Б.ЭНХБААТАР: Нэг сая орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгоно
Ярилцлага
/
2023-02-10
Авто зам ашигласны төлбөр төлөлт хэр байгаа талаар зам, тээврийн хөгжлийн төвийн Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Энхбаатараас тодрууллаа.

Сайн байна уу, Энэ өдрийн мэнд хүргэе

Сайн байна уу, Баярлалаа

2022 оны байдлаар хичнээн иргэн авто зам ашигласны төлбөр төлсөн бэ?

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон. Цэгүүд цахимжсанаар автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байна. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулна.

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар гарч буй өөрчлөлт нь юу байна вэ?

Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болсон.

RFID технологийн талаар танилцуулбал. Ач холбогдол нь юу вэ?

RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна. 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим гэрчилгээг тараагаад эхлэнэ. Нийт 1 сая орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгоно. Мөн энэ оны эхний хагаст багтаан олон улс, улсын чанартай  авто зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажил хийгдэнэ

2023 оны байдлаар иргэд зам ашигласаны төлбөрөө хэрхэн яаж төлөх вэ?

Иргэд тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд E-Barimt апп, e-mongolia апп, www.ROADPAY.mn орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.