Шуудхан хэлье. Монгол Улсад төрийн өмчийн их дээд сургуулийн нэрийг дээрэмддэг, газрыг дээрэмддэг, барилга байшинг нь нураадаг бусармаг “СЭХЭЭТНИЙ ЭСРЭГ ДАЙН” аажуухнаар тогтоод удаж буй. Үүний нэгэн жишээ бол 90 жилийн түүхтэй ууган их сургуулийнхаа нэрийг Боловсролын сайд нь хувийн сургуулийн захиралд “БЭЛЭГЛЭЧИХСЭН” будлиантай үйлдэл үүссэн. Монгол Улсын Их сургуулийн нэрийг Ё.Отгонбаяр гэгч сайд Үндэсний их сургууль гэх хувийн сургуульд өгчихсөн баримт нь бий. Ядаж байхад яр гэгчээр "Боловсролын яамны 100 жилийн ой" давхцаж байна.
Дараагийн жишээ нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн дөрөвдүгээр байр буюу үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургуулийн байрыг байрыг нурааж, газар дээр нь Боловсролын яам шинэ байр барих төлөвлөгөө буюу нүгэлийн нүдийг цаасаар хуурсан арга явдаж байна. Наанаа Боловсролын үнэлгээний төвийн барилга гэж байгаа ч цаад агуулгаар нь яам 100 жилийнхээ ойн дээр ШИНЭ БАЙРТАЙ болох гээд үзээд байгаа явдал юм. ШУТИС-ийн ҮТС-ийн багш ажилчидтай уулзах үеэрээ БШУ-ний төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ч “Бид 100 жилийнхээ ойгоор ядаж шинэ байртай болмоор байна” хэмээн ярьсан гэдэг. Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г. Ганбаяр ШУТИС-ийн хичээлийн IV байрын газрыг чөлөөлөх тухай тогтоол гаргаад багш, оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй анх тулгарсан.
Гэтэл Боловсрол, Шинжлэх ухааны сайд өөрөө: “15 тэрбум төгрөгийг эрсдэлд орууллаа” хэмээн ярих, БШУЯ-ны удирдлагууд “Яагаад яам өөрийн байртай байж болохгүй гэж? Яам зуун жилийн ойгоороо байртай болох нь тийм буруу зүйл үү?” хэмээн матрын нулимс унагах нь үнэндээ “хошин шог”. Харин ч энэ асуудал босч ирснээр ач холбогдолгүй үрэх гэж байсан ард түмний мөнгийг, цар тахлын хэцүү энэ үед төсвөө хамгаалан авч үлдлээ гэж харж байна. Хуулиа сахих, мөрдүүлэх учиртай төрийн байгууллага (улс төрчид ба удирдлагууд) нь өөрөө хууль зөрчих гэж байсныг ил болголоо гэж үзэж байна.
Улсынхаа томоохон их сургуулийн хичээлийн байрыг нурааж газар дээр нь 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж санаархсан БШУЯ ёс зүйн асуудлаа эргэн харах цаг болжээ! Харин хэрэв багш, оюутнуудын тэмцэл үр дүнгүй болж БШУЯ хүссэндээ хүрвэл энэ нь хамгийн муу жишгийг тогтооно. 200 багш, 2000 оюутан тэмцэх биш харин төрийн өмчит бүх их, дээд сургуулийн профессор багш нар, оюутнууд, эцэг эхчүүд нэгдэх хэрэгтэй. Эс тэгвээс тэд танай сургуулийн үүдийг тогшиж, газар чөлөөлөх бичиг гардуулна, таны хүүхдүүд улсынхаа нийслэлд суралцах орон зайгүй болно.
Төгсгөлд нь хэлэхэд, төрөөс төрсөн тэрбумтанууд, авилгачдын хүүхдүүд төрийн өмчит сургуулиудад суралцдаггүй. Бага хүүхдүүд нь өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад суралцаж, том хүүхдүүд нь гадны их, дээд сургуулиудад татвар төлөгчдийн мөнгөөр суралцдаг жишиг хэдийн тогтсон. Тиймээс, Монголын боловсролын асуудал бол улс төрчдийн биш, харин эгэл иргэн БИДНИЙ асуудал, энэ улсын ИРЭЭДҮЙН эрх ашиг юм шүү!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин