УИХ-ын гишүүд ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ
Үйл явдал
/
2024-07-22

Худал мэдээлэл тарсантай холбоотойгоор Улсын Их Хурлын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ.  “Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

Уг мэдэгдэлд “Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн агуулга бүхий ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд үүнийг нягтлалгүй мэдээ болгон түгээсэн байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа жигдэрч, Намрын ээлжит чуулганы бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт огт ирүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын Гишүүний бүрэн эрх, нийгмийн баталгааг хуульчилдаг. Үүнд улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах талаар ямар нэгэн зохицуулалт огт тусгагдаагүй болно. Иймд Улсын Их Хурлын гишүүн нь улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт, өргөдөл гаргах ямар ч боломжгүй бөгөөд иргэдийн төлөөллийнхөө хувьд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Сүүлийн өдрүүдэд хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлдэг, төлөөллийн дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний удирдлага, гишүүд, Тамгын газар луу чиглэсэн, холбогдох эх сурвалжаас бодит байдлыг тодруулаагүй, зориудаар харлуулах гэсэн зохион байгуулалттай үйлдлийн хүрээнд энэ мэт худал, ташаа мэдээлэл гарах болсонд харамсал илэрхийлж, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө илүү хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдье" гэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.59.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.