Хаваржилт хүндэрсэн бүс нутгийн малчдад Олон улсын байгууллагын ТУСЛАМЖ ОЛГОНО
Ярилцлага
/
2023-03-08

Малчдын өвсний тэжээлийн нөөцийн 80 Хувь дууссан. Хаврыг хүндхэн эхлүүлж байгаа малчдад төрөөс ямар бодлого, дэмжлэг хүргэхийг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа

Танд өдрийн мэнд хүргэе! Өвөл өнгөрч урин дулаан цаг ирж байна. Малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хэр байв? Цаашдаа хаваржилт ямар байх төлөвтэй байна?

Өвөлжилт 15 аймгийн 165 сумд нэлээд хүндхэн байлаа.

Ойрын хэд хоног дулаарснаас цасны зузаан нэлээн нимгэрсэн. Одоогоор нийт нутгийн 30 орчим хувьд л цастай байна. Цас зудын нөхцөл байдал ямартай ч дээрдсэн. Хаврын салхи шуурга, шар усны үер, хур тунадасны дутмагшлаас үүдсэн харын зуд үүсэх эрсдэлтэй байгаа. Энэ нөхцөл нь өвлөөсөө илүү эрсдэлтэй байдаг.

Өвөлжилт хүндэрсэн ямар ямар аймаг сумдууд байна? Яамны зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

Улсын хэмжээнд 470 орчим мянган мал хорогдсон. Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Тэгэхээр эдгээр аймгуудад хаваржилт мөн адил хүндрэх төлөвтэй байна. Мөн нэмээд говийн аймгууд харын зудтай байгаа. Бид өвөлжилтийн эрсдлийн үнэлгээг өнгөрсөн 10 сард хийсэн. Улсын онцгой комисс, Хөдөө аж ахуйн яам хамтраад нэлээдгүй ажил авч хэрэгжүүлсэн. Үүний нэгээхэн хэсэг нь 13 аймагт 1.1 мянган тонн өвс, 8.6 мянган тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад тараасан. Зарим зудын эрсдэл өндөр байгаа сумдын эрүүл мэндийн хэлтэс, онцгой байдлын газарт туулах чадвартай 18 машин олгосон. Зарим аймагт туулах чадвартай шатахууны дэмжлэг үзүүлсэн. Мөн зудын эрсдэлтэй байсан бүс нутгийн 3880 малчин өрхөд бэлэн мөнгөний болон өвс тэжээлийн тусламж үзүүлсэн. Өчигдөр хаваржилтын нөхцөл байдлын талаар аймгуудын нэгдсэн хурал болсон. Үүн дээр холбогдох аймгийн Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн байгаа.

Хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа бүс нутагт ямар ажил хэрэгжүүлэх вэ?

Хаврын технологит ажлууд гэж байдаг. Салхи шуурга, ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, малыг вакцинжуулж, бүртгэлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, сэг зэм устгалын ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг үүрэг болгосон.

Малчдын өвс тэжээлийн 80 хувь хэдийнээ зарцуулагдсан байна. Цаашдаа хаваржилт хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд шуурхай штаб ажилладаг. Шуурхай штабааар дамжуулан цаг алдалүй холбогдож мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Уг мэдээллээр дамжуулан бодлого шийдвэрүүдийг гаргадаг. Нөгөө талаас улсын төсөв мөнгө хэмжээтэй шүү дээ. Тэгэхээр олон улсын байгууллагуудаа нэлээд түшиглэх төлөвлөлтүүдийг гаргаад байгаа. Уг төлөвлөгөөнд тулгуурлан малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх тал дээр анхаарч байна.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.211.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.