Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохдо Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ парламентын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэгтэн шүү” хэмээн хэлсэнийг олон нийт ихэд шүүмжилж байсан. Харамсалтай нь Төрийн тэргүүний тэр үг үнэний ортой байж ч магадгүй юм.
Учир нь сүүлийн үед ихэд шадарлах болсон Г.Амартүвшин, Х.Батсуурь, Г.Дамдинням нар ч төрийн мөнгөнөөс өндөр дүнтэй зээл гаргуулж бизнесээ ивээн тэтгүүлсэн, улмаар түүнийгээ эргэлдүүлэн УИХ-ын сонгуулийн зардалдаа ашигласан байж ч болох юм. Гэхдээ энэ бол хардлага.
Яагаад эднийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж хардаад байгаагаа доор сийрүүлье.
БАРИМТ НЭГ: Одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Засгийн газрын харьяа “Хөгжлийн банк”-ны захирал болов. Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов.
БАРИМТ ХОЁР: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төрийн банкны захирлаар 6 сарын хугацаанд ажилласан билээ. Ингэхдээ томоохон зээлүүд гаргасан байдаг. Тэдгээр зээлдэгчдийн дунд одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар байгаа нь анхаарал татаж байгаа юм. “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тухайн компанийн гол хувьцаа эзэмшигч нь “Глобал майнинг сервис” ХХК-ийн захирал Г.Дамдинням байна. “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь opendata.burtgel.gov.mn цахим хуудаст байна. Х.Хашчимэг нь дээрх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү юм байна. Түүгээр тогтохгүй Х.Ганхуяг нь “Хэра инженеринг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвестмент” ХХК-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшиж байна.
Иргэн Г.Амартүвшинг хэвлэлийнхэн болон зарим эдийн засагчид албаны эрх мэдлээ уруулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх Авлига, ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн хуулийн зүйл ангиар буруутган шүүмжилж байгаа.
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлын ажлаа өгөхөөс 4 өдрийн өмнө 33 тэрбум төгрөгийн зээлийг НАЙЗУУДДАА олгосон байдаг. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/115 дугаар тогтоолыг үндэслэн “Вертекс майнинг партнер” компанийн “Ухаа худаг” төсөлд 33 тэрбум төгрөгийн зээл олгох Хөгжлийн банкны шийдвэр гарчээ. Монгол улсын Хөгжлийн банк нь МУХБ-ны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргасан байгууллагуудад МУХБ-ны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг бөгөөд шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалттай. Мөн МУХБ-ны тухай хуулиас гадна банкны ТУЗ-өөс баталсан зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд заасан шалгуурыг зээл хүсэгчид тавьж шалгуур хангасан байгууллагын зээлийн хүсэлтийг холбогдох бодлого, журмын хүрээнд судалж, шийдвэрлэдэг юм. Дээр дурдсан холбогдох хууль, бодлого журмын хүрээнд Вертекс майнинг партнер ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг судалж МУХБ-ны ТУЗ-ийн 2019 оны 80 дугаар тогтоолоор тус компанид “Ухаа худаг” төслийн үйл ажиллагааг өргөтгөхөд шаардлагатай техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 33.0 тэрбум хүртэл төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин