О.ЧИНЗОРИГ: Цахим гэрчилгээтэй болсноор түгжрэл 20-30 хувиар буурна
Ярилцлага
/
2023-02-28

Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

Танд өдрийн мэнд хүргэе! Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох гэж байна. Цахим гэрчилгээний гол үүрэг юу вэ? Энэ ажил ямар шатандаа явж байна?

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой цогц арга хэмжээний нэг хэсэг нь. Зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийн тогтолцоо буюу зам тээвэртэй холбоотой бүхий л төрийн байгууллагууд хоорондоо болон жолооч нартай мэдээлэл солилцдог болгох цогц арга хэмжээ юм. Хоёрдугаар сарын 1-нээс Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд суулгаж эхэлсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Төрийн өмчит тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл болон бусад тээврийн хэрэгсэлд суулгана. Үүний дараагаар хувийн тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээг суулгаж эхэлнэ.

Цахим гэрчилгээтэй болгох ажлын гол зорилго нь юу вэ?

Энэхүү системийг нэвтрүүлснээр дэлхийн зарим улс оронд түгжрэл 20-30 хувиар буурсан байдаг. Гол нь иргэд мэдээлэлтэй болно. Өглөө гарахдаа ч юмуу түгжрэлийн мэдээлэл болон тээврийн хэрэгслээ сонгох боломжийг аппликейшн, вэб хувилбар, фэйсбүүк болон телевизээр дамжуулан иргэдэд түгээх юм. Ингэснээр иргэд маань зорчих хөдөлгөөнд мэдээлэлтэй, төлөвлөлттэй, сонголттой оролцох бололцоо үүсч байгаа.

Тээврийн хэрэгслийг ямар байдлаар цахимжуулалтад хамрагдуулах гэж байна? Хяналт шалгалтыг хэрхэн хийх вэ?

Улаанбаатар хотод 100-аас доошгүй цэг байгуулж, мэргэжлийн албан хаагчид тухайн хэрэгсэл дээр цахим гэрчилгээг суурилуулж ажиллагаанд оруулна. Хяналт шалгалтыг шат шатны холбогдох байгууллагууд хийгээд явна.

Энэ ажилд хэд орчим төгрөг төсөвлөсөн бэ? Жолооч нарт мэдээллийг хэрхэн түгээж ажиллаж байна?

Албан журмын даатгуулагчдын холбооноос 13 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ зөвхөн цахим гэрчилгээтэй холбоотой бус програм хангамж болон төлбөр авах цэгүүдийг тоноглохтой холбоотой зардлууд багтсан байгаа. Жолооч нарт мэдээллийг хангалттай сайн түгээсэн. Ямар нэгэн сөрөг сэтгэгдэл, үр дагавар гарахгүй. Цахим гэрчилгээтэй болсноор иргэдэд л давуу тал үүснэ.

Түгжрэлийг яг хэдэн хувь бууруулна гэж тооцоолж байна? Түгжрэлээс өөр сайнаар нөлөөлөх хүчин зүйлс байгаа юу?

Түгжрэлийг 20-30 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нийтийн тээврийн хэрэгслээс гарч буй утааг багасгадаг гэсэн судалгаа, шинжилгээ гарсан. 

Энэ ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

Гуравдугаар сарын 1-нээс Зургаадугаар сахрын 1-н хүртэл хийхээр төлөвлөж байна

Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.