Х.Баттулгад барьж буй МАН-ын бэлэг буюу Х.Нямбаатарын санаачилсан ХУУЛЬ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-22

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын хамгийн хүчтэй “дайсан” нь аж. Тэд бүрэн эрх нь дуусаж байгаа хүнийг дахин улстөрд оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй байх бүхий л аргыг сүүхэйчилж, элдэв хуулийн заалт сэдэж, бичиж байгаа аж.  Түүний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулга юм.

Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноос хойших цөөнгүй зүйлийг хязгаарласан байна. Тодруулбал Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно гэж заасан нь шууд утгаараа хууль хэрэгжиж эхэлбэл Х.Баттулгад үйлчлэх заалт юм. Ингэснээр түүнийг дахин улстөрд ороход нь саад тээг болох гэсэн оролдлого юм.

Хууль зүйн сайд ч үүнийгээ чуулганы танхимын хуралдаанд хэлж байсан удаатай. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх үед “Манай яам Ерөнхийлөгчийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Энэ цаг үед та бүхэн ийм шийдвэр гаргасан. Бид 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл бичиж байна. Учир нь Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд зааснаар хуулиар олгож болно гэсэн байгаа” хэмээж байв. Тэгвэл тэрбээр хэлсэндээ хүрчээ.

Х.Нямбаатар сайд нэгэнтээ “Ерөнхийлөгчийн зөвлөхүүд шүүгч нарыг Төрийн ордны гурван давхарт дуудаж хэн нэгэнд ял өгдөг байж болохгүй” хэмээн хэлсэн. Энэ үеэс эхлэн тэр хоёрын харилцаа муудсан хэрэг. Уг нь Монгол Улсын хоригдлын тоог цөөлье гэх зэрэг чухал ажлууд ярьж байсан ч суудлаасаа бууж байгаа Х.Баттулгыг Х.Нямбаатар сайд шууд түлхэхээр нэг мөсөн шийджээ.

Өмнөхийг эндээс уншина уу 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.166.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.