Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар ХОЁР УДАА ЗАСГИЙН ГАЗАР тэргүүлж байжээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-19

Монгол Улсад Парламентын тогтолцоо үүсч хөгжөөд 30 жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсын Засгийн газар буюу улс орны бүх хэргийг  32 Ерөнхий сайд удирдан чиглүүлжээ. Одоо Ерөнхий сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ бол түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог. Монгол Улсын Ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог.

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Дээрх 32 Ерөнхий сайдаас хоёр удаа Засгийн газрыг тэргүүлэн ажилласан хоёр  хүн байна.

Цахиагийн Элбэгдорж:

Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд (1998 оны 4 сараас - 1998 оны 12 сар)  Сэтгүүлч мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрт засварчин, машинист, Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга, “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.) “Ардчилал” сонины эрхлэгч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн зэрэг албыг хашиж байсан.

Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд (2004-2006)  Авлигын эсрэг тэмцлийг эхлүүлсэн  гэж үздэг. 1998 онд Ц.Элбэгдорж М.Энхсайханы засгийн газрыг унгаж байсан бол 2006 онд Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАХН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах санал оруулж ирэхэд М.Энхсайхан тэргүүтэй гишүүд дэмжсэнээр Их эвслийн Засгийн газар огцорсон.

Ухнаагийн Хүрэлсүх:

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны 10 сарын 04-ний өдөр томилогдов. Тэрбээр 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байгаад дараа нь Ерөнхий сайдын сэнтийд заларсан юм. Улмаар сарын дараа буюу 2017 оны 11 сард Монгол Ардын намын дарга болов.

2020 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан орж ялалт байгуулан улмаар Ерөнхий сайдын албаа үргэжлүүлсэн. Шударга ёс, хуулийг тогтооно хэмээн амлаж хотын дарга С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцрохыг шаардаж, бүлгээ хоёр хуваасан түүхэн гавьяа бол яахын аргагүй У.Хүрэлсүхийнх мөн. Улстөрийн хүрээнд зоригтой алхам хийсэн ч улс эх орны бүрэн бүтэн байдлын төлөө олон чухаг шийдвэр гаргасан нь Хармагтайн орд, Гутайн даваа, Салхит, Тосонбумба зэрэг уул уурхайн ордуудаа төр өөрийн мэдэлд буцаан авч чадсан. Монгол төр иргэндээ үйлчилдэг, хүний эрхийг дээдэлдэг төр байхын тулд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нэгэн түүхийг бас бичиж чадсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.