О.БАЯРБААТАР: 2002 оноос өмнөх барилгуудын дийлэнх нь ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ!!!
Ярилцлага
/
2023-03-01

Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэдийн амь нас, барилга байгууламж сүйдээд байгаа. Энэ нь чанаргүй барилга, байгууламжаас үүдэлтэй. Тэгвэл Улаанбаатарын хэмжээнд нийт барилга байгууламж газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэх, тэсвэргүй барилгад авч хэрэгжүүлдэг үйл ажиллагаа зэргийг тодруулахаар БХБ-ын яамны Ахлах мэргэжилтэн О.Баярбаатартай уулзаж ярилцлаа.

Танд өдрийн мэнд хүргэе! Нийслэлийн хэмжээнд хэчнээн тооны барилга, байгууламжууд байдаг вэ? Барилга ер нь хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх шаардлага тавигддаг юм бол?

Улсын хэмжээнд 18442 олон нийтийн барилга байдгаас Нийслэлийн хэмжээнд 9821 брилга бий.

Барилга Хот Байгуулалтын яам нь одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтраад 2012-2015 оны хооронд Улаанбаатар хот болон дагуул дүүргүүд болох Багануур, Эмээлт, Налайх, Багахангай дүүргүүдийг хамруулан газар хөдлөлтийн бичил схемийн зураглал бүтээсэн.

Уг судалгаагаар нийт газар нутгийн 2% нь 9 баллд, 50% нь 8 баллд, 47.6% нь 7 баллын газар хөдлөлтийн бүсэд байна.

БХБ яам нь Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газартайгаа хамтраад 2012-2022 оны хугацаанд 2002 оноос өмнө баригдсан 778 барилга дээр Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх, паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнээс Газар хөдлөлтөд тэсвэртэй 206 барилга, хүчитгэх шаардлагатай 195 барилга, тэсвэргүй 377 барилга байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламж нийт 1844 байдаг. Түүнээс 778-д нь л хийсэн. Үүнээс үзэхэд 2002 оноос өмнө баригдсан нийт барилгын 40 хувь нь газар хөдлөлтөнд тэсвэргүй байна гэсэн судалгаа гарсан.

Барилгын чанар стандартыг юунд тулгуурлаж гаргадаг вэ?

Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөлтийн норм гэж байдаг. Тэр нь 2002 оноос мөрдөгдөж эхэлсэн. Уг нормд хэдэн баллын бүсэд ямар хэмжээний даацтай барилгыг хэдэн давхар барих ёстойг тодорхой зааж өгсөн байдаг.

Заасан шаардалагад нийцэхгүй байгаа барилга, байгууламжид ямар арга хэмжээ авдаг вэ?

Улаанбаатарт байгаа 377 барилга нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хувийн байгууллага гэх мэт олон төрлийн байгууллага байгаа. Үүнээс цэцэрлэг, сургууль, эмнэлэг, Соёлын төв зэргийг жил болгоны улсын төсөвт суулгаж, буулгаад ахин шинээр барьдаг. Харин орон сууцыг улсын төсвөөр шийднэ гэдэг боломжгүй. Тэгэхээр гуравдагч этгээд буюу төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, барилгын эзэмшигч, нийслэлийн засаг дарга гэсэн гурван талт гэрээ байгуулж, нийт 58 айл байлаа гэхэд 108 айл болгох ч юмуу, Таван давхар байлаа гэхэд есөн давхар болгодог ч юмуу тухайн компаны хөрөнгөөр засаж янзлах, буулгаад ахиж барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа.

Шинээр баригдаж байгаа барилгуудад яаж хяналт тавьж ажилладаг вэ?

Газар хөдлөлтийн бичил мужийнхаа дагуу байх ёстой. Тухайлбал Улаанбаатарт 7-оос 8-н баллын газар хөдлөлтийн бүс гэж үздэг шинэ барилга барих компани нь түүнийхээ дагуу зураг хөргөө боловсруулаад холбогдох экспертүүд буюу зөвлөх ажилтнуудаар хянуулж магадлалын дүгнэлт гаргана. Мөн барилгаа барихад нь ч давхар хяналт тавьж ажилладаг. Дуусмагц нь улсын комисс акт дүгнэлтүүдийг нь харсны үүднээс үйлчилгээнд нэвтрүүлдэг.

Нэг барилгыг паспортжуулахад хэдэн төгрөг шаардлагатай байдаг вэ? Цаашид бүх барилгаа паспортжуулахад хэр хугацаа шаардлагатай байна?

Бүх барилга байгууламжуудыг паспортжуулах шаардлагатай. Улсын хэмжээнд бүх барилгаа паспортжуулах боломж бага. Төсөв мөнгө их шаардагддаг. Нэг барилгыг пасбортжуулахад 7-8 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс ядаж 2002 оноос өмнөх барилгуудаа эхлээд дуусгая гэсэн бодлого баримтлаад явж байгаа.

Энэ ажилд жилд хэчнээн төсөв мөнгө төсөвлөгддөг вэ?

Пасбортжуулах ажилд жилд 300-400 сая төгрөг төсөвлөгддөг. Энэ нь 30-40 барилгад л стандартын шаардлага тавьж байна гэсэн үг. Уг нь Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан 1800 гаруй  барилга байдаг. Улсын хэмжээнд 18442 олон нийтийн барилга байдгаас Нийслэлийн хэмжээнд 9821 брилга бий. Үүнээс 1841 барилга нь 2022 оноос өмнө баригдсан. Үлдсэн 900 барилгыг пасбортжуулахад 6.3 тэрбум төгрөг шаардлагатай. Аймагт бол сургуль, цэцэрлэг, эмнэлгийн 2140-өөд барилга бий. Тэдгээрийг пасбортжуулахад 14.4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

Барилгын тэсвэрлэх чадварыг хэрхэн шалгадаг вэ?

Тухайлбал тоосгон барилгыг тоосгоноос нь дээж аваад инженер геологийн судалгаа хийж зураг төслийг нь хараад биет үзлэг болон зураг төсөлтэй нь харьцуулан дүгнэлт гаргахыг хэлдэг. 15-н төрлөөр нэг барилга дээр үздэг

Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.