СААРАЛ ОРДНООС "хар нүүрсний хулгайчдыг" илрүүлсэн ТӨРИЙН ТҮШЭЭ
Үйл явдал
/
2024-06-21

Эх оронч хүн гэж хэн бэ. Хэнийг эх орны төлөө тэмцэгч гээд байгаа юм бэ... хэмээн Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайгаас би нэгэнтээ асууж байлаа. Тэр үед буурал яруу найрагч маань “Энэ уул ус, мод бут минь элэг бүтэн байна уу үгүй юу гэж эмзэглэж чаддаг. Энэ газар шорооны ширхэг нь зөв ургаж байна уу үгүй юу гэдгийг мэдэрдэг л хүнийг эх оронч гэх байх. За яах манай хэдэн яруу найрагч нар аргаа бартлаа л Эх орныхоо тухай дуулж, уянгалж байна. Харамсалтай нь сэрдхийтэл сонсчих чихтэй хүн ховор болж дээ” гэж билээ. Би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэгсэд Монголоор дүүрэн болсон энэ цагт үнэндээ жинхэнэ эх орончийг олж харах хэцүү л байх. Ялангуяа төрийн жолоо барьж буй хүмүүс дотор эх оронч байна уу. Хардах эрхийнхээ хүрээнд иргэн бүр улстөрчдийг ямар нэгэн ашиг сонирхол болгон хардаг болсон. Тэгвэл энэ дунд нэр цэвэр төдийгүй жинхэнэ эх оронч хүн байна. Энэ бол Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Гочоогийн Ганболд. Энэ залуу хулгайчдыг илрүүлсэн, луйварчдыг зогсоосон. Нүүрсний түр хорооны дарга, гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Хууль бус нүүрс тээвэр, үйл ажиллагаатай тэмцэх, тэдний “но”-г илрүүлж чадсан. Тухайн үед нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар Түр хороо байгуулж ажиллах зохицуулалттай болсон. Үүний нэг нь Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо байсан. Анхны түр хороодын нэг. Түр хорооны хувьд нүүрсний хэргийг илрүүлэх, хардлагын шинжтэй маш олон асуудлыг тодорхой болгох үүрэг хүлээсэн. Түр хорооны гол үр дүн бол офтейк болон нууц гэрээнүүдийг ил болгож чадсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани 3.5 их наядын ашигтай ажилласан. Албан тушаалтнууд нүүрс хулгайлах боломжгүй болсон. Нүүрсний хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцож УИХ нь гурван гишүүнээ бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Зарим нь бүр ял авсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг тэргүүтэй нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад шүүхээс хорих ял оноосон. Ингээд харахаар нүүрс хулгайлсан гэмт этгээдүүдэд тодорхой хэмжээнд хариуцлага тооцож чадсан хүн бол Г.Ганболд.

Ийм л учраас энэ залууг эх оронч гээд байгаа юм. Эх орныхоо элгийг эмтэлж нүүрс гадагш нь зөөж байсан яндаг албан тушаалтнуудыг тэрбээр зогсоож чадсан. Үнэндээ эх оронч хүн ард түмнийхээ дунд баатар болж хоймор ханхайж суухыг хэлдэггүй нэгэн жишээ нь энэ билээ. Эгэл ардын хүү. Энгийн л нэг монголын гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө зүтгэсэн сэхээтэн шилдэг боловсон хүчин. Г.Ганболд мөнгөтэй зууралдаагүй. Мөн албан тушаалтантай бөөр бөгсөө нийлүүлээгүй.

Зүгээр л өөрийнхөө замаар эх орноо манаж яваа иргэн. Хүүхэд ахуй насаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өнгөрөөсөн эгэл нэгэн малчны хүүхэд. Энгийн л сайхан гэр бүлд хүн болсон. Гэхдээ Г.Ганболдыг сайхан аав, ээж нь үнэнд сургаж чаджээ. Шударгад суралцуулж чаджээ. Тиймээс л энэ залуу иргэдийн яриад байдаг өнөөх луйварчин, авлигач, улсын хөрөнгийг шамшигдуулагчийг саарал ордноос гаргаж ирж чадсан. Энэ бол монголын олон олон сонгогчын хүсэл байсан. Эх орноо гэсэн мянга мянган сэтгэлийн үр байсан. Хонь хурганы араас шилбүүр барин гүйж, Хурдан морины нуруунд гийнгоолон дарцаг шиг дэрвэж явсан энэ бяцхан хүүд өнөөдөр ч сайн морь хэрэгтэй байна. Учир нь Г.Ганболд төрийг дотроос нь цэвэрлэж түмэн олны итгэлийн галыг зөвийн очоор асааж чадна. Өнөөдөр энэ залуу “Хангайн бүсийн гол төв нь шинэ Хархорин хот байх юм. Архангай, Өвөрхангай, Баянхонгор нь кластер байдлаар эрчимжсэн мал аж ахуй, малын гаралт түүхий эдийн үйлдвэр, газар тариалан хөгжих боломжтой. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас ГҮН БОЛОВСРУУЛАХ ХҮНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна” гэж тусгасан. Малын гаралтай түүхий эдийг төгс боловсруулах үйлдвэр барих ёстой. Мөн Өвөрхангайд мах боловсруулах гурван үйлдвэр ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Мөн жилд 4000 тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийдэг үйлдвэрүүд амжилттай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жишгээр гурван аймаг хоорондоо ярьж байгаад бүсийнхээ хэрэгцээг хангах ноос ноолуур, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх ёстой. Нэг аймаг нь ноос ноолуураа, нөгөө нь арьс ширээ боловсруулах үйлдвэр, гурав дахь аймаг нь ажиллах хүчнээ бэлдэж болж байна. Манай гурван аймгаас Монголын ноолуурын 30 хувь нь гардаг. Энэ их ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад асар их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.” Гэж ярьж байна. Тэрбээр 2020 онд мөн л ярьж байсан. Амлаж байсан. Түүнийгээ хийж чадсан. Хэрэгжүүлж, бүтээмжийнх нь үр дүнг олонд таниулж чадсан. Тиймээс энэ залууд дараагийн их ажлын зорилт зорилгод нь ташуур өгье. Сайн морьтой эр хүн хол явна. Сайн мориноос илүү санаа зөв, заяа түвшин хүн төр жолоодно. Түүнд алтан цулбуур атгуулаад үзье.

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Ган үзэгтэн сэтгүүлч Д Батдамба

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.