МАН-ын дараагийн дарга, Ерөнхий сайд ХЭН БОЛОХ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-10

100 жилийн түүхтэй эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах болзлоо хангалаа. Тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжинэ. Ингэснээр тэр УИХ-ын гишүүн биш, Ерөнхийлөгч болно. Намын гишүүнчлэлээсээ ч татгалзана. Тэгэхээр эрх баригч намын бүдүүн бүлэг дунд НАМЫН ДАРГА болох “зодоон” эхэлнэ. Энэ намын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гээд заачихсан. Тэгэхээр нэлээд хүчтэй, бяртай, мөнгөтэй суудлын төлөө У.Хүрэлсүхийн дараагийн залуучууд өрсөлдөнө, арсалдана.

ХУВИЛБАР НЭГ: МАН-ын дарга болох мөрөөдөлтэй хүн бол өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр Засгийн газрын 100 хоногийн тайлангаа тавихдаа энэ санаагаа ил гаргасан. Тэглээ ч одоо Ерөнхий сайдын алба хашиж байгаа учраас намын дарга болоход тийм ч төвөгтэй биш байх. Гэвч намынх нь ахмадууд түүнд дургүй байна. Нялх Сэнгүм гэгчээр л энэ намыг хааш нь ч, юунд ч хутгаж мэднэ гээд болгоомжилж байна. Туршлага, зангараг арай дутна гэж харж байна.

ХУВИЛБАР ХОЁР:  Улстөрд олон жил амжилттай яваа, МАН-ын дараагийн дарга, Ерөнхий сай болох хувилбар бол өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар. Түүнд эрх мэдэл багадаагүй ээ... Гэхдээ намынхаа нөхдүүдийн учрыг олж, хужрыг тунгаахад асуудалтай байгаа учраас НАМЫН ДАРГА, Ерөнхий сайдын сэнтийд санаархаж яваа гэлцэх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар Ерөнхий сайд нь урьдийнхаасаа ч илүү хүчтэй, мөнгөтэй болсон албан тушаал. Г.Занданшатар өмнө нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан туршлагатай нэгэн.

ХУВИЛБАР ГУРАВ: Шинээр гэнэт нам дотроос хүчтэй гарч ирэх дүр бол одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Тэрбээр М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хүчтэй, нөлөөтэй, туршлагатай улстөрчдийн баруун гарын шадар цэргээр зургаан жил ажилласаны хувьд чамгүй туршлага хуримтлуулсан. 2020 оны УИХ, ОРОН НУТАГ, 2021 оны ЕРӨНХИЙЛӨЧГИЙН СОНГУУЛЬ гээд гурван томоохон сонгуульд намаа чадварлагаар удирдаж, зөв менежмент, стратегийг найруулж чадсан. ЖДҮ- сангийн зээлээс болж шалаар нэг унаад байсан нэр хүндээ ялалтаар буцаан сэргээж чадсан. 1980 оны төлөөлөл. Ирээдүйтэй улстөрч гэж танигдсан. Засгийн газрыг Тусгаар тогтнолын цагаан ордноос удирдаж байгаа эрхэм.

ХУВИЛБАР ДӨРӨВ: МАН гэх том хүчийг НИЙСЛЭЛД удирдаж яваа хүн бол хотын дарга Д.Сумъяабазар. Ц.Сандуйгийн унагаж шороотой хольсон 60 тэрбумын булхайтай нийслэлийн намыг тэр авч, ялалт байгуулсан эрхэм. Засгийн газарт сайд ч байж үзсэн. Намын дарга нь Ерөнхий сайд байдаг МАН-ын одоогийн дүрмээр бол хотын намын дарга нь шууд дэвшээд төв нам, улмаар Засгаа удирдах ч боломжтой. Михайлд нэг бодол бий гэгчээр мань эрд ч бас жижигхээн мөрөөдөл бий л байх. Мөнгөтэй газар ирсэн тэрбээр одоо дараагийн шатны албан тушаалын бэлтгэлдээ орж ч магад юм.

ХУВИЛБАР ТАВ: Нэрт улстөрч Санжийн Баяраас  Ардын намын тамгыг гардаж аваад МАХН- нь гэсэн нэрнээс Х үсгийг нь салгасан хүн бол Сүхбаатарын Батболд. Ардын намын дарга байхдаа хийсэн ганц том гавьяа бол өнөөгийн их ялалтын үүдийг нээсэн явдал. Тийм ч учраас одоо нам доторх өөрийн байр сууриа бэхжүүлэх, бизнесээ цэцэглэн хөгжүүлэх зорилгоор МАН-ын дараагийн даргад дахин хүч үзэж мэдэх шаанстай эр. Нам дотроо ч бүлэг дотроо ч хүчтэй, нөлөөтэй түүнд залуучууд нь л намын даргын эрх мэдэл өгөхгүй гэж гөжүүдэлж мэднэ. Тэрнээс бол түүний өмнө ногоон гэрэл асаалттай.

Энэ хэд бол зөвхөн урьдчилсан таамаг төдий бөгөөд эцсийн шийдвэрийг МАН-ын бага хурал, УЗ, ИХ ХУРАЛ шийднэ. Эсвэл Ерөнхийлөгчийн болзол хангаад У.Хүрэлсүх ч ганцхан хүний нэр заагаад шийдчихэж болно. Гэхдээ арай тэгэхгүй байх. Ямартай ч МАН сүүлийн 12 жил тасраад байсан Ерөнхийлөгчийн эрх мэдлээ 100 жилийнхээ ойгоор буцаан авч, бүх эрхийг улстөрийн ганцхан хүчинд төвлөрүүлж, нийтэд СОЦИАЛИЗМИЙГ СУРТАЛЧИЛСАН арга барилаа дахин сэргээж эхэллээ. Хэрхэхийг ТЭНГЭР МЭДНЭ биз ээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.