“УЛС ТӨРИЙН ХҮЛЭМЖ”-ИНД БОЙЖООГҮЙ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
Г.Золбаяр
Нийтлэл
/
2021-06-07

Ардын хүү

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс хойшхи манай улсын гучдахь, гучин нэгдэх Ерөнхий  сайд юм. Тэрээр Монгол Улсын түүхэнд ийнхүү хоёр ч удаа Ерөнхий сайдын албыг хашсан эрхэм. Цаашдаа ч улс төрд уулсын оргилд улам улам авирсаар оройд нь гарах хүн гэсэн хандлага нийгэмд бий.

Чигч шулуун зантай, цэгц манлай тавилантай энэ хүн 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн ч уг гарлаараа Хэнтий аймгийн уугуул гэгддэг. Аавынхаа угшлаар Сүхбаатар аймгийнх юм билээ. Таван хүүхэдтэй айлын гуравдахь хүү. Энгийн нэгэн амьдралтай жолооч аав, ээжийн гэр бүлд өссөн хөвгүүн долоон настайгаасаа аавынхаа өвөр дээр сууж жолоо мушгиж үзсэнээ дурсдаг. Ээж Цэнд нь Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд ачааны машин, талхны дөрвөлжин тэрэг ч жолоодож байсан цэргийн ахмад цолтой офицер хүн аж. Ээж нь машиныхаа дугуйг сольчихоод ганцаараа өргөөд машиныхаа ар талд шидчихдэг байсан гэнэ. Хүүхэд насандаа Мартын наймнаар ээждээ хоол хийж өгч нэг баярлуулсан бол төрийн түшээ болчихоод очиход ээж нь бас нэг баярласан байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт амьдардаг түүнд Сүхбаатар гэдэг үг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон гэх.

Д.Сүхбаатар ба У.Хүрэлсүх

Их жанжин Дамдины Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1985 онд төгсөж, 1989 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Өнөөгийн Ерөнхий сайдыг Их жанжин Сүхбаатарын ээж, Цагаан дээлт Дамдины гэргий Хандын төрөл садны хүн гэх яриа ч байдаг юм.

Үзэл санаа ба итгэл үнэмшил

У.Хүрэлсүхэд монгол эр хүний гүндүүгүй, шулуун шударга зан, ил цагаахан сэтгэл илэрч байдгийг нийгэм даяараа мэднэ. Тэр Ардын намыг ядарч явахад улаан цээжээрээ өмгөөлж хамгаалан, толгойдоо алчуур зангидан тэмцэж явсан. Үүнийг Монголын ард түмэн сайтар мэднэ. Энэ бол хэр баргийн хүнээс гарахгүй эр зориг, хүн чанар.  Зарим улс төр судлаачид энэ зан чанарыг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэнгийн гаргаж байсан түүхэн алхмуудтай адилтгах гээд байдаг. Гэвч, Хүрэлсүх сайдын замналаас хүн чанарын, ухаанаас нь монгол эр хүний жудаг цадиг яах аргагүй анзаарагдаад л байдаг. Үүний хамгийн энгийн жишээ нь төрийн түшээгийн зөөлөн суудлаа огт юм бодсон шинжгүй шилжүүлчихээд амьдралын түшиг ханийнхаа эрүүл мэндийг хамгаалахаар явж байсан зоримог үйлдэл. Тэр бас Ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийнхөө саналаар огцорсон. Түүний өмнөх үйлдлийг Японы монгол судлаач Кимура Аяако “УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзсан нь Монголын улс төрд ёс зүйг авчирсан” гэж үнэлсэн удаатай. Харин сүүлийнхийг нь оньсого гэхэд хаашаа... Улс төрийн нэг төрлийн поло наадаад байх шиг.

“Улс төрийн хүлэмж”-инд бойжоогүй эр

Түүнийг анх улс төрийн халуун тогоонд МАХН-ын дарга Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр нар оруулж ирсэн гэлцдэг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “У.Хүрэлсүхийн улс төрд хөл тавьсан цаг мөчөөс хойшхи улс төрийн амьдрал манай орны цаг агаар адил эрс тэс, хүйтэн ширүүн, гантай, зудтай, хүнд өнгөрлөө. Энэ он жилүүдийг У.Хүрэлсүх халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, журмын нөхдийн хамт тууллаа. Тэрээр Монголын улс төрд хүлэмжинд тарьсан цэцэг шиг бусдаар арчлуулж, тордуулж ургасангүй ээ, улс төрийн нүүр нүдгүй балбах цасан шуурга, мөсөн мөндөрт тэсвэр заан цохиулж, өөрөө ургасан улстөрч” гэж хэлсэн.

Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн Ардын намын дарга

Тэрээр 1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн байдаг. Ардчилсан хувьсгалын дараагаас 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал, 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч гээд ажил амьдралын шатаар дандаа өгссөн графиктай. 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн гээд намтрын товчоонд нь бичээстэй буй. Залуус олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, нам нам солин тэлээ хурга шиг гүйж байсан тэр үед У.Хүрэлсүх шиг Ардын намдаа үнэнч, бас шударга залууг түүхийн шалгуураар олж харахад бэрх л байсан. Энэ бол түүний хувь заяаны тэнгэрлиг нэгэн харгуй. Тэр өөрөө энэ тавилангаараа бахархдаг эсэхийг мэдэхгүй ч хожим хойчийн олон олон залууст үлгэр дууриал болох нь дамжиггүй.

Хүнээ, Монгол хүнээ хайрлах

У.Хүрэлсүх “Улс төр гэдэг давалгаатай их далай дунд сэлүүрээ чанга атгаад тэмцэж явна даа” гэж өгүүлсэн удаатай. Тиймээс тэрээр: -“Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ. Сэтгэлийн тэнхээгүй хүн улс төрд ороод хэрэггүй” гэж залууст захидаг аж. Түүний хэлсэн үгс афоризм болох нь бий. “Монголд одоо хувьсгал хэрэггүй, хувьсал хөгжил л хэрэгтэй” гэснээ “2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал бол терроризм. Монголчууд бид цөөхүүлээ. Нэгнээ хайрлаж байх хэрэгтэй” гэж өгүүлсэн байх юм.

МАН ба манлайлал

Хэнтий нутагтаа анх УИХ-д нэр дэвшиж “Иж планет-3” мотоцикль хөлөглөн айл айлаар орж өөрийнхөө сурталчилгааг хийж давхисаар анх гишүүнээр сонгогдсон түүхтэй. Тэрбээр МАХН-ын хамгийн хүнд үед намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж байв.  2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүж, М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн нь улс төрийн бас л нэгэн сонин үзэгдэл болсон түүхтэй.

Ухнаагийн Хүрэлсүх зөвхөн улстөрчийн хувьд ч залуусын туг болж яваагүй. Түүнийг “Харли Давидсон” гэсэн моторт хөлөг унаад давхиж явсныг тухайн үеийн залуус мэднэ. У.Хүрэлсүх цаг үеэ мэдэрч Монгол Улсынхаа нутаг дэвсгэрээр бүтэн тойрч, намынхаа дэргэд үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болох Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо буюу одоогийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоог үүсгэн байгуулалцаж, чухал цагт ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. Тухайн үед У.Хүрэлсүх дөч гаруй мянган залуусыг намдаа нэгтгэж чадсан юм. Өдгөөгийн НАМЗХ нь МАН-ын доторх олон нийтийн залуучуудын хамгийн том байгууллага болж чадсан. НАМЗХ шиг монгол орон даяар 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэгт салбар нэгжтэй залуучуудын үндэсний хэмжээний томоохон байгууллага байхгүй. Энэ бол У.Хүрэлсүхийн одоогийн МАН-д оруулсан бас нэг том гавьяа гэж хэлж болно. Үеийнхэндээ түүчээ нь болж үлгэрлэн манлайлна гэдэг тэр бүрий хүнд олдохгүй л хувь тавилан. Залуу нас өөрөө мөнхийн хөдөлгөөнд оршдог жамаар Хүрэлсүхийн залуу нас зөв үйлийн туг нь байсан гэж хэлж болно. Спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой ийм улстөрч ховор. Шинэ үеийн залуусыг түүчээлж 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтоо сонгогдож ард түмэндээ тэр үнэлүүлсэн. Тэр ийн төр түшилцэхдээ 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд гэсэн Засгийн газрын гал тогооны ажлыг хариуцсан.

Цагаа олсон ухамсарын шанаа

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж байсан. У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  үеэр  Г.Баярсайхан гишүүнийг салаавч гаргалаа хэмээгээд Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө шанаадсан түүхтэй. Үүнийгээ “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй. Өнөөдрийн үйл явдлын төлөө би та бүхнээс уучлал гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” хэмээн тайлбарлаж байв. Энэ бүхнийг улс төрийн тогоонд цүнх бариад гүйдэг хүн хийгээд байдаггүй үйлдэл. Хэрвээ Эзэн богд Чингис хааны үед Хүрэлсүх төрсөн байлаа гэхэд чухам л Мухулай жанжин, Зэв, Сүбээдэй, Боорчийн нарын тэр үнэнч, шударгуу, Монгол төрийнхөө төлөө зүтгэдэг занг өвлөн авч, хүчин зүтгэсээн гэсэн үг. Тиймдээ ч түүнийг Нэгдсэн Үндэстний байгууллагаас Монгол Улсын “Манлайлагч төрийн түшээ” өргөмжлөлийг хүртээсэн байж таарна.

Шадар сайд, Ерөнхий сайдаар тус тус 2 удаа томилогдов

У.Хүрэлсүх 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд, 2016-2017 онд дахин Монгол Улсын Шадар сайд, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын даргаар сонгогдон ажиллаж байна. 2016 оны долоодугаар сард хоёрдахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд таван санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болсон. Тэрбээр “Шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай, луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн.

Төрийн ажлыг та мэддэг юм уу, эсвэл

эхнэр чинь мэддэг юм уу...

Ухнаагийн Хүрэлсүх улстөрчийн хувьд их сонин фигур. Нэгэн цагт Монголын хаан гэгдэж явсан Н.Энхбаяртай талбар голохгүй үздэг хүн тухайн үеийн МАХН-д У.Хүрэлсүхээс өөр байгаагүй. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх үед гэргий Ононгийн Цолмон нь ажилд нь ихээхэн оролцдог байсан тухай улс төрийн хүрээнд яригддаг. У.Хүрэлсүх тухайн үед “Төрийн ажлыг та мэддэг юм уу? Таны эхнэр чинь мэддэг юм уу?” хэмээн Н.Энхбаяраас асууж бөөн шуугиан дэгдээгээд, утсаа салган алга болж байв. Н.Энхбаяр “Хүрэлсүх минь, чи зурагт үзэж байгаа бол гараад ир ээ, би чамайг яах ч үгүй” гэж хүртэл мэдэгдэл хийж байсан удаатай.

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа буюу одоогоос 14 жилийн өмнө  “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт нэр холбогдож байв. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа парламентын гишүүн шүүхээс ял сонссон гишүүн болжээ. Уг хэрэгт  Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар холбогдсон түүхтэй. Ерөнхий сайдын чихийг хамгийн их халууцуулдаг хэрэг бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэг. 2016-2019 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая төгрөг, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон. Хуучин парламентын нэр бүхий 49 гишүүнээс  гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр нь ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Тэр үед тэрээр “Би аав, ээжээс тавуулаа. Том ах минь тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явдаг. Эгч маань ч бас тэтгэвэртээ суусан. Одоо Солонгос улсад ажиллаж амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа. Хар залуугаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Үнэхээр Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй явдаг” гэж хэлж байсан. Үнэхээр тэр ЖДҮ-чин ахан дүүстэй байсан бол ингэж зоригтой дуугарч чадахгүй байх байсан  уу? Энэ бол бас л сонирхолтой асуулт. Хэнийх нь зөвийг цаг хугацаа харуулах биз.

“Тусгаар тогтнолын ордон”

 2020 оны долоодугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг дахин улираан Монгол Улсын 31 дэх Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилоод байгаа. Заримдаа У.Хүрэлсүх дэндүү зоримог алхмуудыг хийдэг. Тэр ажлаа хийж чадахгүй байгаа сайд дарга нарыг дэлгэцийн өмнө загнана. “Ямар ч хэрэггүй далдгануур дарга нар авч явахаар ганц сэтгүүлч аваад явчихвал ард түмэнд хэрэгтэй мэдээлэл хүргэх биш үү” гэж адарна. Ард түмэнд түүний энэ шударга зан таалагдах нь бий. Намын генсекийн ажлыг аваад хамгийн түрүүнд хийсэн томоохон ажил нь 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр шатаагдсан МАН-ын байрыг бүтээн босгох гэж мэдэгдэж байлаа. Түүний энэ амлалт ч биелж Тусгаар тогтнолын ордон сүндэрлэж боссон.

Ерөнхий сайдын зангараг

Корона вирусийн цар тахал дэлхийг бүрхээд байгаа энэ цаг үед түүний зоримог шийдвэрийн ачаар л гуравхан сая хүн амтай монголчууд барьц алдчихгүй байгаа гэж түмэн олон ам сайтай байгаа. Түүний удирдсан Засгийн газар цар тахлын эрсдлээс сэргийлж бүх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын 26 хувийн шимтгэлээс зургаан сар чөлөөлөх, иргэдийн цалин хөлснөөс зургаан сар орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авахгүй, борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн ААН-ийн ажилтан бүрт долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг Ажилгүйдлийн даатгалын сангаас олгоно, ноолуурын үнийг тогтвортой байлгах зорилгоор дотоодын компаниудад гурван хувийн хүүтэй тэрбум төгрөгийн зээл олгоно, хүүхдийн мөнгөн дээр сар бүр арван мянган төгрөг нэмж олгоно, шатахууны үнийг литр 300-400 төгрөгөөр бууруулна гэх мэт шийдвэрүүдийг гаргасан. “Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр 2021 оны долдугаар сар хүртэл  хариуцах, нийтдээ 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаргаж байгаа”-г Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн.  Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь монгол төрийн өмч болсны ач тус гэж олон түмэн үнэлсэн. Олны үг ортой гэдэг.

Анхдагч нь хэн бэ

У.Хүрэлсүхийн зоримог занг хүмүүс цэргийн сургууль төгссөнтэй нь холбож “Дунд тушаалын жирийн нэг офицер. Путиныг сүүдэрлэн дууриагч” гэх мэтээр ойлгох нь бий. Гэвч, тэр бол зөвхөн цэргийн сургуулийн бүтээгдэхүүн биш ард түмнийхээ дундаас төрсөн учраас амьдралын зовлон бэрхшээл, алив бүхнийг тийн гадарлаад буй мэт санагддаг. Тэр ч бүү хэл улс төрийн өрсөлдөгчид нь “Бронзовый топор” гэх мэтээр өөчилж, гоочлох гэж оролдоно. Орчин цагт дунд сургуулийн сурагчид ч ийм гэнэн үгэн тоглоомоор тоглохоо больсон. Тэрээр бусад шиг ард түмнээсээ тасарчихсан цагаан захтан лав биш.

Түүний гэргийг Болорцэцэг гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ханиа аюулт өвчин туссан үед дэргэд нь байснаараа тэр хүн чанартай хүний хань гэдгээ баталсан. Амьдралын жаргал зовлон дунд тэд хоёр сайхан охидын аав ээж болсон Монголын нэгэн гэр бүл. Цэвэр ариун бодолтой хүүхдүүдтэй ажилладаг ханиа тэрээр “Бурхадуудтай ажилладаг хүн” гэж урам хайрладаг байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багш нарын зовлонг би сайн мэднэ. Миний эхнэр багш мэргэжилтэй. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан үе бий. Багш, эмч нарын асуудалд анхааралтай хандах ёстой” гэж хэлж байсан. Японы Эзэн хааны хурим цайллагад гэр бүлийн хүнээ дагуулаад даруухан монгол дээлтэй очиж буй нь дэлхийн алдартай сонин хэвлэлд гарч л байсан. Монгол хүн монгол дээл хувцсаа өмсөөд очиход чухам юу болохгүй байх билээ. Харин ч жинхэнэ Монгол гоёл гэж түүнийг л хэлнэ дээ.

-“Задарсныг засаглана, Ядарсныг өргөнө, гүйцээ...”

Өнөө цагт Ухнаагийн Хүрэлсүх гэж ийм нэг удирдагч төрсөн нь монголчуудын түүхийн ямархан бахархал болохыг бид хэлж мэдэхгүй. Ямартай ч тэрээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй л аавын хүү. Түүний хийсэн бүтээснийг төрөөс үнэлж 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 2007 онд Алтан гадас одонгоор, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан. Түүний Монгол Улсын 31дэх Ерөнхий сайдаар томилогдох өдрөө УИХ-ын чуулган дээр хэлсэн үг Монгол Улсын ирээдүйн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах, бас түүнтэй хариуцлага тооцох нэг хөшүүрэг болох нь тодорхой. Тэрээр “Манай ард түмэн төр барих дээд эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх сонголтыг хийлээ. Монголын ард түмэн тогтвортой улс төр, тогтвортой төр засагтай байх нь улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний амьдралд илүү чухал гэж үзэж байгаа нь энэ сонголтоос тод харагдаж байна. Гадаад талд ч энэ нөхцөл байдал бас мэдрэгдэж байна. Сонгуулийн маргааш гэхэд л олон улсын зах зээл дээр манай улсын хувьцааны үнэ ханш өссөн нь төр засаг, төрийн бодлого тогтвортой байхын чухлыг нотлон харуулж байна. Энэхүү сонгууль нь Ардын хувьсгалын 100 жил, Ардын Намын 100 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа түүхэн онцлогтой юм. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өрийг төлнө. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилт бол “Импортлогч улсаас экспортлогч улс болох, нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болох, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлэх, хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах юм” гэж илтгэсэн. Тэрээр мөн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна” гэсэн. Энэ нь ч бодитоор хэрэгжиж байх шиг байна.

У.Хүрэлсүх ба соёл

Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна гэснээ ямар ч байсан үйл хэрэг болгосон. Энэ бодлогынхоо хүрээнд Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сан зэрэг түүх, соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгахаа амласан.

Таримал бус төрмөл У.Хүрэлсүх

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амны уншлага шахуу нэг үг бий. Тэр бол “Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хэрэгтэй” гэсэн ардын зүйр үг. Хүн бүхэн энэ үгийн үнэн цэнийг мэдрээд, амьдралдаа хэрэгжүүлээд явчихвал Монгол Улс хөгжинө гэж хэлэх дуртай. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Ухнаагийн Хүрэлсүхийн тухай “Тэрээр гар хөлөө хүлүүлж, алтан амгай зуусан нэгэн байсангүй” гэсэн нь шударга үнэн үгээ ил тод хэлдэг, үзэл бодлоо тодорхой илэрхийлдэг, шуналын бирд болоогүй хүн гэсэн өргөн агуулгатай дүгнэлт биз ээ. Ухнаагийн Хүрэлсүх санасандаа хүрч чаддаг, сарвайснаа атгаж чаддаг хүн. Улстөрийн хүлэмжинд бойжоогүй таримал биш төрмөл улстөрч Ухнаагийн Хүрэлсүхээс чухам ямархан мэх гарахыг ирээдүй цагт даатгая даа.

ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД түүхэн ном төслөөс бэлтгэв. Улстөрч агентлаг 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.76.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.