ"-ийн баяр болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдээр иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнэ болон иргэдийн худалдан авалт хэр байгааг баруун бүсийн төвлөрсөн худалдааны төв болох “ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ"-өөс тодрууллаа.

Иргэн А.Жамсран:

Өндөр настны тэтгэвэр цагаан сар тэмдэглэхэд хаанаа ч хүрдэггүй

“Одоохондоо цагаан сардаа бэлтгэсэн зүйл алга. Юмны үнэ сонирхож явна. Юань, доллар нь өсчихсөн болохоор барааны үнэ нэмэгдээд байгаа. Цагаан идээний тасгаар л орлоо. Тавгийн боовны оронд ааруул авдаг юм билүү гэж яваа. Дараа нь идэхэд ч арай дээр байдаг. Өндөр настны тэтгэвэр бол цагаан сар тэмдэглэхэд хүрдэггүй шүү дээ. Манай хөгшний бие муу болохоор эм тарианд л хамаг юмаа тавиад туух юм даа. Цагаан сар яаж болдог юм байгаа юм” хэмээн ярьсан бол,

Өндөр настан иргэн Ж.Нэргүй:

“Тэгээд бусад хүмүүс тэмдэглээд байхад тэмдэглэхгүй байж болохгүй. Бусдаас тутмааргүй байдаг ч тэтгэврийн 500 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй. Өмнө нь уг нь хүргэдэг байлаа. Цагаан сарыг өөрсдийн хүрээнд цомхон тэмдэглээсэй гэж боддог. Энэ хувьцаа гээд л яриад байгаа. Өгвөл уг нь зүгээр” хэмээн ярьсан юм.

Иргэн Н.Нацагдулам:

“Цагаан сарыг маш өндөр зардлаар тэмдэглэдэг. Ёс уламжлал нь угаасаа тийм шүү дээ. Заавал өргөн дэлгэр идээ ундаатай байх ёстой. За тэгээд хүн ирвэл бэлэг өгнө, ахмад настанд золговол мөнгө барина гэхчилэн ёс уламжлал нь угаасаа өөрөө зардал өндөртэй баяр. Одоо ард түмний амьдрал хэцүү үед аль болох цомхон тэмдэглэх хэрэгтэй дээ” хэмээсэн юм.

Иргэдийн байр сууриас үзвэл барааны үнэ өндөр, авдаг хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байгаа гэнэ. Ямар нэгэн баяр болоход баяр гэхээсээ илүү дарамт болдгийг онцлон хэлсэн юм. Тэгвэл худалдаа эрхлэгчдийн байр суурь ямар байгаа талаар хүргэе.

Монгол дээлний худалдаа эрхлэгч:

Уг нь манай бараа материалын үнэ нэмэгдээгүй. Бусад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ л нэлээн нэмэгдсэн. Гадуур ууц 300 мянга, тавгийн ааруул 600 мянга гээд зарж байна гэсэн. Түүнтэй харьцуулахад манай барааны үнэ өмнөх жилийнхээ хэвээр л байгаа ч иргэдийн худалдан авалт муу байгаа" 

Тайлбар байхгүй.

Худалдаа эрхлэгч Ө.Ундрах:

Монгол гэрийн хулдаас зардаг. 8000-25000 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Цагаан сар болохоор иргэдийн худалдан авалт нэмэгддэг ч энэ жил ажиглагдаж байгаа зүйл алга. Яахав амралтын өдөр гээд хүмүүс явж байгаа ч худалдан авч байгаа иргэд цөөхөн байна" хэмээн ярьсан юм.

Иргэд хэвийн боовноос илүү тавгийн ааруул авахаар зорьж байгаа боловч хэтэрхий үнэтэй байгаа талаар санал гомдлоо хэлж байсан юм. Тэгвэл тавгийн ааруулны үнэ хэд байгааг сурвалжлан хүргэж байна.

Тавгийн ааруул 250-400 мянга, бөөрөнхий хэвийн ааруул 30 мянга, хорхой ааруул 18 мянга, сүүн ааруул 28 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тайлбар байхгүй.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйд иргэд бухимдалтай, худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчгүй байна. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой холбогдох албан байгууллагууд ямар чиглэлд ажиллаж байна вэ?

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас батлагдсан 36-р дугаар тогтоолын Ажлын хэсгийг ахлан, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөг төсөвлүүлээд байгаа” хэмээн ярьсан нь Монгол иргэн эрүүл хүнсийг хямд өртгөөр хэрэглэх боломжтой гэсэн үг хэмээн ойлгож байгаа. Гэтэл цагаан сар дөхөх тусам ууцны үнэ өсөж байгааг бид бүгд мэднэ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан УИХ-аас баталсан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах, махны үнийг бууруулах арга хэмжээ авах зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Аж ахуй эрхлэгчидтэй хамтарч ажиллах зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийж байх нь зүйтэй”

 Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг онцгой байдлын газрын гамшгийн улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмол хийж байна.

 А. Зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах

 Б. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох тал дээр онцгойлон анхаарч ажиллах талаар дурджээ.

Худалдаа эрхлэгчид худалдан авагчгүй болж, иргэд мөнгөгүй болсон. Хоёр талд арга ядсан иргэд “Хувьцааны ногдол ашгаа авмаар байна” хэмээн орилж байна. Энэ янзаараа үндэсний хэмжээний томоохон баяр болох Цагаан сараа хэрхэн яаж тэмдэглэх вэ?

Өдрөөс өдөрт өсөж, тэнгэрт тултлаа дэвшиж, иргэдийн худалдан авалтаас давсан ханшийг тогтоогоод байхад харсаар байвч нүдэн балай чихэн дүлий, хананы цаана өөрсдийгөө тусгаарласан төрийн түшээд дорвитойхон бодлого үйл ажиллагаа явуулах цаг нь болжээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байх уу? иргэд араас нь мөлхсөөр байх уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.