Тэр ирсэн шигээ ХҮЧТЭЙ байсаар буцлаа
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-24

Төрийн их ажилд нухлагдсан муу хүүгээ хараад ижий нь л их баярлах байхдаа хөөрхий! Тэр угаас ээждээ үе үе очиж гийгүүлдэг. Ээж нь мөнгөн аятай сүүтэй цай, өөхтэй хавирга, бууз хийгээд угтдаг. Маргааш ч бас тэгж л угтана даа...

Тэр...

Монголын ард түмний ард түмний сонголт, тав дахь Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халмтаагийн Баттулга бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа ХАМГИЙН ТОД МӨР үлдээж, ЗОРИГТОЙ ШЙИДВЭР гаргаж, түүнийхээ хэрээр өөрийн боломжоо бусдад хаалгасан ТОМ ГАВЬЯАТАЙ, ТОД УЛСТӨРЧ  байсаар албан үүргээ дуусгалаа.

Улстөрд орж ирэхээсээ л шуугиантай, дуутай ирсэн тэрбээр МОНГОЛ ТӨРИЙН ХАСБУУ ТАМГЫГ дөрвөн жил атгалаа. Маргааш дараагийн Ерөнхийлөгчдөө тамгаа өгөөд төрийн их ажлаас түр зуур амсхийнэ.

Тэр төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Монголчуудын Үндэсний үзлийг сэргээж, эх орноо хамгаалах, Монгол хүн эх орныхоо алт эрдэнэсийн эзэн мөн гэдгийг бүрэн илэрхийлэх чухал ач холбогдол бүхий онцлог үйл ажииллагааг санаачилж хэрэгжүүлсэн нь ХЯТАД хөрөнгө оруулагчдын гарт байсан Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд буцаан авч чадсан явдал. Газрын зурагт ч тэмдэглэгдээгүй жижигхэн ордын хөрөнгөнөөс Монголын төр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлж, нурууг нь амраалаа. Анхны санал санаачилга нь эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаас л эхтэй. Хамгийн сүүлд тэрбээр түүх, соёлын их өв болсон НОЁН уулыг Төрийн тахилгатай болгож, ахиж ашиг хонжоо хайсан алтны магнатууд ухах аргагүй болгож төрийн дансанд бүртгэлээ.

Төр...

Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Монголчуудын ТӨРД ИТГЭХ ИТГЭЛ нэмэгдсэн. Олон жил бугшсан МАНАН дэглэмийг чөлөөлж, шударга бусын хонгил гэгчийг нураах ажлыг эхлүүлэв. Улмаар МАНАН дэглэмийн гол толгойлогчдын нэг хэмээгддэг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах материалыг өөрөө тэврэн прокурорт аваачин өгөв. М.Энхболд тэргүүтэй хамтрагч нарыг нь улстөрөөс шахан гаргав. Энэ улс эзэнтэй, хуультай гэдгийг сануулж, дүн өвлийн хүйтэнд 30 мянган иргэнийг төв талбайд цуглуулж, ШУДАР ЁСЫГ нэхлүүлж, сэргээв. Хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг сольж, жинхэнэ ёс горимын дагуу ажиллах боломж олгов. Монголын ард түмнээс сонгогдсон цор ганц төлөөлөгчийн хувьд ард түмнийхээ талд байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөх ажлын хэсгийг ахлав.

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд элдэв эрх мэдэл, албан тушаалаасаа татгалзах Ерөнхийлөгчийн зарим чиг үүргийг хориглосон хуулийн төсөлд толгой дохин дэмжиж, зөвшилцөлд хүрэв. Монгол улсын Үндсэн ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЁСЧЛОН БАТЛАМЖИЛЖ гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Монголын хууль ийм л байх ёстой. Тэр ч энэ хуулийн дагуу ажлаа өгч, амралтаа авч, ээждээ очиж гийгүүлэх нь... Угаас хүн бүхний хамгийн түрүүн очих эрхэм хүн бол төрүүлсэн ижий аав. Энэ ч утгаараа төрийн их ажлыг хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсний дараа ижийдээ ирж гийгүүлэх нь тодорхой. Ер нь төрсөн аав ээжийн дэргэд амрах бол сэтгэл тайвшрах хамгийн сонгодог арга гэдэг. Энэ нь түүний хувьд эрч хүчээ сэргээх, тархиа амраах, дараагийн ажлаа бодох, бизнесээ сэргээх, биеийн тамираа хөгжүүлэхийн өмнөх чухал мөч. Тамирчин хүн үүнийг эрх биш сайн ашиглана биз.

Төмөр зам...

Сүхбаатарын Батболдын Засгийн газрын үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа сэдсэн ажил нь ТӨМӨР ЗАМ тавих байв. Энэ санаагаа эхлүүлж, УИХ-аар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг батлуулсан бол Ерөнхийлөгч байх хугацаандаа тэр ажил хэрэг болгож, үүндээ Зэвсэгт хүчний дайчдыг ажиллуулж Монголчууд хэний ч тусламж дэмжлэггүйгээр их бүтээн байгуулалтыг хийж чаддаг болохыг харууллаа. “Шинэ төмөр зам” төслийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна. Энэ бол түүхэн амжилт. Монгол төрийн тусгаар тогтнолын нэг хэсэг хэмээн тодотгож болох юм. Нийт 6,000 гаруй км төмөр замын үндэсний сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шат болох “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор бүтээн байгуулагдлаа. 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажилласны илэрэл. Үүний цаана улс оронд хэрэгтэй том төсөлд улстөрийн хар санаа тусахгүй бол яаж түргэн шуурхай, амжилттай бүтэж болдгийг харууллаа. Өнөөх 280 сая долларын овоолсон шороо чинь өнөөдөр илчит тэрэг хүнгэнэн давхих уртын урт зам болжээ.

“Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” тэргүүтэй үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10 мянга гаруй хүн, 3 мянган хүнд даацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ.

Тар...

Өмнөх үеийн Ерөнхийлөгч нараас тэр арай өөр харизмтай. Түүнийгээ хадгалсан үзэл бодолтой. Тэр П.Очирбат гуайн эхлүүлсэн эдийн засгийн хямралыг зогсоох гэж, Н.Багабанди гуайн өөгшүүлсэн төрийн хүнд суртлыг халах гэж, Н.Энхбаярын цэцэглүүлсэн авлигыг таслах гэж, Ц.Элбэгдоржийн байгуулсан хонгилыг нураах гэж ИХ ҮЗЛЭЭ.

Энэ хүрээнд 100 жилийн их ойгоо нижгэр тэмдэглэж, зузаан зуаан мөнгө тараасан эрх баригч намыг ганцаараа сөрж, ТАРААХ ТУХАЙ ЗАХИРАМЖ гаргасан явдал нь МАН-ыг сөрсөн сөрөг хүчин болов. Ихэнх хуульчид түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг хийлээ, эрх мэдлээ хэтрүүллээ гэх мэтээр шүүмжилж байсан ч тэр өнөөг хүртэл МАН-ыг тарах ёстой гэсэн бодолдоо үнэнч хэвээрээ байгаа.

Учир нь өнөөгийн эрх баригч нам дэндүү увиагүй, хэтэрхий бярлахсан шинтэй үйлдэл удаа дараа гаргаж, төрийн эрхийг мөнгөөр үнэлэн худалдан авах гэсэн оролдлого хийсэн юм. МАН доторх шударга гишүүд ч мөнгөнтэй, хүчтэй намынхаа бодлогыг сөрж чадахгүй дотроо уйлж байхад тэр ил цагаан хэлж, эрх баригчдыг тэвдүүллээ. Гэхдээ МАН засаглаж байгаа энэ цаг үед тарах нь юу л бол. Гэхдээ энэ бол тэдэнд өгсөн том сануулга болсон нь баараггүй.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо гэх мэтээр эрх баригчдыг НҮҮРЭН ДЭЭР НЬ ШҮҮМЖИЛЖ  МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАР гэж хэлж чадлаа.

Шагнал...

 Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж. Тэр нэгэн цагт дуудаж, Ерөнхий сайдад захиалж гаргаж ирсэн хамтрагчдаа тохиролцооны дагуу тамгаа өгчихөөд албанаасаа буух гэж байна. Төрд ирэхдээ тэр их л дуу шуугиантай ирсэн шигээ буцахдаа ч бас ширүүхэн мордож байна.

Монголын төрд шинэ жишиг тогтоож, бүрэн эрхт хаан бус бусдын адил шүүмжлүүлэхдээ шүүмжлүүлж, шагнуулахдаа шагнуулж тохирохдоо тохирч, тоглохдоо тоглож байгаад албаа өндөрлөв. Түүний харимзмийг хамгийн тодоор илтгэсэн үйлдэл бол хүнийг н олж шагнал өгөх. Аугаа их Б.Лхагвасүрэн, Б.Шарав, Н.Жанцанноров гуай нарт олгосон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолыг хэрэгтэй үед нь амьд сэрүүнд зүүж өгөв. Олон сайхан ээжүүдэд эхийн алдар одон гардуулж, тэр чинээгээрээ олон ээжийн дэмжсэн сэтгэлд хөлбөрч яваа. Сүүлд ТӨМӨР ЗАМЧДАА төр өндөр хүндэтгэл олгосон нь нүдээ олов. Хамгийн товчхондоо Х.Баттулга Ерөнхийлөгч байсан нь өөрөө түүхийн хувьд ШАГНАЛ болж үлдэх нь...

Ээлжийн амралтаа аваад, ээждээ очихоор явж буй Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай өгүүлэхэд ийм байна. Тэр энэ төрд ТОМ ГАВЬЯА байгуулж, ТОД МӨР үлдээлээ. Ерөнхийлөгчийн албаа дуусгасан Ерөнхийлөгч хэвээр үлдэх түүний улстөрийн их зам цаашид ч үргэлжилнэ. Ямар ч гэсэн түүний байгуулсан гавьяа ҮНЭЛЭГДЭХ ЦАГ ИРНЭ... гэхдээ арай Д.Бодоо шиг 100 жилийн дараа лав биш байх...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.