А.ИШДОРЖ: Хөдөөгийн хөгжлийг сэргээхийн тулд БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨВЛӨРӨЛИЙГ задлах хэрэгтэй!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-03-19

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг чухал хэсэг нь яах аргагүй ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ. 1990 оноос хойш хөдөө орон нутгийн иргэд малчид эрүүл мэндийн, боловсролын, эдийн засгийн үйлчилгээг төвлөрсөн нэг доороос авах зорилгоор Улаанбаатар хотыг зорих болсон. Энэ нь аажимдаа ТӨВЛӨРЛИЙГ БИЙ БОЛГОЖ, эцэст нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувьд хүрэхгүй зайд хүн амын 50 илүү хувь нь бөөгнөрөн амьдарч түгжрэл, ядуурлыг үүсгэж улмаас тэндэээс үндэслэн соёолсон АВЛИГА, ХҮНД СУРТЛЫН ДАЛАЙД амьдарч байна. Энэ байдлыг халахын тулд Засгийн газраас хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бий болгох зорилгоор ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ эхлүүллээ. Тус чуулганд оролцож, бүс нутгаа хөгжүүлэх боломжийг танилцуулсан Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой ярилцлаа.

Сумын Засаг даргаас аймгийн Засаг дарга болтлоо дэвшин ажилласан хүний хувьд ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙГ ХЭРХЭН төсөөлж байна вэ?

Хамгийн гол зүйл нь хөдөө эзгүйрээд байна. Нийт газар нутгийнхаа 0,3 хувьд хүн амын ихэнх нь төвлөрчихлөө. Үүнээс үүдсэн замын түгжрэл, хөрс, агаарын бохирдол, ажилгүйдэл ядуурал, гэмт хэрэг зөрчил гээд сөрөг зүйл бий болсон. 

Ийм төвөгтэй орчин руу чихцэлдэж шавааралдах гол үндэс нь хөдөөд аятай тухай амьдрах боломж байхгүйтэй холбоотой гэвэл та үүнтэй санал нийлэх үү?

Орон нутагт ажлын байр бэлэн. Ая тухай ажиллах, амьдрах боломж хангагдсан. Дэд бүтэц нь тавигдчихсан. Кино театр, бассейн, хуримын ордон, эрүүл мэндийн том төвүүд, газар нутаг гээд бүх зүйл хөдөөд цөм бүрэн. Яагаад амьдрахгүй байгаагийн гол шалтгаан нь ердөө л боловсролын тогтолцооны бодлого нь хэт нэг доор төвлөрсөнөөс үүдэлтэй байна гэж харж байгаа. Үр дүн нь өнөөгийн байгаа байдал. Одоо бид үүнээс салахын тулд зоригтойгоор их дээд сургуулийг нэгдүгээрт цөөлөх, хоёрдугаарт яг хэрэгцээтэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг өнгөрсөн үеийн тогтолцоог дахин сэргээх, гуравдугаарт орон нутгаа эзэнжүүлэхийн тулд аймаг бүрт их дээд сургууль байгуулах, бүүр сумд байгуулсан ч болно.

Их дээд сургуулиудыг бүсчилж хотоос гаргавал түүнийг дагаад орон нутаг руу суурьших иргэдийн урсгал нэмэгдэнэ гэж хувьдаа үзэж байгаа. Хүүхдээ их дээд сургууль төгсгөж ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙ ХҮН БЭЛТГЭХИЙН ТУЛД эцэг эхчүүд нь малчны, хэрэглээний, бизнесийн, цалингийн гээд дөрвөн жилд 40 орчим сая төгрөгийн зээл тавьж байна. Сүүлд нь хүүхдээ дагаад хот руу нүүдэг болчихсон. 

 

Илүүдэлтэй мэргэжлээр сургууль төгссөн залуучууд ажилгүй байгаа нь тодорхой. Тэднийг орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлж болохгүй гэж үү?

Сум, суурин газруудад захиргаа, эмч, багш, малын эмч, сэтгэл зүйч, соёлын мэргэжилтэн гээд хүний нөөцийн дутагдалд орчихсон. Гэтэл яг энэ чиглэлээр төгссөн залуучууд хотод ажилгүйчүүдийн эгнээг тэлж, гудманд лааз өшиглөөд явж байгаа нь харамсалтай. Тэд сум аймагт очоод ажиллахад нээлттэй. Гэвч би их сургууль төгсчихөөд хөдөө ажиллахгүй, өвөл даарна, зун нь цангана, байр сууц байхгүй, тухгүй гээд голдог. Өөрийгөө заавал хотод ажиллах хүн гэж сэтгэдэг. Хөдөө ажиллах сэтгэл зүй байхгүй. Үүний цаана ганц бие малчин залуус нэмэгдэнэ. Хань ижилтай, үр хүүхэдтэй болохын тулд малаа орхиод хот руу шилжээд барилгын ажил л хийж байна.

Та  "оношоо зөв доторхойлохгүй бол өвчин улам хүндэрнэ. Өвчинг намжаахын тулд зөв эмчилгээ хийх ёстой" тухай дурссан. Тэгэхээр бид энэ ужиг өвчин мэт асуудлыг яаж эмчлэх вэ?

Монгол улс ойрын 20 жилийн хугацаанд ирээдүйд бий болох ажлын байрны судалгааг нарийвчлан гаргаад элсэлтийн ерөнхий шалгалтаа зөвхөн тэр чиглэлээр л авч боловсон хүчнэээ бэлтгэдэг болох хэрэгтэй. Ийм бодлогыг зоригтой хэрэгжүүлэх нь зөв. Эдийн засагч, хуульч зэрэг илүүдэлтэй мэргэжлийн квотыг хаах нь зүйтэй. Тэгээд мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг коллеж, МСҮТ-ийг дэмжих нь зүй. Тэгвэл нөгөө яриад байгаа дээд боловсролтой ажилгүйчүүд чинь багасна.

Нөгөө өнцгөөс нь асуудлыг харвал эмч, багш, төрийн захиргааны залуу боловсон хүчнүүд сумд очоод ажиллая гэхээр амьдралын хамгийн эхний хэрэгцээ болсон халуун ус, боловсон 00, дулаан байр хүсдэг. Тэд малчид шиг аргал түлээд, гэрт амьдарч чадахгүй, дасан зохицож чадвар сул шүү дээ?

Нийтлэг байгаа зүйлтэй маргахгүй. Гэхдээ манай Өвөрхангай аймгийн есөн сум инженерийн шугам сүлжээнд холбогдчихсон. Аймгийн төв маань дулааны станцгүй учир зөвхөн цэвэр бохиртоо л холбогдсон. Суманд ч бас цэвэр бохир л чухал. Цаашлаад бүх сумдаа дэд бүтцээр холбоно. Хэрэглээний халуун усыг дулааны усаар л шийднэ. Ер нь бол орон нутагт дутагдаж байгаа боловсон хүчнээ бэлтгэж авахын тулд урамшууллын тогтолцоог бий болгох ёстой. Суманд эмч дутагдаж байвал сум аймгаас нь сургалтын төлбөр, байр хоолыг нь даагаад сургачихъя. Төгсөөд сумандаа л ажиллах гэрээ байгуулчихъя. Зайнаас хамаарсан урамшууллын нэмэгдэл, сарын дэмжлэг үзүүлэх боломжтой.

Манайхан ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ гээд чухалчилж авч үзэж байгаа нь сайн ч алсдаа мартчихдаг. Цаашдаа хэр үр дүнд хүрнэ гэж та харж байна вэ. Засгийн газрын ээлжит шоу битгий болчихоосой гэж хүн бүрт хүлээлт үүсгэчихлээ шүү дээ?

Энэ бодлого хэрэгжих бүрэн боломжтой. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг дэмжих, урамшуулах чиглэл нь маш зөв зүйтэй санагдсан. Улстөржиж болохгүй. Аль ч нам засаг гарсан гэлээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь илүү оновчтой бодлого байх болно. Монгол улсын нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн учраас цаашдаа үргэлжилнэ гэдэг эргэлзэхгүй байна. Орон нутагт ажлын байр байна. Сайхан амьдрах бүрэн боломж байна. Гагцхүү ажил хийх хүсэл сонирхол, сэтгэл зүйтэй хүн алга. Залуучуудад хүний итгэл даах хандлага, чадвар дутагдаж байна. Нэг газар ажиллаад хоёр хоног үзэгдчихээд дараа нь ирэхгүй болохоор чинь яаж ажилтай, орлоготой, өндөр цалин авч чадах вэ. Ийм хандлагаа хувь хүн ч бас өөрчлөх цаг нь болсон. Тэгвэл хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд сайхан амьдрах боломж үргэлж нээлттэй.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.