Д.ДОВЧИНЖАМЦ: Контакт линзийг шаардлагатай буюу шил зүүх боломжгүй үед зүүж болно
Ярилцлага
/
2023-03-09
Хүний хараа юунаас болж, яагаад хэрхэн мууддаг талаар АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, “Сондра” нүдний эмнэлгийн эмч Д.Довчинжамцтай ярилцлаа.

Сайн байна уу? та энэ өдрийн мэнд. Хүмүүсийн хараа ямар буруу зуршлаас улбаалан мууддаг вэ? Бидний хараа муудахад дэлгэцийн нөлөөлөл их байна уу?

Хараа муудах шалтгаан олон янз байдаг. Орчин үед бол дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь хараа муудах байдалд оруулж байна. Ерөнхийдөө дэлгэц удаан хугацаат хэрэглээнээс шалтгаалан ойрын харааны ачаалал ихэсч, яваандаа холын хараа муудаж эхэлдэг. Нүдний эмч, эмнэлгүүд дэлхийд мэдрэлийн эмгэгүүдийг урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажилладаг. Ер нь  нүдний өвчин үүсчихсэн хойно нь бүрэн буцаан эмчлэх боломж анагаах ухааны төвшинд одоогоор байхгүй байна. Нэг ёсондоо мэдрэлийн эсүүдийг шинээр төлжүүлэх, тэдгээр шинээр төлжсөн мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон  үйл ажиллагаа нь сэргэх боломж тун ховор гэсэн үг. Иймээс өвчнөө эрт оношлуулан даамжруулахгүйн үүднээс эмчилгээгээ зөв хийлгэж,  явбал  хүний харааны үйл ажиллагаа яг хэвийн хүн шиг хадгалагдах боломжтой. Сүүлийн жилүүдэд нүдний өвчнөөр хандаж буй иргэдийн нас янз бүр байна. Нүдний үрэвсэлт өвчин, нүдний болрын цайлт, нүдний торлог, харааны мэдрэлийн өвчин зэрэг олон зүйлсээс шалтгаалан хараанд өөрчлөлт орж, мууддаг. Хэрвээ нүдний даралт ихсэлттэй бол нүдний даралтыг эрт үед нь оношилж, эмчлүүлээд эрсдэлээс сэргийлэх боломж байдаг. Хүүхдүүдийн хувьд хараа муудахад шилийг нь тохируулж өгөх. Хамгийн гол нь өөрт нь таарсан шилийг зөв зүүлгэх хэрэгтэй. Өсвөр насныхны хувьд утас компьютер зэргийг цаг наргүй хэрэглээд байх юм бол хараа аажимдаа муудна. Мөн үүн дээр зөвхөн өсвөр насныхан гэлтгүй жирэмсэн эсвэл бага насны хүүхдээ гэртээ харж суудаг эмэгтэй хүмүүсийн хараа нэмж муудах тал байдаг. Тэгэхээр бид ойрын зайны буюу хагас метрээс дотогшоо зайтай зүйлсийг харахдаа тодорхой хугацааны хязгаартай байх шаардлагатай.

Зарим хүн нүдний шил гэхээс илүү линз ашигладаг. Линз хэр зөв сонголт бол харааг улам муутгах тал бий юу?

Харааны шил, контакт линз, эсвэл хараа тэглэх мэс засал, мөн  нүдний алимны дотор линз суулгаж өгдөг ICL гээд хагалгаа байна. Энэ бүхнийг тухайн хүний хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн эмчилгээ үйлчилгээг санал болгодог. Түүнээс биш заавал яг нэгийг нь хэрэглэлээ гээд туйлын сайн гэсэн үг биш. Гэхдээ мэдээж нүдэндээ мэс ажилбар хийлгэх нь мэс ажилбар хийлгээгүйгээс илүү эрсдэлтэй. Мэс ажилбар хийлгэхгүй байлаа гэвэл нүдний шил зүүх үү, контакт линз зүүх үү гэвэл нүдний шил нь илүү дээр гэж хэлнэ. Яагаад гэвэл бидэнд нүдний бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эсвэл нүдэн дээр нь нэг юм аваачаад суулгачих нь огт юм суулгахгүй байгаагаас илүүтэй нүдэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр энэ болгоныг хүн бүр ирж үзүүлэн өөрт юу тохирох, ямар эмчилгээ сайн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авч байх хэрэгтэй. Түүнээс хүний нүдийг буцаан цоо эрүүл хүнийх шиг болгодог эмчилгээний арга эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт одоохондоо бүрэн байхгүй байна. Би өвчтөнүүдээ аль болох харааны шилээ зүүж бай гэж  зөвлөдөг. Учир нь, харааны шил нүдэнд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэх байдал бага юм. Контакт линзийг бол шаардлагатай буюу шил зүүх боломжгүй үед зүүж болно. Зүүхдээ тухайн зөвшөөрөгдөх хугацаанд, зөв контакт линзээ байнга цэвэрлэж ариутган хэрэглээд байх юм бол асуудалгүй. Гол нь өдөр бүр удаан хугацааны турш хэрэглэсэнтэй холбоотой нүдэнд бага багаар өөрчлөлтүүд орж байдаг. Тухайн хүн линз ашиглахдаа хэр зөвлөгөө, асаргаа дагаж байна гэдгээс хамаарна гэсэн үг. Тийм учир шууд муу, эсвэл зүгээр гэж хэлэхэд учир дутагдалтай.

Сүүлийн үед иргэд хараа тэглэх хагалгааг ихээр хийлгэх болсон. Энэ мэс заслыг хийлгэхийн өмнө болон дараа юуг сайн анхаарах хэрэгтэй вэ?

Хараа тэглэх мэс заслыг тохирсон хүндээ зөв хийх юм бол асуудалгүй, сайн үр дүнтэй мэс засал. Гэхдээ дийлэнх хүмүүсийн асуудал юу байна вэ гэхээр нүдний хуурайшилт байдаг. Хараа тэглэх буюу лазер мэс заслын дараа нүд хуурайшдаггүй байсан хэвийн хүмүүст ч тодорхой хэмжээгээр хуурайшилт үүсч эхэлдэг. Нүдний хуурайшилттай холбоотой хамгийн түрүүнд мэдэх зүйлсийг хүн болгон анзаарах шаардлагатай. Нэгт үнэхээр тухайн хүн энэ хагалгааг хийлгэх шаардлага байгаа эсэх. Хоёрт  хүмүүс хараа тэглэх мэс засал хийсний дараа хараа нь бүрэн сайжирч, дахин муудахгүй мэт ойлгодог. Гэвч бидний буруу зан үйлээс болоод хараа аажимдаа муудаж эхэлдэг учраас хэрэв тухайн зан үйл тэр хүнд хэвээрээ байгаа л бол аажимдаа мөн хараа бага багаар муудаж байна. Энэ мэс засал нь хүний харааг тэр чигт нь эргэшгүйгээр сайжруулаад тогтоож байгаа зүйл огт биш гэж ойлгож болно.

Оффисын ажилтай хүмүүс өдрийн ихэнх цагийг компьютер ширтэн өнгөрүүлдэг. Эдгээр хүмүүс юунд анхаарч, нүдээ хамгаалах хэрэгтэй вэ?

Оффисын ажил компьютерын ард дор хаяж өдрийн найман цаг суудаг ажил юм. Тэгэхээр бид компьютер ширтэн анхаарлаа төвлөрүүлж сууж байх үед юу, юу болдог юм бэ гэдгийг эхний ээлжинд мэдэх хэрэгтэй. Хүн дэлгэц харах буюу өөрөөсөө гэрэлтүүлэг ялгаруулдаг зүйлийг харах үед цаас харснаас илүүтэй заавал тогтож, ширтэж харах шаардлага үүсдэг. Ширтэж харах анхаарлаа хэт төвлөрүүлэхтэй холбоотойгоор бид бүхэнд гардаг өөрчлөлтүүдийг нэг нэгээр энгийнээр тайлбарлъя.

Нэгд, хүн жирийн үед нүдээ ойролцоогоор 6-10 сек тутамд нүдээ анивчиж байх ёстой бол дэлгэц харж байх үед энэ нь уртасдаг гэж хэлнэ. Нэг ёсондоо нүдээ анивчиж цавчихгүйгээр илүү удаан хугацаанд нүд нээлттэй байдаг. Үүнтэй холбоотой их хэмжээгээр нүд хуурайшдаг. Ялангуяа үдээс хойш буюу оройн цагаар.

Хоёрт, бид бүхний нүдийг чийглэдэг зүйл бол нулимс. Судалгаанд дурдсанаар хүний нүдний нулимсыг өглөө оффисын ажилд ирэх үед авч шинжлэн үзсэн байдал болон өдрийн цайны цагаар болон оройн цагт нулимсыг дахиад авч, өглөөнийхтэй харьцуулаад үзэхэд нулимсны найрлагад өөрчлөлт орсон байдаг. Удаан хугацаагаар дэлгэц хэрэглэх тусам улам их өөрчлөлт ордог буюу нүд чийгшүүлэх чадвараа алдаж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой нүдэнд улайлт, хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд зарим хүн нүдээ аниад юм хармааргүй санагддаг гэж хэлдэг.

Гуравт, дэлгэц хэрэглэж байна аа гэдэг ойрын зайндаа орж байна гэсэн үг. Ойрын зайны юм удаан хугацаагаар харах үед хүний нүдэнд байнгын булчингийн ачаалал үүсч байдаг. Булчингийн ачаалал үүсэх тусам хүний нүдэнд чилэлт үүснэ. Ялангуяа 40-өөс хойш насны хүмүүст түлхүү ажиглагдаж эхэлдэг. Нөгөө талаараа тухайн булчин эргээд өдрийн дийлэнх цагийг ойрын юм харж ачаалал аван өнгөрч буй тул ойрын зайнаас дэлгэц ширтэх үед дасан зохицох байдлаар нүд дагуу уртаашаа сунаж зууван хэлбэртэй болдог. Үүнтэй холбоотойгоор холын хараа муудаж эхэлдэг, үгүй бол нас биед хүрсэн хүний хувьд нүдний уг руу чилж өвдөх зовуурь илэрдэг. Нүдний хуурайшилт, нулимсны найрлага өөрчлөгдөлт, булчингийн ачаалал зэрэг нүдэнд илэрч буй шинж тэмдэг даамжраад эхлэхээр зарим хүнд толгой таллаж өвдөх, мигрень өвчний шинж тэмдэг сэдэрдэг. Үүнд гэрэлд маш мэдрэг болох, оройд машин барьж явахад гялбаад юм харахгүй байх зэрэг маш олон зовуурь илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зүйлсийн нэг нь ердөө тасалгааны температурыг зөв, чийглэг байлгах, компьютерын дэлгэцийг нарны туяанаас хол, харааны төвшинд зөв байрлуулан суух зэргээр эдгээр зөв зан үйлүүд хүний хараанд илэрч буй зүйлс буюу нүдний  ачааллыг багасгах, хуурайших, аргах байдлыг бууруулах болно.

Нүдний даралт ихсэх буюу глауком гэх өвчин байдаг. Үүнийг эрт оношлон зөв эмчилгээ хийхгүй бол хараагүй болох талтай. Тэгэхээр энэхүү өвчнийг бид туссан эсэхээ хэрхэн мэдэх боломжтой бол?П

Глауком нь архаг даамжралтат буюу аажим аажмаар өвчний явц нэмэгдэнэ гэсэн үг. Нэг үгээр харааны мэдрэлийн эмгэг гэж хэлдэг. Хүний нүдний даралт ихсэх үед харааны мэдрэл дээр их хэмжээний даралт учруулж, харааны мэдрэлийг гэмтээж байдаг. Үүнтэй холбоотойгоор нүдний хараа бага багаар муудаж эхлэх зовуурь үүссэн хойно эмнэлэгт ханддаг нэг ёсондоо энэ нь оройтчихсон юм. Мөн 40-өөс дээш насны хүмүүст түлхүү үүсэх хандлагатай байдаг тул жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь тун зөв. Урьдчилан сэргийлэх үзлэгт бид тухайн хүнд нүдний глаукон өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл байх эсэх, хэрэв байх юм бол яаж сэргийлж болох вэ гэдгийг оношилно. Энэ өвчний нэг гол хүчин зүйлсэд удамшлын нөлөө гэж байдаг. Удамшлын хүчин зүйлтэй үүсдэг учир бид үүнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. Энэ өвчний эмчилгээний гол зорилго нь эрт үед нь буюу харааны мэдрэлийн гэмтэл өөрчлөлт хамгийн бага үед оношилж, цааш нь даамжруулж муутгахгүй байх зорилготой эмчилгээнүүд хийдэг байна. Ингэж чадваас хүний харааны үйл ажиллагааг бид хэвийн хадгалаад байх боломжтой. Харин хэт оройтчих юм бол эргээд бидэнд ямар ч эмчилгээний арга байхгүй. Нэг ёсондоо мэдрэлийн ширхгүүд гэмтчих юм бол буцаж сэргэдэггүй гэж ойлгож болно. Энэ өвчин нь цочмог явцтай, архаг даамжралтат явцтай гэсэн хоёр янз бий.

Цочмог явцтай үед хүмүүсийн нүд гэнэт бүрэлзэн, толгой таллаж өвдөх, гэрэлд гялбан дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг болохоос биш дийлэнх тохиолдолд архаг даамжралтат явцтай буюу хүнд ямар ч шинж тэмдэг өгдөггүй өвчин юм. Үүнээс улбаалж сүүлд нүд нь бүрсийх буюу харааны мэдрэл гэмтсэн шатанд ирж оношлогдох юм бол тухайн шатнаас нь муутгахгүй байх зорилтот эмчилгээнүүдийг хийдэг болно. Манайхны гол дутагдалтай тал нь ямар нэг зовуурь илрэхээр “Яваандаа гайгүй болчих байлгүй дээ” гэж ажигласаар байгаад ямар нэг өвчнийг хүндрүүлсэн хойно ирэх хандлага түлхүү ажиглагддаг. Хэрэв өмнө зүгээр байсан зүйлд ямар нэг өөрчлөлт орж, зовуур үүсээд эхлэх юм бол тухайн зүйл хэвийн биш болж байна гэсэн үг. Тухайн илэрч буй зүйл ноцтой эсвэл ноцгүй зүйл үү хэвийн байх юм бол бид зөвхөн зөвлөгөө өгөөд явуулах болно. Харин ноцтой зүйл байх юм бол эмчилгээг нь урьдчилан сэргийлэх журмаар, өөрчлөлт нь аль хэдийн эхэлчихсэн байвал эмийн, мэс заслын эмчилгээ яаж хийх вэ гэсэн талаас дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх боломжтой.

Баяралалаа таньд

Баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.