Я.ЭРДЭНЭСАЙХАН: ЖДҮ-ийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд 28.4 тэрбум төгрөгийн зээл олгоно
Ярилцлага
/
2023-02-11

Жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн сонгон шалгаруулалт болох гэж буйтай холбогдуулан ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай уулзаж ярилцлаа.

Танд өдрийн мэнд хүргэе! Зээлийн шалгаруулалтын материал авч эхэлсэн үү? Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

ЖДҮ-ийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 113-р тогтоол, сангаас зээл олгох журмаар уг зээлийг баталдаг. ХХААХҮ-ийн сайдын тушаал 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр батлагдсан. Тиймээс ЖДҮ-ийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд олгох зээлийн сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 10-н хүртэл 30 хоногийн хугацаанд явагдана.

Ямар шалгуураар зээл олгохоор зорьж байна вэ? Мөн зээлийн хэмжээний талаар?

Энэ жил бид 28,4 тэрбум төгрөгийг олгоно гэж төлөвлөж байгаа. Мэдээж зээлийн эргэн төлөлтөө сайжруулвал энэ төсвөө нэмэгдүүлнэ. Засгийн газраас явуулж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж орон нутаг руу шилжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг энэ жил хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу зээл олгох салбар чиглэлээ тогтоож байгаа. Нэн тэргүүнд хүнсний чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд 70 гаруй хувийг нь олгоно. Хүнс, тэр дотроо мах,сүү, хүнсний ногоо, хүнсний зориулалттай сав баглаа боодлын үйлдвэр, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, гахай, шувуу зөгийн аж ахуй эрчимжсэн мал аж ахуй, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг дэмжих, баяжуулсан оргинак бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй гэх мэтчилэн салбар чиглэлүүдийг энэ жил баталсан байгаа.

Төрийн бодлого шийдвэртэй уялдуулж байгаа харагдаж байна. Тэгэхээр шалгаруулалтад орж байгаа иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр байна вэ?

Хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн материалуудаа авснаар л мэдэгдэнэ. Өнгөрсөн 2022 онд 600 гаруй аж ахуй нэгж хүсэлтээ өгсөн. Иргэнээр биш аж ахуй нэгжээр оролцдог байгаа.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлогыг анхаараасай гэж хүсэж байна вэ?

ЖДҮ эрхлэгчдэд ковидын үе болон эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдал хүндээр нөлөөлсөн. Энэ үед хамгийн сайн дэмжлэг бол зээл байгаа. Үйлдвэрлэгчидтэй уулзахад үүнийг л ярьж байна.

Шалгаруулалтын журам дээр өөрчлөлт оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр шалгаруулалтад ямар ялгаа гарч байгаа вэ?

2018 онд асуудал үүсээд бид нар 2020 онд өнөөдөр хэрэглэгдэж байгаа журмыг баталсан. Цаасны төсөл шалгаруулахгүй байх буюу газар дээр заавал очиж үзэх, сонгон шалгаруулалтын комисын долоон гишүүний дөрөв нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх гэх мэт маш олон шинэлэг зохицуулалтуудыг оруулж өгсөн. Тиймээс энэ зээл нь шударга, яг хэрэгтэй байгууллагууддаа олгогдож байгаа. 2022 он Авилгатай тэмцэх газраас  төрийн байгууллагуудын ил тод байдалд үнэлгээ хийхэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нэгт орсон байгаа. Энэ нь гурав, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад төслийн сонгон шалгаруулалт ил тод шударга болсон гэдгийн нотолгоо болж байна.

Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс л зээл авдаг гэсэн ойлголт байсан. Одоо бол бүгд шилэн болсон гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Одоо эсрэгээрээ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Агентлагийн гишүүд гэх мэт төрийн албан тушаалтнууд өөрсдөө болон хамаарал бүхий компанид зээлийг олгохгүй гэж тусгасан.

Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.83.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.