Зүүн Хойд Азийн хотын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргав
Үйл явдал
/
2024-08-02

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулга уулзалтад бүс нутгийн таван улс, 10 хот, олон улсын болон дотоодын байгууллагуудын нийт 230 орчим зочид, төлөөлөгчид оролцов. Чуулганд оролцсон хотын дарга нар болон төлөөлөгчдийн зүгээс хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уншиж танилцуулсан юм. Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН VI ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

"Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь" үндсэн сэдвээр хуралдсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI Чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо амжилттай, үр дүнтэй болж өндөрлөлөө.

Чуулга уулзалтад Зүүн Хойд Азийн бүс нутгийн таван орны үндсэн төлөөлөгчид, Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид, экспертүүд оролцож, "Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь", "Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь" гэсэн тодорхой сэдвүүдээр зохион байгуулсан салбар хуралдаанууд дээр холбогдох илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжлийн чухал чиглэлүүдээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн гүйцэтгэж ирсэн үүрэг, туршлага, сургамжийн талаар төлөөлөгчид нарийвчлан авч хэлэлцсэн нь олон улсын улс төрийн болоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, хэт хотжилтын сөрөг үр дагаврыг даван туулж буй олон улсын туршлагаас харилцан суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн бодлогодоо тусгах ач холбогдолтой боллоо.

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Чуулга уулзалтыг Улаанбаатар хот санаачлан эхлүүлснээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Улаанбаатар хот Чуулга уулзалтын зургаан удаагийн хуралдааныг хүлээн авч, зохион байгуулсанд оролцогчид гүнээ талархаж байна. Цаашдаа Чуулга уулзалтын цар хүрээг улам өргөжүүлж, байнгын ажиллагаатай механизм болгох тухай Улаанбаатар хотын санал санаачилгыг оролцогчид дэмжиж байна. Энэ чухал санаачилгыг 2026 онд болох VII Чуулга уулзалтаар тусгайлан авч хэлэлцэх талаар оролцогч хотууд анхаарч ажиллах болно.

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, найрсгаар хүлээн авсан Улаанбаатарын хотын захиргаа, ард иргэдэд нийт оролцогчид чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.208.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.